892060_370760819705749_2078957819_oЛондон дахь Монгол банкны Төлөөлөгчийн газрын Захирал Д.Энхжаргалын санаачилгаар Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбооноос (ЕМЭХХ) Монголын Нягтлан Бодох Бүртгэлийн Хүрээлэн (МНББХ) болон Монголын АССА суралцдаг оюутнуудын салбар холбоотой хамтран зохион байгуулсан “Дэлхийн Санхүүгийн Захаас Хөрөнгө Босгох нь” сэдэвт сургалтын 2 дугаар үе шат ИБУИНВУ-ийн Лондон хотноо 2013 оны 4-р сарын 3-5 ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэхүү сургалтын 1 дүгээр шатны сургалт Улаанбаатар хотноо МНББХ дээр ПрайсвотерхаузКүүпэр фирмийн Монгол дахь салбар хариуцсан захирал Хатагтай Каролин Кларкийн дэмжлэгтэйгээр 2013 оны 1 дүгээр сард болсон юм. Сургалтын эцсийн зорилго нь бизнесийн салбарын эмэгтэйчүүдийн гадаад харилцааг өргөтгөх, уул уурхайн салбар дахь нягтлан бодогчдын мэдлэг чадавхыг сайжруулахад тусалж, үр дүнд нь уул уурхайн илүү нээлттэй ил тод байдлыг хөгжүүлэхэд дэм үзүүлэхэд оршиж байлаа. Уул уурхайн ил тод байдал нь Монгол улсын эдийн засгийн хөгжилд, цаашилбал авилгал, байгалийн баялгийн хараалаас ангид байхад чухал ач холбогдолтой билээ.

logo last

Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбоо нь 2011 онд Европийн орнуудад ажиллаж амьдарч байгаа бизнес эмэгтэйчүүдийн үүсгэл санаачлагаар Лондонд байгуулагдсан. Монгол эмэгтэйчүүдийн нийгмийн амьдралд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх, Европ, Британи, Монголын эмэгтэйчүүдийн хооронд бизнес холбоо сүлжээг бий болгон бизнесийн амжилт гаргахад нь туслах, тэдний амжилтыг нийгэмд таниулан сурталчлах, хөгжүүлэх зорилготой ажилладаг.

mainslogo (1)Монголын Нягтлан Бодогчдын Холбоо нь төрийн бус, нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн байгууллага. 2009 онд Гавьяат эдийн засагч Проф, Доктор Л.Дондог үүсгэн байгуулсан. 1100 гишүүнтэй. Удирдах зөвлөл нь төр, бизнес, үүсгэн байгуулагчдын төлөөллөөс бүрдсэн 9 гишүүнтэй бөгөөд нягтлан бодогчдод зориулсан нарийн мэргэжлийн сургалт, гарын авлага болон зааварчилгаа гаргах, төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд мэргэжлийн зөвлөгөө өгөх үйл ажиллагаа явуулдаг. www.mains.mn

ACCA logoМонголын АССА суралцдаг оюутнуудын салбар холбоо нь 2012 онд ашгийн бус зорилгоор байгуулагдсан. Холбоо нь АССА-ээр суралцаж байгаа болон суралцаж төгссөн оюутнуудад зориулсан арга хэмжээ, энэхүү мэргэжилтэй холбоотой мэдлэг мэдээллээ солилцох, болон Олон Улсын НББ-ийн болон Аудитын Стандартын хэрэгжилтэд өөрсдийн хувь нэмрээ оруулахад чиглүүлдэг.

Энэхүү сургалтын төслийн хүрээнд Монголоос ирсэн уул уурхайн чиглэлээр ажиллаж байгаа санхүүгийн ажилтнуудад олон улсын нэр хүнд бүхий банк, санхүү, нягтлан бодох, аудит, хуулийн байгууллагуудын өндөр мэргэжилтэй, удирдах ажилтнуудаар сургалт өгүүлснээс гадна дэлхийд тэргүүлэх зэрэгтэй хөрөнгийн болон металлын биржүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцуулах боломжийг олгов. Мөн нэр бүхий байгууллагуудаар зочилж, дэлхийн санхүүгийн зах зээлээс хөрөнгө босгоход шаардлагатай мэдээлэл зөвлөгөөг үнэ төлбөргүй өгүүлсэн нь чухал ач холбогдолтой болов. Үүнд хөрөнгө оруулалтын Стандард Чартерэд банк болон Европын Сэргээн Босголт хөгжлийн Банк, санхүүгийн болон аудитийн үйлчилгээ үзүүлдэг ПрайсвотерхаузКүүпэр, Клайд энд Ко хуулийн фирм, Лондонгийн Хөрөнгийн болон Металлын Бирж, уул уурхайн Рио Тинто байгууллагуудаар зочлууллаа.

