Дам Стефанитай хамт

„1930-аад оны сүүлээр улс төрийн байдал эвгүйтэх шинжтэйг урьдаас мэдэрсэн еврей эцэг эхчүүд аюул багатай гэдэг үүднээс Англи руу хүүхдүүдээ явуулж байсан цаг. Гитлерийн үзэн ядалт, аллагаас амь мултрахын тулд ойролцоогоор 10000 хүүхэд ийнхүү галт тэргээр зугтсаныг хожим „хүүхдийн тээвэрлэлт“ гэж нэрлэсэн байдаг. Тэдний нэг болж тэр л гал тэргээр би Вена хотоос таван настайдаа эцэг эхээсээ хагацан анх Лондонд ирж билээ… Тухайн үед зөвхөн эрчүүдийн талбар гэж болохоор байсан програм хангамжийн салбарт би 1962 онд хамгийн анхний эмэгтэй захиралтай компанийг Англид нээж, түүндээ хүүхэдтэй эмэгтэйчүүдийг ажиллуулан, ажил мэргэжлээрээ ахин дэвшихэд нь тус дэм үзүүлдэг байлаа… Үүнээс гадна, миний хүү аутизм өвчний оноштой байсан юм. Байнгын асаргаанд байсан хүү минь гэнэт нас барахад амьдрал хоосорчихшиг л болсон. Тэгээд би аутизмтай хүмүүст туслах сан байгуулснаас хойш маш олон буяны ажилд хандив өргөжээ…“ хэмээн английн алдарт бизнес хатагтай „Стив Шерли“ буюу Дам Стефани амьдралынхаа сэтгэл хөдөлгөм түүхээс хуваалцаад, „Ямарч нөхцөлд зорьсоноо биелүүл!“ гэсэн уриагаар Кембриж хотноо зохиогдсон 2015 оны Дэлхийн эмэгтэйчүүдийн наадам WOW-ыг нээсэн юм.

Жил бүр 3 дугаар сарын 1-8-ны өдрүүдэд зохиогддог энэхүү наадамд эмэгтэйчүүд ололт амжилтаа тэмдэглэхээс гадна нийгэмд тулгарч буй асуудлуудыг хэлэлцдэг. Тиймээс уг наадам эмэгтэйчүүдийн амжилт бүтээлийг олны хүртээл болгон таниулахаас гадна эмэгтэйчүүдийн, охидын эрх тэгш байдлыг хангахад зориулсан Их Британын хамгийн том бөгөөд хамгийн чухал баяраар хүлээн зөвшөөрөгддөг байна. Энэ наадамд Европ дахь Монгол эмэгтэйчүүдийн хөгжлийн холбооны ерөнхийлөгч, хатагтай Д. Энхжаргал тэргүүтэй холбооны гишүүд оролцсон юм.

ЕМЭХХ-ны ерөнхийлөгч Д. Энхжаргал, тэргүүн А. Одонтуяа

ЕМЭХХ-ны ерөнхийлөгч Д. Энхжаргал, тэргүүн А. Одонтуяа

Орон орны эмэгтэйчүүд хэдэн зуун зуунаар тоологдох цаг хугацааны туршид харилцан адилгүй нийгмийн амьдралыг туулсан ба бэрхшээл хүндрэлээс хамааран өөрсдийн эрх тэгш байдлыг олон янзаар тодохойлон, түүнийхөө төлөө тэмцэж ирсэн. Одоо ч тэмцсээр буй.

Баруун Европт эмэгтэйчүүд банкинд данс нээлгэх, ажилд орохын тулд эр нөхрөөсөө зөвшөөрлийн бичиг авдаг байсан 1960-аад оны үед Стефани Шерли өөрийн компанитай хамт эрэгтэйчүүд давамгайлсан мэдээллийн технологийн салбарт зоригтойгоор хүч түрэн орж ирсэн юм. Ямартаа л эрчүүдийн бизнесын хүрээнд орохын тулд тэрбээр Стефани нэрээ эрэгтэй хүний нэрээр өөрчилж, Стив болгож байх вэ дээ. Түүний амьдрал бол тухайн үеийн эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь ямар байсны, юуны төлөө тэд тэмцэж байсны тод жишээ билээ.

