Монголбанкны дэд ерөнхийлөгч асан Д.Энхжаргал өдгөө Лондонд төв банкны төлөөлөгчөөр ажиллаж буй. Түүнтэй Монголын эдийн засаг, банк санхүүгийн  салбарын талаар ярилцлаа.
-Та Лондонд Монголбанкны төлөө­лөгчөөр томилогдсоноос хойш жил гаруйн хугацаа өнгөрлөө.  Өнөөдөр Монгол, Лондоны харилцаа ямар байна вэ?

-Өмнө нь Лондонд ажиллаж байсан туршлага надад бий. Тиймээс  хуучин харилцаа холбоогоо сэргээж, ажил хэрэг явуулахад дөхөм байна. Хөрөнгө оруулалтын томоохон банкууд тухайлбал, Сити групп, Барклайз банк, Эйч эс би си, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Английн төв банк, Хяналтын хороо зэрэг байгууллагуудтай хийх хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх ажлыг Лондонд очсоноосоо хойш хийлээ. ”Оюутолгой” төсөл хэрэгжиж эхэлсэн нь гадаадын хөрөнгө оруулагчид Монголыг асар их сонирхох нөхцөлийг бүрдүүлсэн байна.  Тэд Манай уул уурхай, дэд бүтэц, санхүүгийн салбарыг хөгжүүлэхэд  санхүүжилтийн асуудлаар зөвлөгөө өгөх, хөрөнгө оруулах сонирхлоо илэрхий­лэхдээ Монголын макро эдийн засгийн түвшин ямар байна вэ, ялангуяа төв банкнаас явуулж байгаа бодлого нь хэр зохистой байгаа тухай мэдээллийг сонирхдог. Иймээс Монголбанкны үйл ажиллагааг гадаадад таниулах ажилд нэлээд цаг, хугацаа зарцуулж байгаа. Энэ хүрээнд Монголыг сурталчлах, эдийн засгийн байдал, бизнесийн боломжийн талаар уул, уурхайн компаниудын удирдах ажилтнуудын зөвлөгөөнд оролцсон 150 гаруй байгууллагуудын захирлуудад өнгөрсөн жил мэдээлэл өгсөн. Энэ жил мөн энэ арга хэмжээнд уригдсан. Түүнчлэн Азийн судалгааны төв, Монголын хөрөнгө оруулалтын зөвлөгөөн, Англи Монголын бизнесийн нийгэмлэгээр дамжуулан Европын хөрөнгө оруулагч нарт Монголбанкны ажлыг танилцуулж байна. Эдгээр арга хэмжээнүүдэд гадаадын мянга гаруй төлөөлөгчид оролцсон. Энэ мэтээр хийж буй, мөн хийхээр төлөвлөсөн олон ажил хүлээж байна.

-Лондонгийн хөрөнгийн бирж Монголын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх эрх  авсан байгаа. Үүнээс манайд  ямархуу үр дүн гарна гэж та бодож байна?

-Төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих шилжил­тийн үед хийсэн томоохон эдийн зас­гийн арга хэмжээ бол Монгол Улсад хөрөнгийн биржийг байгуулсан явдал. Хувьчлалын үед чухал үүрэг гүйцэтгэсэн ч өнөөдөр зогсонги байдалд орж, олон улсын түвшинд хүрч ажиллаж чадахгүй байгааг хүн бүхэн мэднэ. Монголын газрын доорхи баялгийг барьцаалан гадаадын биржүүдэд 10 гаруй гадаадын компаниуд 10 их наяд ам.доллартай тэнцэхүйц хөрөнгийг босгоод байна. Монголын хөрөнгө оруулалтын корпо­раци Монголдоо биш, Хонконгод хувь­цаа гарган 700 сая ам.доллартай тэнцэх санхүүжилтийн эх үүсвэртэй болоод байна. Ийм бололцоог манай Хөрөнгийн бирж бүрдүүлэх шаардлага амьдралаас урган гарч байна. Ингэхийн тулд Лондонгийн бирж шиг дэлхийд нэр хүндтэй байгууллагатай хамтран ажиллаж байж олон улсын түвшинд хүрэх бололцоотой. Байдлаас харахад манай хүмүүс тодорхой хэмжээний ашиглалтын лиценз эзэмшдэг боловч санхүүжилтгүйн улмаас тэр ашиглалтын лицензээ өнөө маргаашаа бодоод  хэдхэн сая доллараар зарчихаж байна. Ашигт малтмалын нэг лицензийг 20 сая  ам.доллараар зарлаа гэхэд худалдан авсан хүн цаашаагаа хятадуудад 200 сая ам.доллараар зарах жишээтэй. Нөгөө хятадууд нь томоохон хөрөнгө оруулалтын компаниудад 600 сая ам.доллараар зардаг. Мөнөөх “том” худалдан авагч нь Хонконгийн хөрөнгийн биржээс тэрбум ам.долларын мөнгө босгож байна. Үүнээс үндэслээд Монголынхоо иргэд, үндэсний ком­паниуд­даа олон улсын хөрөнгийн биржид гарах боломжийг нь нээж өгвөл үүнээс илүү ашиг олох боломжтой. Гэтэл манайд дотоодын хөрөнгийн зах зээл хэр билээ. Дотоодын хөрөнгийн зах зээлийг  өөрсдөө хөгжүүлнэ гэвэл маш их цаг хугацаа алдана. Тиймээс Монголын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх эрхийг Лондончуудад олгосныг би дэмжиж байгаа. Тэдэнд энэ талын арвин туршлага бий.  Хонконг, Лондонгийн хөрөнгийн биржийн хэмжээнд хүмүүсээ сургаж, технологийн шинэтгэл хийж, хууль дүрмээ олон улсын стандартад хүргэвэл Монголын газар доорх баялгийг үндэслээд хөрөнгө босгох, асар их хөрөнгийг Монголоороо дамжуулан хийх бололцоо бий.

-Та эдийн засгийн форумын үеэр Монголд эдийн засгийн хувьд боломж тохиож байна хэмээн онцолсон. Энэ боломжийг тэгээд хэрхэн ашиглах хэрэгтэй вэ?

-Урьд нь манай орныг гадаадынхан хоёр том гүрний хооронд хавчигдсан, далайд гарцгүй, хүн ам цөөтэй, хэрэглээ багатай, хөрөнгө оруулалтын орчин тааламжгүй орон гэж хардаг байлаа. Үүнээсээ болоод Монголтой бизнес хийх сонирхолгүй байсан цаг үе бий. Гэтэл өнөөдөр Монголоос мөнгө босгох, Монголд хөрөнгө оруулах боломж байна гэдгийг гадаадынхан аль хэдийн олоод харчихжээ. Өнөөдөр Америк, Европын эдийн засаг уналттай байхад харин манай хөрш Хятад улс илүү хөгжил, дэвшилтэй явж байгаа. Учир нь Хятадын хэрэглээ маш их өсч байна. Оросын эдийн засаг ч мөн адил хөгжиж байна. Тиймээс  хоёр хөршийн  эдийн засгийн өсөлт, дэлхийн бусад эдийн засгийг чирч явах бололцоотой гэж дэлхий үнэлж байгаа юм. Энэ боломжийг бид  сайн ашиглах хэрэгтэй.  Монгол Улс байгалийн асар том баялагтай, Менделеевийн 108 элемент бүгд Монголд байна гээд бод доо. Байгалийн баялгийн хомсдолтой гадаадын орнууд Монголтой бизнес хийх сонирхол асар их байна. Учир нь түүхий эдгүйн улмаас эдгээр орнуудын томоохон үйлдвэрлэлүүд зогсонги байдалд орох, ажилгүйдэл, нийгмийн тогтворгүй байдал үүсгэх, улмаар тухайн улсын эдийн засгийн аюулгүй байдалд хүндрэл учруулж болзошгүй байгаа юм. Тиймээс нэгдүгээрт  Монголын газрын хэвлий доор­хи асар их эрдэнэсийг ашиглах сонирхолтой. Хоёрдугаарт манай улс зах зээлийн эдийн засагтай ардчилсан орон, Засгийн газраас бизнесийн орчинг сайжруулах тууштай, нээлттэй бодлого хэрэгжүүлсэн.  Гуравдугаарт улс төрийн хувьд тогтвортой, хоёр хөрштэйгээ харьцуулбал ардчилал илүүтэй хөгжсөн гэж үзээд  гадны хөрөнгө оруулагчид Монголд бизнес хийх сонирхол нь  давамгайлаад эхэлсэн.  Энэ боломжийг бид бүрэн ашиглах ёстой.