903288_370751283040036_662929351_oЛондон, ХонгКонг болон Мумбайн хөрөнгийн биржэд хувьцаагаа арилждаг, хөрөнгийн хэмжээгээрээ FTSE-100-ийн эхний 20-д ордог, 68 улсад 1700 салбараар дамжуулан хөрөнгө оруулалтын банкны үйлчилгээ үзүүлдэг Стандард Чартерэд банкнаас сургалт эхэлсэн. Тус банкны уул уурхайн гүйцэтгэх захирал Марк Самнэр, Монголын төслийг хариуцсан захирал Бэн Стойкович нар уул уурхайн төслийг хэрхэн санхүүжүүлдэг, ялангуяа зээлийн санхүүжилтийн талаар сургалт явуулсан. Тус банк нь хайгуулын ажлын төгсгөл шатанд байгаа байгууллагуудад, олон улсын стандардын дагуу нөөц нь тогтоогдсон тохиолдолд зээл санхүүжилтийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд аудитаар баталгаажуулсан тайлан, компанийн зохистой удирдлага, төсөл ашигтай нь нотлогдох ТЭЗҮ-тэй бол ямар ч Монголын компанитай хамтран ажиллах сонирхолтойгоо илэрхийлсэн. Долларын зээлийн хүү нь жилд ЛИБОР ( Банк хоорондын зээлийн олон улсын захын хүү 0,2-0,7%) дээр 2-6 хувийг төслийн эрсдлээс хамааран нэмж тогтоодог гэлээ.

Сургалт аяллын хоёр дахь өдөр хөрөнгийн хэмжээгээрээ уул уурхайн салбартаа дэлхийд 2-т ордог, 40 оронд 77 мянган ажилчидтай Рио Тинто Группийн SONY DSCЛондон дахь төвт зочилов. Рио Тинто Групп нь хөргөн цагаан, зэс, очир эрдэнэ, эрчим хүч, төмрийн хүдэр олборлолтоороо дэлхийд тэргүүлдэг бөгөөд 2012 онд 9.3 тэрбум долларын орлоготой ажилласан нь Монголын дотоодын нийт бүтээгдхүүний хэмжээтэй тэнцэхүйц юм. Рио Тинто Группийн Зэсийн салбарын санхүүгийн гүйцэтгэх Захирал Ровина Албонез уул уурхайн шинэ тутам байгуулагдсан Монголын компаниудад хэрхэн өөрсдийгөө том хөрөнгө оруулагчдад ашигтайгаар сурталчлах, хувьцааг амжилттай гаргах стратегийн талаар зөвлөгөө өгөв. Бас хувьцаа гаргахад анхаарах асуудлууд, мөнгөн хөрөнгийн зохистой удирдлагын ач холбогдол, хөрөнгө оруулалт, зээлийн зэрэглэлийн тогтвортой түвшинг хадгалах, хувьцаа эзэмшигчдэд төлөх ногдол ашиг болон шинэ хөрөнгө оруулалтын хооронд зохистой хуваарилалтыг хийхэд санхүүгийн албаны ажилтнуудад тулгардаг зовлонг хэрхэн гатлах талаархи оролцогчдын асуултуудад илэн далангүй хариулж харилцан ярилцсан нь сургалтыг илүү үр дүнтэй болгосон юм.

