Б.Алтансувд нь дэлхийд нэртэй Клайд Ко хуулийн байгууллагад Монголын бизнесийн хөгжил, хамтын ажиллагааны чиглэлээр ажилладаг хуульч бөгөөд Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбоог (ЕМЭХХ) үүсгэн байгуулагчдын нэг, ЕМЭХХ-ны Гүйцэтгэх захирал юм.
Б. Алтансувд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр Монголын бизнес эмэгтэйчүүдийн хамтын ажиллагаа болон сүлжээг бий болгох зорилгоор “Эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг” уулзалт семинар болон Дэлхий нийтийн энх тайвны холбоотой хамтран Английн Лордуудын дээд танхимд Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах асуудлаар анх удаагаа Монгол эмэгтэйчүүдийн чуулганыг зохион байгуулсан төдийгүй Монголын өсвөр насны охидыг умайн хүзүүн хорт хавдраас урьдчилан сэргийлэх ЗГ-ын үйл ажиллагааг дэмжиж тусламжийн дуудлага худалдааг 2012 оны 3 сарын 8-наас 6 сарын 20-ны өдрийг дуустал Лондон хотноо зохион байгуулж 10.000 паундны хандивыг босгож чадсан байна. Мөн Британи дахь Монголын Соёлын Төв хамтран “ОНЫ ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ-2012” өргөмжлөх ёслолын үйл ажиллагааг 2012 оны Эх үрсийн баяраар Лондон хотноо анх удаагаа амжилттай зохион байгуулснаар Европ дахь Монгол эмэгтэйчүүдийнхээ сурч мэдсэн, хийж бүтээсэн амжилт ололт, хүмүүнлэг үйлсийн их гавьяаг олон нийтэд таниулан дэмжин алдаршуулсан нь олны талархлыг хүлээсэн билээ.

Улмаар Гэр бүлийн болон эмэгтэйчүүд, хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх тогтолцоог боловсронгуй болгох нийгмийн сэтгэлзүйг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор “Гэр бүлийн хүчирхийллийг бууруулах “ Дэлхий даяар энх тайвнаар оршин тогтнох гэрээ – 2012 , аяны үйл ажиллагаанд оролцож Лондон хотод эрэгтэй, эмэгтэй холимог багийн Нөхөрсөг сагсан бөмбөгийн тэмцээнийг мөн Хүчирхийллийг даван туулахад чиглэгдсэн нийгмийн хамгааллын тогтолцоог боловсронгуй болгоход төрийн, олон нийт, хувийн хэвшлийн байгууллагууд хамтран ажиллах асуудлаар Улаанбаатар хотод уулзалт зөвлөгөөн хийсэн бөгөөд түүний зохион байгуулсан олон нийтийн ажил, арга хэмжээнүүдэд нийт 1000 гаруй хүн хамрагджээ.

Иймд Б. Алтансувдын олон нийтийн төлөө хийсэн сайн үйлсийг ЕМЭХХ-ны хамт олон болон Британи дахь НАМЗХ-ноос өндрөөр үнэлэн, түүнийг шагналд нэр дэвшүүлснийг НАМЗХ-ны удирдах зөвлөл хэлэлцэн шийдвэрлэсний дагуу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан тус байгууллага өөрийн дээд шагнал “Алтан од” медалиар шагнасан юм. Шагналыг ЕМЭХХ-ны Ерөнхийлөгч, Монголбанкны Лондон дахь төлөөлөгчийн газрын захирал Д. Энхжаргал, Британи дахь НАМЗХ Тэргүүн Т.Адъшаажав нар гардуулж нийт Британи дахь Монголчуудынхаа өмнөөс баяр хүргэж цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилтыг хүсэв.

Leave a comment