Төслийн үйл ажиллагааны эцсийн тайлан

 Төслийн нэр:                   “Өсвөр насны охид, хөвгүүд, эмэгтэйчүүдийг бэлгийн замын халдварт өвчнөөс  урьдчилан сэргийлэх нь”

Хэрэгжүүлэгч байгууллага:     Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Шинэ нийгмийн эрүүл мэнд ТББ

Санхүүжүүлэгч байгууллага:   Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн    Холбоо( ЕМЭХХ )

Төслийн нийт санхүүжилт:      20,000,000,0 ₮

Хэрэгжүүлсэн хугацаа:               2013 оны 10-р сараас 2014 оны 3 –р сар

1. Ерөнхий мэдээлэл:

Монгол улс нь залуусын орон. Монгол Улсын хууль, үндэсний хөтөлбөрүүдэд 15-35 насныхныг залуучууд гэж тодорхойлсон ба 2013 оны байдлаар нийт хүн амын 44,6 хувийг эзэлж байна. Хүн амын энэхүү залуу бүлгийн эрүүл мэндийн өвөрмөц хэрэгцээ, сонирхолд нийцсэн эрүүл мэндийн үйл ажиллагааг явуулах нь тэднийг амьдралын зөв дадал, хэвшилтэй эрүүл, саруул иргэн болгон төлөвшүүлэх нь чухал.

2. Төслийн Зорилго:

2.1.        Төр болон Олон Нийтийн Байгууллагын хоорондын хамтын ажиллагааг сайжруулах

2.2.     Монголын оюутан залуучууд ялангуяа 16-18 насны охидод бэлгийн замын халдварт өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар дэлгэрэнгүй мэдээ, мэдээллийг үнэ төлбөргүй өгөх

2.3.     Охид, бүсгүйчүүдийг эмчийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулан зөвлөгөө өгөх

2.4.     Монголын нийт охид, эмэгтэйчүүдэд умайн хүзүүн хорт хавдрын хор уршиг түүнээс урьдчилан сэргийлэх талаар сэрэмжлүүлэгийг тараан түгээх

3. Хэрэгжүүлсэн үйл ажиллагаа:

Эрүүл мэндийн яамны санаачлагаар жил бүрийн 09 дүгээр сарыг “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар” болгохоор Эрүүл мэндийн сайдын 2013 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн “Эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг эрчимжүүлэх тухай” 309 дүгээр тушаал гарч ажлын төлөвлөгөө батлагдан сарын аяныг зохион байгууллаа.

 Untitled.jpg1Сарын аяны зорилго нь оюутан, залуучуудын эрүүл мэндийг дэмжих, эрсдэлт зан үйлийг өөрчлөхөд чиглэсэн мэдээлэл сургалт сурталчилгаа, ухуулга нөлөөллийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, оюутан залуучуудын эрүүл мэндийн эрсдлийг бууруулах, тусламж үйлчилгээ хайх зөв зан үйлийг нэмэгдүүлэх, оюутан залуучуудтай ажилладаг байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулахад чиглэгдсэн.

Оюутны эрүүл мэндийг дэмжих сарыг Боловсрол Шинжлэх Ухааны Яам, Хүн Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын Яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг, Монголын Оюутны холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран НҮБ-ын Хүн амын сан, Европ дахь Монголын Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбоо зэрэг олон улсын байгууллагын санхүүгийн дэмжлэгтэйгээр оюутан залуучуудын эрүүл мэндийг дэмжих 5 чиглэлийн 18 ажлыг төлөвлөн хэрэгжүүлсэн байна. Үүнд Европ дахь Монголын Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбооны санхүүжилтээр дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүллээ.

