Европ дахь Монголын Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбооны Ерөнхийлөгч, Монгол банкны Лондон дахь төлөөлөгчийн газрын Захирал Д.Энхжаргалын санаачилга тусламжтайгаар Монголын Нягтлан Бодох Бүртгэлийн Хүрээлэнгээс Ашигт Малтмалын Газар, Монголын ACCA төгсөгч оюутнуудын холбоотой хамтран уул уурхайн нягтлан бодогч нарт зориулан 2 үе шаттай хэрэгжих сургалтыг Улаанбаатар, Лондон хотод зохион байгуулахаар бэлтгэж байна.
Монголын эдийн засагт уул уурхайн салбар чухал үүрэг гүйцэтгэж байгаа өнөө үед тус салбарын бүртгэл мэдээллийг сайжруулах нэн тэргүүний шаардлага байгаа бөгөөд тус салбарын санхүү бүртгэлийн ажилтнуудын дийлэнх нь эмэгтэйчүүд юм. Иймээс уул уурхайн салбарт ажиллаж байгаа нягтлан бодогчдод тухайн салбарын болон үнэт цаасны зах зээлийн нягтлан бодох бүртгэлийн шинэ дэвшилтэт мэдлэг олгох, цаашлаад уул уурхайн салбарын ил тод, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэхэд туслах нь сургалтын үндсэн зорилго юм.

Төслийн 1-р шат Улаанбаатар хотноо 1-р сарын 21, 22 өдрүүдэд болох бөгөөд дэлхийд нэр хүнд бүхий 4-н том Аудитын компанийн нэг болох Прайс Уотер Хаус Куперс Аудит ХХК-ны Монгол дахь салбарын захирал хатагтай Каролин Кларк хамтран ажиллаж уг 2 өдрийн хичээлийг өөрийн компанийн сургагч багш нараар заалгах юм.

Одоогийн байдлаар, сургалтанд 45 хүн бүртгэхээр төлөвлөснөөс хол давж 60 гаруй хүн хамрагдахаар бүртгүүлсэн нь энэхүү сургалтын хэрэгцээ шаардлага өндөр байгааг харуулж байна. Иймээс цаашид энэ сургалтыг тодорхой давтамжтайгаар үргэлжлүүлэн явуулж, 500 гаруй уул уурхайн компанийн нягтлан бодогч нарыг хамруулах төлөвлөгөөтэй байна.

Хоёрдугаар шат нь 2013 оны эхний хагаст багтаан хэрэгжих бөгөөд Англи улсын Лондон хотод зохион байгуулна. Энэ сургалтаар уул уурхайтай холбоо бүхий Английн хэд хэдэн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж туршлага судлах юм.

Төслийн 2-р шатыг эхний сургалтанд оролцогчдын хүсэлт саналыг судалсны үндсэн дээр Прайс Уотер Хаус Куперс, Лондонгийн хөрөнгийн бирж, Лондонгийн металлын бирж, Европын Сэргээн Босголтын Банк, Английн томоохон банкнууд, хөрөнгө оруулалтын сан зэрэг байгууллагуудад хамтран ажиллах, Рио Тинто компанид ивээн тэтгэгч байгууллагаар ажиллах хүсэлт тавин хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Энэхүү сургалтын талаар сонирхож буй байгууллагууд Монголын Нягтлан Бодох Бүртгэлийн Хүрээлэнгийн https://www.mains.mn/ болон 50005598, 99963691 дугаарын утсаар лавлана уу.

Ерөнхий зохион байгуулагч:

Европ дахь Монголын Эмэгтэйчүүдийн ХХ
Монгол Банк
Монголын Нягтлан Бодох Бүртгэлийн Хүрээлэн
АССА

Leave a comment