ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛНА
ADMWE 2026 оны төсөл сонгон шалгаруулалт — 90,000,000 төгрөг
Төслийн санал хүлээн авах сонгон шалгаруулалт зарлагдсаныг таатайгаар мэдэгдэж байна
Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2026 оны 9 дүгээр сарын 15

Green Wellbeing – Safe and Sustainable Future for Women and Girls
Эмэгтэйчүүд, охидын аюулгүй, эрүүл, тогтвортой ирээдүйн төлөө
Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбоо (Association for the Development of Mongolian Women in Europe – ADMWE) нь 2026 онд Ирланд улсын Дублин хотноо зохион байгуулсан Олон улсын бизнес форум болон “Оны шилдэг эмэгтэй – 2026” арга хэмжээний хүрээнд төвлөрүүлсэн хандивын хөрөнгийг Монгол Улсын орон нутагт амьдарч буй эмэгтэйчүүд, охидын аюулгүй байдал, эрүүл мэнд, сайн сайхан амьдрал болон тогтвортой хөгжлийг дэмжих төсөл, санаачилгыг санхүүжүүлэхэд зориулан төслийн сонгон шалгаруулалт зарлаж байна.
Энэхүү сонгон шалгаруулалт нь эмэгтэйчүүд, охидын эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, тэдний эрхийг хамгаалах, боловсрол, эрүүл мэнд, манлайлал, эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох болон тогтвортой хөгжлийг дэмжих бодит үр дүнтэй төслүүдийг дэмжихэд чиглэнэ.
ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
1. Төслийн зорилго
Сонгон шалгаруулалтын зорилго нь дараах чиглэлээр орон нутгийн хэрэгцээнд суурилсан, хүртээмжтэй, хэмжигдэхүйц үр дүнтэй, урт хугацаанд тогтвортой хэрэгжих төсөл, санаачилгыг дэмжихэд оршино.
- Эмэгтэйчүүд, охидын аюулгүй байдал, эрх, хамгааллыг бэхжүүлэх;
- Эрүүл мэнд, боловсрол, мэдээлэл болон нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах;
- Эмэгтэйчүүдийн манлайлал, эдийн засгийн хараат бус байдал, шийдвэр гаргах түвшний оролцоог нэмэгдүүлэх;
- Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны доройтлоос үүдэх эрсдэлийг бууруулах;
- Орон нутгийн тогтвортой, ногоон хөгжилд эмэгтэйчүүд, охидын оролцоог нэмэгдүүлэх.
2. Дэмжих төслийн чиглэл
- Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэх нийгэм, эдийн засгийн эрсдэлийг бууруулж, эмэгтэйчүүд, охидын амьжиргаа, аюулгүй байдлыг хамгаалах санаачилга;
- Бэлчээрийн доройтол, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, байгаль орчныг хамгаалах замаар эмэгтэйчүүдийн амьжиргаа, орлогыг нэмэгдүүлэх төсөл;
- Газрын нөхөн сэргээлт, мод тарих, усны нөөц хамгаалах, хог хаягдлыг бууруулах, ногоон хөгжлийг дэмжих төсөл;
- Хөдөө, алслагдсан сум, баг, орон нутгийн эмэгтэйчүүд, охидын боловсрол, мэдээлэл, төрийн болон нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх санаачилга;
- Эмэгтэйчүүд, охидын бие бялдар, нөхөн үржихүйн болон сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих төсөл;
- Гэр бүлийн болон жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, хариу үйлчилгээ болон хамгааллын тогтолцоог бэхжүүлэх төсөл;
- Аюулгүй, хүчирхийлэлгүй, тэгш хүртээмжтэй орчин бүрдүүлэхэд чиглэсэн олон нийтийн санаачилга;
- Эмэгтэйчүүд, охидын манлайлал, өөртөө итгэх итгэл, ур чадвар болон шийдвэр гаргах түвшний оролцоог нэмэгдүүлэх төсөл;
- Хөдөлмөр эрхлэлт, жижиг бизнес, мэргэжлийн болон дижитал ур чадварыг хөгжүүлэх замаар эдийн засгийн хараат бус байдлыг дэмжиж, хүчирхийллийн эрсдэлийг бууруулах хөтөлбөр;
- Хиймэл оюун ухаан, инноваци, дижитал технологийг ашиглан эмэгтэйчүүд, охидын эрх, боловсрол, эрүүл мэнд, хамгааллын үйлчилгээг сайжруулах санаачилга.