3.1.    Оюутны эрүүл мэндийг дэмжих сарын үйл ажиллагааны талаар олон нийт, зорилтот бүлэг, шийдвэр гаргагчдад сурталчлах, тухайн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээг улсын хэмжээнд зарлан явуулж байгаа болон жилийн турш эрчимжүүлэн ажиллах үйл ажиллагааны чиглэл, төлөвлөгөөг танилцуулж, хэвлэл мэдээллийн байгууллага, төр болон иргэний нийгэмлэгүүд, олон улсын байгууллагуудыг хамтран ажиллахыг уриалсан.

Untitled.jpg2          Untitled.jpg3

 Энэ арга хэмжээг 2013 оны 09 сарын 06-ний өдөр Улаанбаатар хотноо Чингисийн талбай дээр зохион байгуулж, БШУЯ, ХАХНХЯ, НЭМГ, МОХ, их, дээд сургуулийн багш, оюутан сурагчид идэвхтэй оролцлоо. Нээлтийн арга хэмжээний үеэр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харъяа байгууллагууд тус талбайд майхан байрлуулан дотор, шүд, нүд, сэтгэц-наркологи, эх барих эмэгтэйчүүд, ДОХ/БЗДХ-ийн эмч нар нийт 3612 оюутан, залуучуудад үзлэг хийж, 1546 оюутны биеийн жингийн индексийг тодорхойлон шаардлагатай зөвлөгөө, мэдээллийг өгч үйлчилсэн.

3.2.   Өсвөр үеийнхэн, оюутан залуучуудад зориулсан эрүүл зан үйлийг төлөвшүүлэх мэдээлэл сургалт, сурталчилгааг тэдний өвөрмөц хэрэгцээ, сонирхолд нийцүүлэн зохион байгуулсан. Нийгмийн харилцааны сувгууд тухайлбал Facebook, twitter хуудас нээж, өсвөр үеийнхэн, оюутан залуучуудад тулгамдаж буй асуудал, өвөрмөц хэрэгцээ, шийдвэрлэх арга замын талаар зөвлөгөө мэдээлэл өгөх үйл ажиллагааг амжилттай явууллаа. Нийгмийн сурталчилгааны сувагт хандсан тэдний асуулт, сонирхож буй тусламж, үйлчилгээ зэргээс тэдэнд нийтлэгээр тулгамдаж буй асуудал, буруу ташаа ойлголтын байдалд үнэлгээ, дүгнэлт өгч ажиллаж байна. Фэйсбүүк хуудсанд оруулсан мэдээлэл богино хэлбэрээр твиттер болон yahoo майл хаяг руу, мөн твиттер хуудсанд орсон богино мэдээлэл фэйсбүүк хуудсанд орж байхаар тохируулга хийгдсэн. Хэрэглэгчийн цахим аюулгүй байдлыг хангах үүднээс нэмэлт функцууд болон оруулсан мэдээллийг хуулбарлахаас хамгаалсан нэмэлт аппликашнийг мөн суулгаж өгсөн.

Цахим зөвлөх хуудасны хаяг:

Untitled.jpg5 Untitled.jpg4

  1. [email protected]
  2. www.twitter.com/student_health1
  3. www.facebook.com/oyutan

 Одоогоор дээрхи цахим хуудсанд эмнэлгийн цагийн хуваарь, хаяг байршил, бэлгийн замаар дамжих халдваруудын шинж тэмдгүүд, зөвлөгөө, мэдээлэл, зөвлөмж авах хаягууд, амьсгалын замын өвчлөл, зөв хооллолт, дасгал хөдөлгөөн, жирэмсний аюултай шинжүүд, аюултай үр хөндөлт, хүсээгүй жирэмслэлт, гэр бүл төлөвлөлт, осол гэмтэл, архи, тамхины хор хөнөөл зэрэг сэдвүүдээр сурталчилгаа явуулан ажиллаж байна. Төсөл хэрэгжүүлэх хугацаанд Facebookхуудсаар 330мэдээлэл, хувь хүнд тусгайлан өгсөн зөвлөгөө давхардсан тоогоор 450 болоод байна. Түүнчлэн зөв хооллолттой холбоотой мэдээлэл авах хүсэлт нилээдгүй ирсэн тул хооллолттой холбоотой мэдээлэл, зохистой хооллолт, хоол хүнсний бүтээгдэхүүний илчлэгийн хэмжээ, зохисгүй хоол хүнсний талаар мэдээлэл оруулсан. Оюутнууд, сурагчид фэйсбүүкт голчлон хандаж байсан бөгөөд дээрх 3 харилцааны сувгаар өгсөн зөвлөгөө, мэдээллийн 80%-г эзэлж байна.