-Боломжийг ашиглахын тулд Засгийн газар юу хийх хэрэгтэй юм?

-Оросыг Хятадтай холбосон Мон­гол­оор дамжиж хийгддэг бизнесийн тээвэрлэгч бол төмөр зам. Хамгийн богино хугацаанд Оросын баялгийг Хятадад хүргэх, Хятадад үйлдвэрлэсэн хямд бараа бүтээгдэхүүнийг Орос руу гаргах боломжийг хэрэгжүүлэхэд манай төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай. Ингэхийн тулд хоёр хөрштэйгээ хамтарч хоёр, гуравдахь хөндлөн төмөр замыг барьж түүгээр дамжуулан ачаа эргэлтийн бизнесийг хийж, ашиг орлого олох боломжтой. Жишээ нь Монголын олон бүсгүйчүүд үүргийн худалдаа хийдэг. Хятадын хямд барааг аваад Москвад очих замдаа л зарчихаад ирдэг. Тэгвэл   хоёр дахь төмөр зам баригдвал үүргэвчээр бус чингэлэг чингэлгээр нь бараа ачаад, том хэмжээний наймаа өрнүүлэх бололцоо бүрдэнэ. Энэ хэрээр тухайн эмэгтэйн бизнес ч өргөжинө. Тийм хэмжээний бизнес хийлгэхийн тулд хоёр дахь бүтээн байгуулалтыг хийх хэрэгтэй. Бид эдийн засгаа төрөлжүүлж, нэг салбарын хамааралгүй болохын тулд бусад салбараа хөгжүүлэх шаардлагатай байна. Үүний тулд бидэнд санхүү  маш чухал. Ийм учраас эхний ээлжинд эдийн засгийн чөлөөт бүс дээрээ гадаадын томоохон хөрөнгө оруулалтын банкийг оруулж ирж, бүтээн байгуулалтад санхүүжилт хийх ёстой гэсэн саналыг хэлж байна. Эцэст нь Монгол Улсыг Хятад, Орос хоёр гүрнийг дамнасан бүсийн санхүүгийн төв болгон хөгжүүлэх, ялангуяа хоёр гүрнийг холбосон эдийн засаг худалдааны замыг Чингис хааны үеийн Өрнө, Дорныг холбосон “торгоны зам”-ын адил хөгжүүлэх боломж байна. Энэ боломжийг одооноос харж, ажил хэрэг болгон ажиллаасай гэдэг санал тавьсан юм.

-Монголын арилжааны банкуудын гадаад харилцааг хөгжүүлэх талаар та Лондонд юу хийж байна. Өөрөөр хэлбэл, Монголын арилжааны банкууд дэлхийн зах зээлд гарах боломж юу байна?

-Банкны хуулийн төслийг Лондон явахаасаа өмнө  шинээр найруулж хоёр дахь удаагаа УИХ-д оруулж, шинэчлэн батлуулсан.  Шинэ хуулиар арилжааны банкуудын засаглал, удирдлагыг олон улсын түвшинд хүргэх, тайлан баланс, санхүүгийн үйл ажиллагааг олон ний­тэд ил тод болгох шаардлагуудыг оруулсан.  Манай арилжааны  банкууд эд­­гээр шаардлагыг ханган, хуулиа сайн хэрэгжүүлээд ажил­лавал олон улсад ажил­лах, томоохон хөрөнгө оруулах бололцоо бүрдэж байгаа. Одоогоор ма­най банкууд жижиг байгаа ч томрох боломж­­той. Мөн томоохон хөрөнгө оруулагчидтай хамтрах боломж бас байна.