ADMWE нь байгаль орчны тогтвортой байдал, эмэгтэйчүүдийн эрх болон нийгмийн сайн сайхан байдал харилцан уялдаатай гэж үздэг бөгөөд дээрх чиглэлүүдэд бодитой, урт хугацааны үр нөлөө үзүүлэх төслүүдийг тэргүүн ээлжид дэмжинэ.
3. Хэн өргөдөл гаргах боломжтой вэ?
Дараах этгээдүүд төслийн санал ирүүлэх боломжтой.
- Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага;
- Орон нутгийн хөгжлийн санаачилгын бүлэг, нийгэмд чиглэсэн баг;
- Албан ёсоор бүртгэлтэй нийгмийн аж ахуйн нэгж, хоршоо;
- Төслийг хэрэгжүүлэх бодит чадавх, хариуцлагатай баг бүхий хувь хүн, сайн дурын санаачилгын бүлэг.
Өргөдөл гаргагч нь төслийг Монгол Улсын орон нутагт хэрэгжүүлэх, санхүүжилтийг зориулалтын дагуу ашиглах, хэрэгжилт болон үр дүнгийн тайланг хугацаанд нь гаргах чадавхтай байна.
4. Төслийн санхүүжилт ба хэрэгжих хугацаа
Нэг төсөлд олгох санхүүжилтийн дээд хэмжээ: 90 сая төгрөг
Төслийн хэрэгжих хугацаа: 2027 оны 3-р сараас хэтрэхгүй
Санхүүжилт олгох хэлбэр: Гэрээний нөхцөлийн дагуу үе шаттайгаар
Төсвийн зардал бүр нь үйл ажиллагаатайгаа шууд уялдсан, бодитой, үндэслэлтэй байна. Санхүүжилтийг төслийн зорилгоос өөр зориулалтаар ашиглахыг хориглоно. Үл хөдлөх болон тохижилт, эд хөрөнгийн санхүүжилт тусгагдахгүй байх.
5. Төсөлд тавигдах үндсэн шаардлага
- Төслийн асуудал, зорилго, зорилт нь тодорхой, орон нутгийн бодит хэрэгцээнд суурилсан байх;
- Зорилтот бүлэг, шууд болон шууд бус үр шим хүртэгчдийг тодорхойлсон байх;
- Үйл ажиллагааны төлөвлөгөө, хэрэгжүүлэх хугацаа, хариуцсан баг, төсөв нь уялдаатай бөгөөд үндэслэлтэй байх;
- Орон нутгийн иргэд, зорилтот бүлэг болон холбогдох байгууллагуудын оролцоог хангасан байх;
- Хүүхэд хамгаалал, жендэрийн тэгш байдал, хөгжлийн бэрхшээлтэй хүний хүртээмж, байгаль орчинд ээлтэй зарчмыг харгалзсан байх;
- Төслийн эрсдэл, түүнийг бууруулах арга хэмжээ, хэрэгжилтийн хяналтын тогтолцоог тусгасан байх;
- Төсөл дууссаны дараах үр дүнг хадгалах, үргэлжлүүлэх тогтвортой байдлын төлөвлөгөөтэй байх;
- Төслийн үр дүнг хянах, үнэлэх боломжтой, тодорхой хэмжигдэхүйц шалгуур үзүүлэлттэй байх.
6. Хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлт (KPI)
Төслийн саналд хамгийн багадаа дараах үзүүлэлтүүдийг тоон болон чанарын хэлбэрээр тусгана.
