DSC_2707

Европ дахь Монгол эмэгтэйчүүдийн хөгжлийн холбооны Ерөнхийлөгч үүсгэн байгуулагч Данзанбалжирын Энхжаргал

2014 оны 5 дугаар сарын 31-ний өдөр

Лондон хот

Эрхэм хүндэт зочид оо!

Та бүхэнд энэ сайхан өдрийн мэндийг хүргэж, Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбооны хамт олны нэрийн өмнөөс Эх үрсийн баярыг тохиолдуулан аз жаргал, эрүүл энх, энэ ертөнцийн хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе!

Манай эмэгтэйчүүдийн байгууллага, жил бүр Европ дахь шилдэг Монгол-эмэгтэйчүүдийг шалгаруулах ёслолын үйл ажиллагааг Лондон хотноо уламжлал болгон зохион байгуулсаар өнөөдөр гурав дахь жилийн ойгоо тэмдэглэж байна.

Европын өнцөг булан бүрээс шилдэг тэргүүний эмэгтэйчүүдээ нэр дэвшүүлэн, тэдний хийж бүтээсэн ажил үйлс амжилт бүтээлийг, олон нийтийн хүртээл болгон, цаашдын хийж бүтээх, зорьж хүрэх үйлсэд нь урам зориг хайрлан, Монгол эмэгтэйчүүдээрээ бахархах, гайхуулах, сурталчлах зэргээр тэднийгээ улам хүчирхэг болгоход тус нэмэр болж байгаадаа баяртай байна.

Бид энэ үйл ажиллагаагаараа ололт амжилтыг магтахын зэрэгцээгээр манай нийгэмд оршиж байгаа жигшмээр муухай үзэгдлийн нэг болох хүүхдийн-эмэгтэйчүүдийн-гэр бүлийн хүчирхийлэл байсаар байгааг олны сонорт хүргэх, энэ асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, хүчирхийллийг бууруулж устгах, түүнд хандив хөрөнгө цуглуулах буяны ажлыг хийж байна. Бид гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар жилд 2-3 удаа олон нийтийн ажил зохиодог уламжлалтай.

Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нь гэр бүлийн хүчирхийллийн эсрэг олон улсын аянд нэгдэж байгаагаа Нэгдсэн Үндэсний байгуулага дээр энэ оны 3 дугаар сарт болсон Эмэгтэйчүүдийн аж байдлын талаарх хуралд илгээснийг гадаадад ажиллаж амьдарч сурч байгаа Монгол эмэгтэйчүүд бид сайшаан дэмжин хүлээн авсан.

Бидний урилгыг хүлээн авч хүндэт зочноор оролцохоор Эрүүл Мэндийн сайд Н. Удвал бэлтгэж байсан боловч харамсалтай нь ажлын шаардлагаар Лондонд ирж амжихгүй болсноо мэдэгдээд бидэнд мэндчилгээ ирүүлснийг хүлээн авч баярласнаа бид хэлэхийг хүсч байна. Мөн Чех улс дахь эмэгтэйчүүдийн “ Нэг Үе” хамт олон биечлэн оролцох боломжгүй байгаад уучлал хүсээд видео мэндчилгээ ирүүлсэнд Та бүхний өмнөөс баярласнаа илэрхийлье! Өнөөдөр Монголоос бидэнд баяр хөөр бэлэглэхээр МУГЖ дуучин Г. Эрдэнэбат бидний урилгаар хүрэлцэн ирээд байгааг талархан хүлээн авна уу?

Монголын төлөө цохилох зүрхтэй хүмүүс энд хуран цугласанд маш их баярлаж бахархаж байна. Иймээс та бүхнийг бидэнтэй сэтгэл санаагаа нэгтгэн дэмжиж ирсэнд дахин баярласнаа илэрхийлэхийн сацуу өнөөдрийн үйл ажиллагаанаас сэтгэл хангалуун буцна гэдэгт найдаж байна.

Монголын үрс олон болтугай!

Сайн үйлс дэлгэрэх болтугай!

Баярлалаа

 

Comments(01)

  1. Otgon 2014/06/08

    Manai bagiin tamirchin busguichuudiig shalgaruulan hundetgel uzuulsen ta buhend chin setgeleesee bsyarlalaa.Bagiin gishuun Otgoo

    Хариулах

Leave a comment