Фэйсбүүк хуудсаар зөвлөгөө авч буй хэлбэр (Фэйсбүүк мессенжер ашиглан асуултанд хариулсан хэлбэр)

Untitled.jpg7

Фэйсбүүк хуудсаар зөвлөгөө өгсөний дараа оюутан, өсвөр үеийнхэн эргэн хариу холбоо барьж буй байдал.

Untitled.jpg8

Түүнчлэн гэр бүл төлөвлөлт, өсвөр насны охидын жирэмслэлт, үр хөндөлтөөс сэргийлэх талаархи мэдээлэл солилцох, энэ чиглэлийн сургалтыг сонирхолтой, нотолгоонд суурилсан явуулах боломжийг сургалтын болон эрүүл мэндийн  байгууллагад олгох нь чухал. Үүнтэй уялдуулан өсвөр насны охидын жирэмслэлт, бэлгийн замын халдварт өвчин түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх тухай   видео бүхий DVD-г 500 хувь олшруулан, их дээд сургуулийн номын сан, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад сургалтын үзүүлэн таниулах материал болгон хүргүүллээ.

Untitled.jpg9Untitled.jpg10

 Их дээд сургууль, коллеж, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн эмч нарыг Нөхөн Үржихүйн Эрүүл Мэнд /НҮЭМ/ тухайлбал умайн хүзүүн хорт хавдараас хэрхэн сэргийлэх, үзлэг шинжилгээ, зөвлөгөө, мэдээлэл өгөх чиглэлээр чадавхижуулах зорилгоор “НҮЭМ-ийн сургагч багш бэлтгэх 3 хоногийн сургалт”-д хамрууллаа. Тус сургалтад их дээд сургууль, коллеж, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд ажиллаж буй 47 эмч мэргэжилтнүүд оролцож, НҮЭМ-ийн чиглэлээр мэдлэгээ нэмэгдүүлж, туршлагаа солилцсон.

3.3.  Хот, хөдөөгийн их, дээд сургууль, МСҮТ-ийн нийт 32,854 оюутныг дотор, нүд, шүд, эмэгтэйчүүд, бэлгийн замаар дамжих халдвар зэрэг мэргэжлийн эмч нарын урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ажилд дэмжлэг үзүүлсэн.

3.4.  Мөн төрийн бус байгууллагуудаас зохион явуулсан сургалт, сурталчилгаанд дэмжлэг үзүүллээ. Өсвөн үеийнхэн, оюутнуудын өвөрмөц хэрэгцээнд зориулж “Нөхөн үржихүйн эрүүл мэнд”, “Гэр бүл төлөвлөлт”, “Бэлгийн замаар дамжих халдвар”, “Аз жаргалаар дүүрэн гэр бүлийн нууц”, “Хайрын цагаан толгой”, “Хүн байхын учир” “ДОХ, БЗДХ-аас сэргийлэх нь”, “Бэлгийн хүчирхийлэл, түүнээс урьдчилан сэргийлэх нь” “Эрүүл, зохистой хооллолт”, “Архи, тамхи, мансууруулах бодисоос сэргийлье”, “Эрүүл мэндийн даатгалын ач холбогдол”-ын талаар 12,943 оюутан, сурагчидад  сургалтуудыг явуулсан. Сургалтыг лекцийн хэлбэрээр зохион байгуулахаас гадна зарим сургуулиуд дээр оролцооны болон жүжигчилсэн хэлбэрээр явуулсан нь оюутнуудын сонирхолыг их татсан байна. Тухайлбал: Өмнөговь аймагт сургалтын өмнөх сорил авахад мэдлэгийн түвшин 49 %-тай байсан бол сургалтын дараа сорил авахад мэдлэгийн түвшин 91 % -тай болж өссөн үр дүнтэй байдал ажиглагдлаа. Эрүүл мэндийн сургалт зохион байгуулах, мэдээлэл өгөх ажлыг оюутны дотуур байруудад зохион байгуулсан нь үр дүнтэй болсон.