-Банкны салбарын мэргэжилтний  хувьд та арилжааны банкуудыг томсгох асуудлыг юу гэж бодож байна?

-Эдийн засгийн нөхцөл байдал, зах зээл өөрөө банкны нэгдэх нийлэх процессыг бүрдүүлэх болно. Төрийн оролцоогүйгээр банкууд өөрсдөө сайн дурын үндсэн дээр нэгдэх, нийлэх хууль эрх зүйн орчинг саяын шинэ хуулиар бий болгосон. Эдийн засаг томроод ирэхлээр банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх, тэр хэмжээнд ажиллахаас өөр замгүй. Үүнийг хүчээр ч юм уу, албадлагын аргаар  харин хийж болохгүй. “Та нар нэгд” гээд төрөөс хоёр хүний хөрөнгийг хүчээр  нэгтгэх арга хэмжээ авах бол буруу. Арилжааны банкуудын нэгдэх асуудлыг тэртээ тэргүй эдийн засгийн хөгжил өөрөө хөшүүрэгдэж, зах зээл шаардах юм.

-Засгийн газраас Хөгжлийн банк байгуулах шийдвэр гаргаж, дүрмийн санг нь баталсан. Энэ банкыг бай­гуулах хэрэгтэй байсан гэж үү?

-Монголчууд уул уурхайн баялгаа бүрэн дүүрэн ашиглахад дэд бүтэц өнөөдөр хангалтгүй байгаа. Хувийн сектор 100 хувь хэрэгжүүлж чадахгүй байна. Тиймээс Засгийн газар тээвэр, төмөр зам, цахилгаан эрчим хүчний нөхцөлийг сайжруулахад Хөгжлийн банк байгуулж, үүгээрээ дамжуулж томоохон  хөрөнгө оруулалтын ажлыг эхлүүлэх бололцоо бүрдэж байгаа юм. Онигоо ярья л даа.  Нэг еврей өглөө босоод бурхандаа мөргөхдөө “би саятан болмоор байна. Сугалаанд хожмоор байна” гэж бурхандаа мөргөжээ. Өдөр бүр л гуйгаад байж. Олон жилийн дараа “Би танаас өчнөөн жил гуйж мөргөлөө. Намайг яагаад саятан болгохгүй байна вэ” гэж уурлажээ. Тэгсэн бурхан нь “Чи ядаж нэг удаа сугалаа авчихаач дээ” гэж. Бид аливаа зүйлийг хийхийн төлөө өөрсдөө хичээх хэрэгтэй. Сугалаа аваагүй хүн яаж саятан болох вэ? Монголчууд сугалаанд хожихын тулд “сугалаа”-гаа эхлээд авсан байх ёстой.  Тэгэхээр аливаа зүйлд хожихын  тулд замдаа саад болоод байгаа юмаа арилгах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, бид баялгаа ашиглахын тулд зам барих, эрчим хүчний станцтай болох хэрэгтэй байна.

-Та бол чадварлаг банкир.  Гэхдээ тантай, таны ажил мэргэжилтэй холбоотой сөрөг мэдээллүүд багагүй цацагддаг. Аавынхаа дэмжлэгээр ал­­бан тушаалд хүрсэн, ханшийн савалгааг зохиомлоор үүсгэж, дундаас нь мөнгө хождог  энэ тэр гээд. Энэ бүхэнд та хариулт өгөхгүй юу?