904373_370760279705803_1116571333_oСургалтын аяллын нэг онцлог нь Лондонгийн Хөрөнгийн Биржийн арилжаа эхлэх ёслолын ажиллагаанд оролцон, арилжаа эхлэх үйл явцтай газар дээр нь танилцах байв. Лондонгийн Хөрөнгийн Бирж нь дэлхийн санхүүгийн зах зээлийн төв бөгөөд 2000-2011 онд зөвхөн уул уурхайн компаниуд л гэхэд тус бирж дээр 70 орчим тэрбум долларын хөрөнгө босгож чадсан байна. Хэдийгээр дэлхийн санхүүгийн хямралтай байсан ч 2012 онд 878 сая долларын хөрөнгийг уул уурхайн хөрөнгө оруулалтад босгожээ. Биржийн бизнес хариуцсан Захирал Сара Кадмен болон Монголын талыг хариуцсан бизнесийн хөгжлийн газрын дарга Аюуна Начаева нар Лондонгийн хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргахад тавьдаг шаардлагууд, түүнийг хэрхэн мөрдөх талаар дэлгэрэнгүй танилцуулга хийснээс гадна, хөгжиж байгаа орнууд тухайлбал Монголын уул уурхайн шинэ тутам компаниудын хувьцаа гаргах нөхцлийг харьцангуй хөнгөлсөн “AIM” захын шаардлагууд, түүнийг хэрхэн мөрдөх, хувьцаа гаргахад бэлтгэх хугацаа, үйл явц, хөрөнгө оруулалтын банк, аудитын болон хуулийн зөвлөх компаниудыг хэрхэн сонгох, хөрөнгө оруулагчдад таниулан сурталчлах ажлыг хэрхэн гүйцэтгэх зэргээр уул уурхайн шинэ компаниуд хувьцаагаа амжилттай гаргах гол зарчим стратегийн талаар заав. ЛХБ-н “AIM” зах дээр Петро Матад Монголын компани хувьцаа гаргаснаас гадна Монголын орд газрыг түшиглэн гадаадын 2 ч компани хөрөнгө амжилттай босгосон гэлээ.

images (3)Прайсвотерхауз Күүпэрс нь аудит, татвар болон санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг дэлхийн шилдэг 4 аудитын байгууллагуудын нэг бөгөөд дэлхийн 159 оронд 180 мянган ажилтантайгаар үйл ажиллагаа явуулдаг. 2010 онд Монголд салбараа нээсэн. Тус байгууллагын Ахлах партнер Филип Тью, санхүүгийн зах хариуцсан Захирал Катя Кузнецова, Менежер Анар Кубикпаева нар олон улсын санхүүгийн зах зээлээс хөрөнгө босгоход нягтлан бодох бүртгэлийн талаас юуг голчлон анхаарах ёстой, хувьцаа гаргах болон зээлийн санхүүжилтээр хөрөнгө босгохын ялгаа зэрэг сэдвээр сургалт, ажил хэрэгч зааварчилгааг өгсөн.

Үүний дараа европийн олон улсын хөгжлийн банкуудын нэг болох Европийн Сэргээн Босголт Хөгжлийн банк(ЕСБХБ )-ны удирдах төв байгууллага дээрSONY DSC зочилсон. ЕСБХБ нь Төв болон Зүүн Европийн орнуудыг зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийг дэмжих зорилгоор 64 улс, Европийн Холбоо болон Европийн Хөрөнгө Оруулалтын банкны санаачлагаар 20-иод жилийн тэртээ байгуулагдсан байна. Монгол улс тус банкны хувьцаа эзэмшигч бөгөөд МСиЭс, Магнай Трэйд, Алтайн хүдэр зэрэг олон байгууллагуудын төслийг санхүүжүүлэхэд тус банк оролцжээ. 2012 онд 8.9 тэрбум еврогийн хөрөнгийг 390 төсөлд, 1991 оноос хойш 3600 гаруй төсөлд 78 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Байгалийн нөөц ашиглалтын газрын тэргүүлэгч банкир Ана Бэрэнгуэл-Антэр, Адам Хорвард тус банкнаас олгодог зээлийн ерөнхий нөхцөл, хөрөнгө оруулалтын хэлбэрүүдийн тухай, компанийн засаглал болон үйл ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор техникийн туслалцаа үзүүлдэг талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж тус банкнаас зээл хөрөнгө оруулалт авахад тэдэнтэй эсхүл Улаанбаатар дахь салбарт хандах, гэхдээ ямар нэг хүснэгт загварын дагуу өргөдөл гаргуулах шаардлага байдаггүйг онцлон дурьдсан юм. ЕСБХБ нь төслүүдөд хөрөнгийг оруулахдаа нийт төслийн өртгийн 25 хүртэл хувьд оруулдаг бөгөөд хөрөнгө оруулалт зээлийн зэрэглэлээр ААА үнэлгээтэй тул бусад арилжааны банкууд тэдэнтэй хамтран ажиллаж хөрөнгө оруулах таатай орчинг бий болгодог байна.