- Шууд болон шууд бус үр шим хүртэгчдийн тоо, ангилал;
- Сургалт, арга хэмжээ, зөвлөгөө, үйлчилгээ болон бусад үйл ажиллагаанд хамрагдах хүний тоо;
- Эмэгтэйчүүд, охидын мэдлэг, ур чадвар, орлого, аюулгүй байдал, үйлчилгээний хүртээмжид гарсан өөрчлөлт;
- Байгаль орчин, нийгэм, эдийн засагт үзүүлэх үр нөлөө;
- Төслийн тогтвортой үр дүн болон төслийн дараах үргэлжлэл;
- Төслийн хэрэгжилтийн явц, санхүүгийн зарцуулалт, үр дүнг тайлагнах давтамж ба аргачлал.
7. Давуу үнэлгээ олгох нөхцөл
- Өөрийн эх үүсвэр, хамтрагч байгууллага эсхүл гуравдагч этгээдийн дэмжлэгээр санхүүжилтийг нэмэгдүүлэх боломжтой байх;
- Төслийн хэрэгжилт, төсвийн зарцуулалт, үр дүнг ил тод, ойлгомжтой, хүртээмжтэйгээр тайлагнах тогтолцоо болон туршлагатай байх;
- Орон нутгийн төрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшил, мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах түншлэлтэй байх;
- Төслийн үр дүн санхүүжилт дууссаны дараа урт хугацаанд үргэлжлэх бодит боломжтой байх;
- Шинэлэг, инновацлаг, дижитал болон байгальд ээлтэй шийдэл ашигласан байх;
- Өмнө нь ижил төстэй төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байсан туршлагатай байх.
8. Сонгон шалгаруулалтад оролцох хязгаарлалт
Дараах нөхцөлд өргөдөл гаргагчийг сонгон шалгаруулалтад оролцуулахгүй.
- ADMWE-ийн өмнө зарласан төслийн сонгон шалгаруулалтаас санхүүжилт авч байсан байгууллага, баг, хувь хүн;
- Төслийн саналд худал, зөрүүтэй эсхүл санаатайгаар дутуу мэдээлэл ирүүлсэн нь тогтоогдсон этгээд;
- Өмнөх гэрээт санхүүжилтийн тайлан, үүргийг биелүүлээгүй этгээд;
- Хүүхэд хамгаалал, хүний эрх, гэр бүлийн болон жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зарчимтай харш үйлдэл гаргасан нь холбогдох хууль, эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон этгээд;
- Ашиг сонирхлын зөрчлөө мэдүүлээгүй, эсхүл сонгон шалгаруулалтын шударга байдалд нөлөөлөх нөхцөл байдал үүсгэсэн этгээд.
Шаардлагатай тохиолдолд шалгарсан хэрэгжүүлэгч нь үнэн зөв мэдээлэл ирүүлсэн, хүүхэд хамгаалал болон ёс зүйн шаардлагыг мөрдөх тухай мэдэгдэл, баталгаажуулалт гаргана.
9. Сонгон шалгаруулалтын үнэлгээний шалгуур
Үнэлгээний шалгуур:
- Нийгмийн хэрэгцээ, ач холбогдол: Төслийн шийдэх асуудал нь бодит хэрэгцээнд нийцэж байгаа эсэх
- Хэрэгжих боломж: Үйл ажиллагааны төлөвлөгөө, хугацаа, нөөц, эрсдэлийн удирдлагын бодитой байдал
- Хэмжигдэхүйц үр дүн, нөлөөлөл: KPI, үр шим хүртэгчид, хүлээгдэж буй өөрчлөлт болон хяналт-шинжилгээний аргачлал
- Тогтвортой байдал: Төсөл дууссаны дараа үр дүнг хадгалах, үргэлжлүүлэх боломж
- Санхүүгийн үндэслэл, үр ашиг: Төсвийн бодитой, ил тод, хэмнэлттэй, үйл ажиллагаатай уялдсан байдал
- Хэрэгжүүлэгч багийн чадавх: Багийн туршлага, мэргэжлийн ур чадвар, өмнөх ажлын үр дүн
- Ил тод, хариуцлагатай хэрэгжилт: Тайлагнал, мэдээллийн хүртээмж, оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө
