DSCN0400Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбооноос 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдөр “НҮБ ба Эмэгтэйчүүд” сэдэвт дугуй ширээний ярилцлагыг амжилттай зохион байгууллаа.

Уг ярилцлагад Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 58 дугаар чуулганд Монгол улсыг төлөөлөн оролцож буй УИХ, Засгийн газар, Монгол улсаас НҮБ-ийн дэргэд суугаа байнгын төлөөлөгчийн газар болон олон нийтийн байгууллагын төлөөлөл оролцож Монголын эмэгтэйчүүдийн тулгамдсан асуудлууд, НҮБ-ын Мянганы хөгжлийн зорилтын хэрэгжилт, цаашдын зорилтын талаар санал бодлоо солилцож харилцан ярилцсан үр өгөөжтэй ярилцлага боллоо.

Ярилцлагын үеэр Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбооны Ерөнхийлөгч Д.Энхжаргал, удирдах зөвлөлийн гишүүн Д.Номинзул нар холбооныхоо үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж, эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх, тэдний нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэхэд төрийн болон олон нийтийн байгууллагатай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

НҮБ-ийн дэргэд суугаа байнгын төлөөлөгч, элчин сайд О.Оч 2015 онд НҮБ Мянганы хөгжлийн зорилтын биелэлтийг хэлэлцэж цаашдын зорилтыг тодорхойлохыг мэдээллээд, Үндэсний зөвлөлдөх уулзалтад өөрийн орны онцлогийг тусгах, үүний тулд салбар яамд, олон нийтийн байгууллагууд түүнчлэн гадаадад оршин сууж байгаа иргэдийн саналыг тусгах хэлэлцүүлэг өрнүүлэх шаардлагатай байгааг дурдсан.

УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа мянганы хөгжлийн зорилтын биелэлт хангалттай байгаа бөгөөд тухайлбал эхийн эндэгдэл, нялхасын эндэгдлийн үзүүлэлт буурсан тухай дурдаад Монгол улс шийдвэрлэсэн, зорилтот түвшинд хүрсэн олон асуудалдаа үнэлэлт дүгнэлт өгч тайлан гаргах шаардлагатайг онцоллоо. Түүнчлэн УИХ-ын энэ хаврын чуулганаар Хүн амын талаар баримтлах төрийн бодлого, Гэр бүлийн хууль, Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль зэрэг 3 чухал баримт бичиг хэлэлцүүлэгдэхээр бэлтгэгдэж байгааг мэдээлсэн.

Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 58 дугаар чуулганд Монгол улсаас олон төлөөлөгч оролцож байгаа нь Монгол улс эмэгтэйчүүдийн асуудлаар ач холбогдол өгч байгааг харуулж, цаашдын олон улсын болон олон нийтийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх таатай боломж гарч байгааг дурдаж, Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбооны Европт ажиллаж амьдарч амжилт гаргаж байгаа Монгол эмэгтэйчүүдийг алдаршуулж, олон нийтэд таниулах, дэмжих үйл ажиллагаа явуулж байгааг сайшаалаа.

НАМЭХ-ны ерөнхийлөгч Ц.Цогзолмаа жендерийн талаах үндэсний бүтцийг УИХ, Засгийн газрын түвшинд тавих шаардлагатай байгааг онцолсон.

НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч Ё.Нямжав залуучуудын байгууллагаас хийсэн судалгааны үр дүнд эмэгтэйчүүдийн төлөө шийдвэрлэх шаардлагатай байгаа асуудлуудыг танилцуулсан бөгөөд, тухайлбал, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо буурахгүй байгаа, шинэ төрөх эмнэлэг барих асуудал, ажлын байранд тавигдаж буй зарим шаардлага нь эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхаж байгааг, гэр бүлийн хүчирхийллийн асуудал болон архины эсрэг хуультай болох асуудлуудыг онцлон дурдсан.

Жендерийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга М.Болормаа Жендерийн үндэсний хороо байгуулагдаж, аймаг, сум, дүүрэг бүхэнд салбар хороод байгуулагдсанаас гадна Засгийн газраас Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги төлөвлөгөө баталж, шаардлагатай санхүүжилтийг төсөвт тусгах шийдвэр гарсан нь эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад томоохон алхам болсныг онцоллоо.

Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамны БНСУ дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга Ц.Өнөрзаяа байгууллагынхаа үйл ажиллагааны талаар танилцуулсан бөгөөд Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа иргэдийнхээ эрхийг хамгаалах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын асуудлыг шийдвэрлэх төрийн байгууллагын талаарх мэдээлэл ярилцлагад оролцогчид сонсоход таатай байсан юм.

Эрүүл мэндийн салбарт хийж буй бүтээн байгуулалтыг дэмжих, үүний дотор шинэ төрөх эмнэлэг барих асуудал нь Монгол эмэгтэйчүүдэд шийдвэрлэх нэн тэргүүний асуудал бөгөөд тэдгээрийн бүтээн байгуулалтын асуудлыг шуурхай шийдвэрлүүлэх, санхүүжилтийг нь царцаахгүй байх талаар Засгийн газрын анхаарлыг хандуулах талаар ярилцлагад оролцогчид санал нэгдлээ.

Г.Гүндарь

Leave a comment