Энэ удаагийн аялал сургалтын бас нэг сонирхолтой байгууллага нь Лондонгийн Металлын Бирж (ЛМБ) байсан. Тус бирж суурь металл, хөнгөн цагаан, зэс, цайр зэрэг дэлхийн металлын худалдаа арилжааны 80%-ийг хийдэг гол төв бөгөөд 2012 онд 11.6 их наяд долларын 2.8 тэрбум тонн металлын 120.3 сая багц худалдаа хийжээ. ЛМБ-ийн Сургалт, маркентингийн захирал Катерин Маркей металын бүтээгдхүүний дэлхийн зах зээлийн ерөнхий хандлага, зэс болон бусад металлын дэлхийн зах зээлийн үнийг хэрхэн тогтоодог талаар сургалт явуулсан. Мөн сургалтын төгсгөлд ЛМБ дээр арилжаа хэрхэн явагдаж байгаа болон арилжаа хаагдах үеийн үйл ажиллагааг үзүүлж сонирхуулсан нь Лондонгийн хөрөнгийн биржээс ялгаатай өөр гэдгийг харуулав. ХАА-н биржийг Монголд байгуулахад тус биржийн туршлагаас судлах нь зүйтэй юм.
SONY DSC SONY DSCХөтөлбөрийн бас нэг зорилго нь гадаадын хөрөнгийн бирж дээр мөнгө босгоход хуулийн зөвлөх компани зайлшгүй хөлслөн авч ажиллуулах шаардагатай тул дэлхийн олон оронд ялангуяа хөгжиж байгаа орнууд тэр тусмаа Монголд үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаа Их Британийн хамгийн том хуулийн байгууллагуудын нэг Клайд энд Ко хуулийн фирм-тэй танилцах явдал байв. Клайд энд Ко нь 270 партнер, 1400 хуульч, 2350 ажилтантайгаар 30 оронд үйл ажиллагаагаа явуулдаг. Тус фирмийн партнер Пилип Рожерс, ахлах хуульч Илдико Жэргэли, хуульч Б. Алтансувд зэрэг уул уурхайн салбараар дагнасан хуулийн баг олон улсын санхүүгийн зах зээлээс хөрөнгө босгоход хууль эрх зүйн талаар зөвлөгөө өгөхдөө хувьцаа шинээр гаргаж байгаа байгууллагуудын нийтлэг дутагдал алдаа нь компанийн засаглалыг зохистой бүрдүүлэхгүй байх, бусдын өмнө хүлээсэн үүргийн талаархи мэдээллийг хуулийн зөвлөхдөө дутуу мэдээлснээс эрсдэлд орох, бие даасан хөндлөнгийн захирлуудыг төлөөлөн удирдах зөвлөлд сонгоогүй зэрэг үндсэн зөрчлүүдийг гаргахгүй байх талаар цохон дурдаад суралцагсдын асуултад хариулж харилцан ярианы хэлбэрээр зохион байгуулсан нь сургалтыг хүнд илүү наалдацтай болгосон.
SONY DSC

Сургалтын явцад Их Британид суралцаж байгаа оюутнуудаас мөн хамруулсан нь Монголын уул уурхайн байгууллагуудтай танилцуулахаас гадна дээр дурьдсан олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хөрөнгө оруулалтын банк, санхүүгийн болон хуулийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудтай танилцуулах боломж олгосон, бас дадлага туршлага олох завшааныг өгснөөрөө сургалтын бас нэгэн давуу тал байсан юм.

SONY DSC

Энэ удаагийн сургалт нь ЕМЭХХ-оос эмэгтэйчүүдийн мэдлэг чадавхыг дээшлүүлэх, бизнесийн салбарын харилцаа холбоог нэмэгдүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг “Бизнест Монгол Эмэгтэйчүүд” цуврал арга хэмжээнүүдийн нэг байлаа. Европ дахь эмэгтэйчүүдийн Холбооны дараагийн үйл ажиллагаа нь жил бүрийн 6 сарын 1-нд эх үрсийн баярыг тохиолдуулан уламжлал болгон Европ дахь Монгол эмэгтэйчүүдийн дунд зохион байгуулдаг “Оны Шилдэг Эмэгтэй-2013” үйл ажиллагаа бөгөөд бэлтгэл ажил хийгдэж байна. Оролцох сонирхолтой хүмүүс энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://www.admwe.org/mon/ цахим хуудаснаас үзнэ үү.

Leave a comment