WOW наадамд улс төр, эдийн засаг, эрүүл мэнд, урлаг, спорт, загвар, бизнес, боловсрол, шинжлэх ухааны салбарт гялалзаж яваа эмэгтэйчүүд тэргүүтэй 300 хүн илтгэл тавьж, 20,000 гаруй хүн оролцож, тоглолт, хошин шоу, семинар, лекц, мэтгэлцээн гэх мэт 200 гаруй арга хэмжээ зохиогдов.

Английн нэрт загвар зохион бүтээгч Катрин Хамнет гурван залуу загвар бүтээгч

Английн нэрт загвар зохион бүтээгч Катрин Хамнет гурван залуу загвар бүтээгч

Наадамд оролцогсдын дунд бидний „Урагдсан, цайруулсан жийнс“ гэж нэрлэдэг жийнсэн өмд, „military look“ загварыг анхлан урласан английн нэрт загвар зохион бүтээгч Катрин Хамнет байсан бөгөөд түүний хамтрагч гурван залуу загвар бүтээгч „Ёс зүйтэй хувцаслалтыг бий болгож фэйшнээр дэлхийг өөрчлье“ хэмээн уриалсан нь олны сэтгэлд ихээхэн хүрсэн юм. Энэхүү урианы амьд үлгэр жишээ болсон Катрин Хамнет бол улс төрийг загварын ертөнцтэй холбосон нэгэн. 1983 онд тэрбээр „Message-T-Shirts“ /Мэссежтэй цамц/ бүтээж худалдаанд гаргасан нь урьд хожид үзэгдээгүй, хүмүүст нэгийг бодогдуулсан, цоо шинэ хэлбэрийн улс төрийн тэмцэл байв. „Tомоор сэтгэ“, „ Энхтайван“ гэхчлэн хар өнгийн бэхээр тод бичсэн ёс суртахуун, нийгэм, улс төрийн уриа лоозон бүхий цамц нь худалдаанд гармагц маш ихээр борлогджээ. Maдонна, Mик Жаггер зэрэг нэрт дуучид, хамтлагууд түүний үнэнч үйлчлүүлэгчид байлаа. 1984 онд Wham хамтлаг Wake Me Up Before You Go-Go дууны клипэнд „ Амьдрлыг сонго“ гэсэн бичигтэй цамц өмссөн нь түүний „мэссежтэй цамцыг“ дэлхий даяар нэрд гарахад нөлөөлсөн аж.

Катрин Хамнетийг дэлхийд нэрд гаргасан мессэжтэй цамц

Катрин Хамнетийг дэлхийд нэрд гаргасан мессэжтэй цамц

Катрин Хамнетын Английн ерөнхий сайд асан Маргарет Тэтчертэй уулзахдаа „58% Don’t Want Pershing“ буюу „58% першинг пуужингийн эсрэг“ гэсэн бичигтэй цамц өмссөн нь түүний оргил үе буюу олон улсын анхаарлыг татсан үйл явдал болсон юм. Хүйтэн дайны гэгдэх 1980-аад оны үед тэрбээр эмэгтэйчүүдтэй хамтран цөмийн зэвсгийн эсрэг хөдөлгөөнд идэвхтэй тэмцэж байсан XX зууны загварын мартагдашгүй үйл хэргүүдийн нэгээр тодорсон байдаг.

Катриний загварын ертөнцөд оруулсан шинэчлэлүүдийг, тодруулбал үйлдвэрлэлд байгалийн гаралтай материал хэрэглэх, хүний биед хоргүй будаг ашиглах, ажлын байрны нөхцөл нь хүнлэг байх зэрэг ёс суртахууны жишгийг өнөөдрийн залуу загвар зохион бүтээгчид бизнесийнхээ зорилгын нэг хэсэг болгон ажиллаж, этик философитой брэндын хувцас моодонд орж, энэ цагийн залуучуусын хувцасны чиг хандлагыг тодорхойлох болжээ.