-“Би тэгээгүй” гэхээсээ илүү, хаана ямар мэргэжил эзэмшснээсээ эхлээд өөрийгөө танилцуулах нь энэ бүх оргүй яриа, гүтгэлэгийн хариу болох байх гэж бодож байна. Би Эрхүү хотод, тухайн үеийн банк санхүүгийн чиглэлээр нэр хүндтэй сургуулийг төгссөн. Түүнээс хойш Монгол банкинд 25 жил ажиллаж байна. Энэ хугацаандаа салбарын мэргэжилтнээс эхлээд  дэд ерөнхийлөгч хүртэл албыг хашсан. Эдийн засаг, банк санхүүгийн салбарт ажиллаж буй хүний хувьд байнга өөрийгөө шинэ мэдээллээр хангах, мэдлэгээ дээшлүүлэх шаардлагатай байдаг.  Миний хувьд ч ялгаагүй Орост  дээд боловсрол эзэм­шиж, Америкт магистрын зэрэг хамгаалсан. Одоо доктор хамгаалахаар бэлтгэж байна. Дэд ерөнхийлөгч бо­лохоос өмнө докторын ажил хийж байгаад албан тушаал дэвшсэн учир түр зогсоосон байсан юм. Ямар нэгэн ашиг хонжоо албан тушаалын хойноос би хөөцөлдөж, гүйж байгаагүй. Томилсон ажлыг нь нэр төртэй хийхийг л би хүсдэг. Тэгж чармайж ажилладаг. Надад төгрөгийн савалгаа үүсгээд дундаас нь мөнгө тоншоод суух зав ч байгаагүй.

-Та Монголбанкны дэд ерөнхий­лөгч байхдаа ямар ажил хийсэн бэ?

-Дэлхий дахинд санхүүгийн то­моо­­хон хямрал нүүрлэсэн тэр үед Лондонгоос намайг дуудаж Монгол­банкны дэд ерөнхийлөгчөөр ажил­луулахаар томилсон. Инфляци 300 гаруй хувьд хүрээд байсан ерээд оны эхэн үе, арилжааны хэд хэдэн банкууд хүндрэлд орж дампуурсан ерээд оны төгсгөл үед мэргэжлийн газруудыг удирдаж ажилласан ажлын үр дүнг маань харгалзан энэ ажилд томилсон болов уу. Дэд ерөнхийлөгч байх үедээ дэлхийн санхүүгийн хямралаас гаргах УИХ, Засгийн газрын ажлын хэсэгт орж, олон улсын банк, санхүүгийн байгууллагаас 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авч, Монголын эдийн засгийг валютын хомсдлоос гаргаж, валютаар төлбөр тооцоо дотоодод хийдэг буруу зуршлыг арилгах, үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгөө дээдлэх, дотоодод төгрөгөөр төлбөр тооцоо хийх хуулийг гаргуулан мөрдүүлэх ажлыг санаачлан хийсэн. Хятадын ардын банктай үндэсний мөнгөн тэмдэгтүүдийн солилцоо хийх гэрээ хэлэлцээг байгуулах ажлыг гардан хариуцаж эхлүүлсэн. Иргэдийн мөнгөн хадгаламжийг аюулгүй байлгах, банкны салбарын тогтвортой байдлыг хангах зорилгоор Иргэдийн мөнгөн хадгаламжийн даатгалын хуулийг са­наач­­лан боловсруулсан. Үндэсний төл­бөр тооцооны зөвлөлийг байгуулж, төл­бөр тооцоог банк хооронд цаг хуга­цааны хоцрогдолгүй хийлгэх техникийн шинэчлэлийг Дэлхийн банкны тус­лал­­цаатайгаар хамт олонтойгоо хэ­­рэг­­жүүлсэн. Бэлэн мөнгөний хэрэг­лээг багасгах картын үйлчилгээг өргө­­жүүлэхэд учирч байсан бэрхшээлийг арилгахад чиглэгдсэн Төв банкны картын клирингийн үйл ажиллагааг шинэчлэх, Төв банкны төлбөр тооцооны системийн тасралтгүй үйл ажиллагааг хангах до­тоод журмуудыг шинэчлэн олон улсын түвшинд нийцүүлэх ажлыг гардан хариуцсан.