Оюутан, сурагчдад “Охидын эрүүл мэнд”, “Умайн хүзүүн хорт хавдараас сэргийлье” “Үе тэнгийн дарамт”, “Шийдвэр гаргах чадвар”, “Гэр бүл төлөвлөлт”, “Өсвөр насны охидын жирэмслэлт”, “Үр хөндөлт”, “БЗДХ/ХДХВ/ДОХ-аас сэргийлье” зэрэг гарын авлага,  сурталчилгааны материал 45,000 ширхэгийг түгээхэд дэмжлэг үзүүлсэн.

Untitled.jpg12    Untitled.jpg13   Untitled.jpg14    Untitled.jpg15   Untitled.jpg17

4. Хүрсэн үр дүн:

 4.1.        Өсвөр үеийнхэнтэй ажиллаж байгаа төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сэргээж, цаашдаа хамтран ажиллах чиглэлийг гаргасан.

4.2.        Өсвөр үеийнхэн, оюутан сурагчдын өвөрмөц хэрэгцээ, сонирхолд нийцсэн мэдээлэл солилцох нийгмийн харилцааны сувгууд тухайлбал Facebook, twitter хуудас нээн ажиллуулж байна.

4.3.        Оюутан , сурагчдад НҮЭМ-н сургалт, зөвлөлгөө өгөх чиглэлээр их дээд сургууль, коллеж, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд ажиллаж 47 эмч, мэргэжилтэнг сургагч багш болгон сургалаа.

4.4.        Нийтдээ 32, 800 гаруй өсвөр үеийнхэн, оюутан сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, эрүүжүүлэх төлөвлөгөөг гарган ажиллаж байна.

4.5.        БЗХӨ, умайн хүзүүн хавдрын талаар сурталчилгааны 45,000 материалуудыг сургалт, үзлэгтэй хамтран өсвөр үеийнхэн, оюутан сурагчдын дунд тараалаа.

 5. Сургамж:

 5.1.  Оюутны хотхонд өсвөр үе, залууст ээлтэй клиник байгуулах ажлыг судлан 2014 онд шинээр байгуулахаар санхүүжилтийг шийдвэрлүүлэн, үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгаад байна.

5.2.  Твиттер болон Яахоо мессенжерээр зөвлөгөө, мэдээлэл авч буй оюутны тоо харьцангуй цөөн байсан тул мэдээ мэдээллийг фэйсбүүк хуудсаар түлхүү, илүү дэлгэрэнгүй өгөх нь илүү үр дүнтэй нь харагдаж байна. Харин твиттер хуудсаар тавьсан мэдээллийг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээлэл түгээхэд түлхүү ашиглаж болохоор байна.

6. Талархал:

Монголын ирээдүй хойч үе болох өсвөр үеийнхэн, оюутан залуучуудын эрүүл мэндийн боловсрол,   багаар ажиллах, үе тэнгийнхэндээ зөвлөлгөө өгөх, мэдээлэлээ хуваалцах арга барилд сургах үйл ажиллагааг явуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлсэн Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбооны ( ЕМЭХХ ) хамт олонд гүн талархал илэрхийлье!

7. Цаашдын чиглэл:

Өсвөр үеийнхэн, оюутан, сурагчдын НҮЭМ боловсролыг тасралтгүйгээр дээшлүүлэх шаардлагатай.

Leave a comment