Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбоо нь 2012 онд Лондон хотноо байгуулагдсан цагаас хойш Европын холбооны улсууд болон бусад улс орнуудад ажиллаж, амьдарч буй бизнес эрхлэгч монгол эмэгтэйчүүдийг дэмжин өөр хоорондоо бизнесийн нэтворк үүсгэх, бизнесийн туршлагаасаа солилцох, хамтран ажиллах боломж бололцоог бүрдүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг Оны шилдэг эмэгтэй шалгаруулах үйл ажиллагааны үеэр бизнес форумыг зохион байгуулж эмэгтэйчүүдийн үүрэг ролийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж ирсэн.
Бизнес форумыг анх 2015 онд Бельгийн Вант Улсын Антверпэн хотноо “Европ дахь Ази эмэгтэйчүүд”, 2016 онд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хотноо “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд”, 2017 онд Бүгд Найрамдах Франц Улсын Парис хотноо “Ногоон бизнес дэх эмэгтэйчүүд”, 2018 онд Бүгд Найрамдах Польш Улсын Варшав хотноо “Эрүүл мэндийн салбар дахь эмэгтэйчүүд”, 2019 онд Шведийн Хаант Улсын Стокхолм хотноо “Боловсрол, шинжлэх ухаан, инновац дахь эмэгтэйчүүд”, 2020 онд “Ковид 19-Бидний амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ” сэдвээр онлайнаар, 2022 онд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лондон хотноо “Тогтвортой хөгжил ба эмэгтэйчүүдийн оролцооны ач холбогдол” сэдвээр тус тус зохион байгуулж тухайн салбарын нэр хүндтэй илтгэгч нарыг урьж оролцуулан санал бодол, туршлагаа солилцож байв.
Энэ удаагийн бизнес форумыг Монгол Улсын Засгийн газраас 2023, 2024, 2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан аялал жуулчлалын салбарыг цар тахлын дараа эргэн сэргээх, хөгжүүлэх, уг салбарт гарч буй шинэ чиг хандлага, бодлого, сорилт бэрхшээл, даван туулах арга зам, боломж, туршлага тэдгээрт эмэгтэйчүүдийн оруулж буй хувь нэмэр зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх зорилготой. Түүнчлэн “Монголд зочлох жил”-ийн хүрээнд тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд эмэгтэйчүүдийн оруулж буй хувь нэмрийг тодотгох, Монгол Улсын аялал жуулчлалын салбарын хөгжилд оруулж буй Турк улс болон бусад улс орнуудын туршлагаас харилцан солилцох болно.
Бизнес форумд Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Турк Улсын Соёл, аялал жуулчлалын яам, Монгол Улсаас Турк Улсад суугаа Элчин сайдын яам, Монгол Улсаас Турк Улсын Истанбул хотод суугаа Ерөнхий консулын газар, Худалдаа, аж үйлдвэрийн танхимууд, бусад улс орнуудын аялал жуулчлалын салбарт ажиллаж буй нэр хүндтэй байгууллагуудын төлөөлөл оролцож туршлагаасаа хуваалцана.
Дэлгэрэнгүй хөтөлбөрийг доорх линеээр орж харна уу.

Бизнес-форумын-хөтөлбөр-монгол

Business-forum-program-english

Бизнес-форумын-хөтөлбөр-230526 оролцогчдын нэрстэй

Leave a comment