Тэдгээр загвар бүтээгчид, худалдан авагчдийн энэхүү этик үзэл бодол, хөгжлийн хандлагыг хараад Монголд маань ер нь ямар төвшинд байгаа билээ гэх бодол өөрийн эрхгүй төрж билээ. Харамсалтай нь, өнгө мөнгийг илүүд үзэж, ямар нэгэн „чухал“ брендийн бичиг хаа нэг газар нь хадаастай л бол хаанаас яаж орж ирсэн, хаана үйлдвэрлэгдсэн нь чухал биш гял цал хувцсаар гоёсон хүмүүсийн дүр төрх хамгийн түрүүнд орж ирсэн юм.

Уг нь эмэгтэйчүүд тэгш эрхийн төлөөх тэмцлээ өөрсдөөсөө эхэлбэл илүү учир утгатай мэт. Хямд биш, харин хамгийн ёс зүйтэй үйлдвэрлэгдсэн хувцас сонгож өмсвөл энэ нь үйлдвэрлэлийн ажлын нөхцөлийг хүнд ээлтэй байлгахад өөрийн зүгээс оруулж буй үнэтэй хувь нэмэр бөгөөд эмэгтэй хүн бүрийн хийж чадах эхний алхам болов уу. Учир нь, хямд хувцасны цаана „хямд“ ажлын хөлс, нөхцөл оршиж бий. Тэгтэл үйлдвэрүүдэд ихэвчлэн бүсгүйчүүд ажилладаг шүү дээ… Монголдоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ авбал монголын загвар бүтээгчид болон тэр салбарын ажилчдаа дэмжих юм. Амьдралын тойргоор миний хийсэн үйлдэл таны амьдралд, таны хийсэн үйлдэл миний амьдралд эргээд нөлөөлдгийг мартаж боломгүй.

Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг сэдэвт хурал

Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг сэдэвт хурал

Эмэгтэйчүүд өөрсдөө хийж чадах өөрчлөлт дэвшилтүүдийн хажуугаар нийгмээрээ нийлж хөдлөх хэрэгтэй нэг асуудал бол гэр бүлийн хүчирхийлэл. Энэ нь WOW наадмын хамгийн эмзэг сэдэв байсан бөгөөд Ньюнхэм коллежийн захирал Карен Ингала Смитийн хэлснээр гэр бүлийн хүчирхийллээс болж нас барсан эмэгтэйчүүдийн тоо жилээс жилд өсч байгаа гэнэ.

Энэ наадамд оролцсон Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбооны тэргүүн, хатагтай А. Одонтуяа гэр бүлийн хүчирхийллээс өөрийгөө болон үр хүүхдээ аврахын тулд нөхрийнхөө аминд хүрээд шоронд хүүхэдтэй байгаа монгол эмэгтэйчүүд цөөнгүй тухай яриа дэлгэсэн. / Түүний илтгэлийг дараагийн дугаарт бүрэн эхээр нь тавих болно./ Өнөөдөр монгол эмэгтэйчүүд өдөр тутмын амьдралдаа биеийн болон сэтгэл санааны, бэлгийн, эдийн засгийн дарангуйлалтай ихээхэн тулгарч байгаа харамсалтай дүр зураг байсаар байна. Үүний эсрэг эмэгтэйчүүд нам, улс төр, үзэл бодол гэж ялгаварлахгүйгээр нэгдэн тэмцэж, өөрсдийн чадлаар хувь нэмрээ оруулж байгаа субьектуудын нэг бол Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбоо юм.

1

WOW-ын зорилго нь үнэн хэрэгтээ ирээдүйд зөвхөн эмэгтэйчүүдийн нийгэм байгуулахад биш, харин эрх мэдлийн зөрчилдөөнгүй, хүчирхийлэлгүй, зөвхөн эрчүүдийн эсвэл зөвхөн эмэгтэйчүүдийн хэмээн туйлширдаггүй хүмүүнлэг нийгмийн төлөөх чин хүсэл билээ.

Цэгмидийн Гэрлээ, Гоодаль сэтгүүл №70

Leave a comment