- Тайлан тавих үүрэг: Шалгарсан төсөл нь дараа жилийн ADMWE-ийн үйл ажиллагаанд биечлэн эсхүл тохиролцсон хэлбэрээр үр дүнгээ танилцуулах бэлэн байдал болон чадавх
10. Бүрдүүлэх материал
- Төслийн санал: асуудлын үндэслэл, зорилго, зорилт, зорилтот бүлэг, үйл ажиллагааны төлөвлөгөө, хүлээгдэж буй үр дүн, KPI, эрсдэлийн болон тогтвортой байдлын төлөвлөгөө;
- Төсвийн дэлгэрэнгүй төлөвлөгөө;
- Хэрэгжүүлэгч байгууллага, багийн танилцуулга болон гишүүдийн үүрэг хариуцлага;
- Төслийн хэрэгжилтийн хугацааны дэлгэрэнгүй хуваарь;
- Бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, холбогдох зөвшөөрөл зэрэг байгууллагын баримт бичиг (байгууллагын хувьд);
- Түншлэлийн захидал, дэмжлэгийн захидал, хамтран санхүүжүүлэх баталгаа болон холбогдох бусад нотлох баримт (шаардлагатай бол);
- Төслийн багийн товч намтар, ижил төстэй ажлын туршлагын мэдээлэл;
- Үнэн зөв мэдээлэл ирүүлсэн болон санхүүжилтийн нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн тухай гарын үсэгтэй мэдэгдэл.
Анхаар: Материалыг нэгтгэсэн PDF хэлбэрээр, файлын нэрийг “Байгууллага/багийн нэр_Төслийн нэр” гэсэн загвараар илгээнэ.
11. Сонгон шалгаруулалтын үе шат
- Материал хүлээн авах;
- Бүрдэл, шаардлагад нийцэж буй эсэхийг хянах; Хангалтгүй материал ирүүлсэн бол шууд хасагдана.
- Төслийн техникийн болон санхүүгийн үнэлгээ хийх;
- Шаардлагатай тохиолдолд нэмэлт тодруулга, ярилцлага авах;
- Эцсийн шийдвэр гаргаж, шалгарсан оролцогчдод албан ёсоор мэдэгдэх;
- Гэрээ байгуулах, санхүүжилт олгох болон хэрэгжилтэд хяналт тавих.
12. Материал хүлээн авах хугацаа ба холбоо барих
Материал хүлээн авах эцсийн хугацаа
2026 оны 09 дугаар сарын 15-ны өдрийн 23 цаг 59 минут хүртэл (Улаанбаатарын цагаар)
Материал илгээх цахим шуудан : Доорх хүснэгтээр төслийн товч танилцуулгыг илгээсний дараа холбогдох нэмэлт материалыг events@admwe.org цахим хаягт илгээнэ.
13. Анхаарах зүйл
- Зөвхөн бүрэн материалтай, шаардлага хангасан төслүүд дараагийн шатны үнэлгээнд хамрагдана.
- Материал хүлээн авах эцсийн хугацаанаас хойш ирсэн төсөл болон дутуу материалтай өргөдлийг хүлээн авахгүй.
- Сонгон шалгаруулалтын хороо шаардлагатай тохиолдолд нэмэлт мэдээлэл, тодруулга, нотлох баримт хүсэх эрхтэй.
- Шалгарсан төсөл хэрэгжүүлэгч нь ADMWE-тэй гэрээ байгуулж, батлагдсан төсөв, төлөвлөгөө, тайлагналын нөхцөлийг мөрдөнө.
- Төслийн хэрэгжилтийн болон санхүүгийн тайланг гэрээнд заасан давтамж, хэлбэрээр хүргүүлнэ.
- Шалгаруулалтын дүнг ADMWE албан ёсоор мэдэгдэнэ.
- Ирүүлсэн материал буцаан олгогдохгүй бөгөөд сонгон шалгаруулалтын шийдвэр эцсийнх байна.
Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбоо (ADMWE)
Эмэгтэйчүүд, охидын аюулгүй, эрүүл, тогтвортой ирээдүйн төлөө хамтдаа.
Email: events@admwe.org
Лондон
2026 оны 08 сарын 10