-Таныг ажлаа өгсний дараа Төв банкны валютын нөөц дууссан гэсэн яриа гарсан?

-Монгол Улсын валютын албан нөөцийг эдийн засагт шаардлагатай үед нь зөв зохистойгоор хэрэгтэй салбарт нь төлбөр тооцоо хийхэд хэрэглэх үүднээс хадгалдаг. Дэлхийн санхүүгийн хямралын үед  манай улсад инфляци 34 хувьд хүрснийг хүмүүс санаж байгаа байх. Бензин шатахууны үнэ ойр ойрхон өсөөд л. Хүмүүс хямрал болно, мөнгөө валют болгосон нь дээр гэсэн цуу ярианд итгээд хадгаламжийнхаа мөнгийг доллараар солих гэсэн хандлага багагүй гарсан. Энэ үед валютын нөөцөө дуусгахгүйгээр, шатахууны үнийг хөөрөгдөлгүйгээр авч гарах, улс оронд хэрэгтэй шатахууныг валютаар зөвхөн Оросоос авдаг ажлыг тасалдуулахгүй талаар багагүй арга хэмжээ авснаар инфляци 60-70 хувьд хүрэхийг зогсоож байлаа. Валютын нөөц гурван сарын төлбөр төлөх хэмжээнээс хэзээ ч буурч байгаагүй. Тийм нөхцөлд хүргэхгүй байх нь миний үүрэг байсан. Намайг дэд ерөнхийлөгчийн ажлаа өгөх үед валютын нөөц 1,2 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ нь импортын зургаан сарын төлбөртөй тэнцэх хэмжээний валютын нөөц бүрдүүлсэн гэсэн үг.

-Та сургуулиа төгсч ирэнгүүтээ шууд Монголбанкинд ажиллаж эхэл­сэн юм уу?

-Биднийг төгсөөд Монголд ирэхэд шууд өндөр албанд тавьдаггүй, нэгжээс нь эхлүүлдэг байлаа. Би анх Улаанбаатар хотын хадгаламжийн 25 төвийн хооронд хийгддэг төлбөр тооцоо хариуцсан нягтлан бодогчоор ажиллаж байлаа. Дараагаар нь  Мөнгөний бодлогын газ­рын эдийн засагч, газрын захирлын үүрэг гүйцэтгэгч, Хяналт шалгалтын газрын захирал, ерөнхий эдийн засагч, ерөнхийлөгчийн туслах, Лондон дахь төлөөлөгч гэсэн албыг хашиж байсан. Дараа нь Монгол банкны дэд ерөнхийлөгчийн албанд томилогдсон юм.

-Таныг Монголбанкны дэд ерөнхийлөгчийн албан тушаалаа улс төрийн шахалтаар өгсөн гэдэг. Гэхдээ танд харамсалтай байгаагүй юу?

-Хамтарсан Засгийн газрын ажлыг явуулах бололцоо, нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй гэж үзээд өөрөө албан тушаалаа өгөх хүсэлтээ гаргаад, Лондон дахь төлөөлөгчийн газарт томилогдсон.

-Тухайн үед Монгол банкны дэдүүдийг муу ажилласан гэж УИХ дээр шүүмжлээд л, Б.Энххуяг та хоёр гэнэтхэн л ажлаа өгөх шийдвэр гаргасан шүү дээ. Үнэхээр улс төрийн шахалт байгаагүй, өөрөө ажлаа өгсөн гэж үү?

-Хүн аливаа асуудалд мэдрэмжтэй хандах ёстой. Тиймээс би өөрийн мэдрэмжээр сонголтоо хийсэн.

-Та ирээдүйд улс төрд орох уу? 

-Би одоогоор банкны ажлаа хийж байна. Тиймээс тэр тухай хэлж мэдэхгүй нь.

Ж.НЯМСҮРЭН

Leave a comment