Европ дахь Монгол эмэгтэйчүүдийн ажлын ололт амжилт, хүмүүнлэг үйлсийн гавьяаг олон нийтэд таниулан сурталчлах, тэднийг дэмжих зорилгоор Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбооноос олон нийтийн санал асуулгаар “ОНЫ ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ” шалгаруулах ёслолын үйл ажиллагааг зохион байгуулж ирсээр даруй 9 жил болжээ.

ИБУИНВУ-ын Лондон хотноо болдог арга энэхүү хэмжээ хүрээгээ тэлж Европ тивд ажиллаж амьдарч байгаа Монголчуудын хүсэлтээр:
2015 онд Бельгийн Антверпен хотод,
2016 онд ХБНГУ-ын Франкфурт хотод,
2017 онд Франц улсын Парис хотод,
2018 онд Польш улсын нийслэл Варшав хотод
2019 онд Шведийн Стокхольм хотод тус тус зохион байгуулагдсан билээ.

2020 оны 5 сарын 30-нд  9 дахь жилдээ Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбоо (ЕМЭХХ)-оос эх үрсийн баярыг тохиолдуулан зохион байгуулдаг энэхүү ээлжит “Оны Шилдэг Эмэгтэй 2020” шагнал гардуулах ёслолын ажиллагаа болон «Гарааны болон жижиг дунд бизнес, тэдгээрийн санхүүжүүлэлт» сэдэвт форумыг Бүгд Найрамдах Турк Улсын нийслэл Истанбул хотноо зохион байгуулахаар болсныг та бүхэнд дуулгахад таатай байна.

Оны шилдэг эмэгтэй арга хэмжээний нэгээхэн хэсэг нь ЕМЭХХ-ны эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх зорилтын хүрээнд тодорхой сэдвээр чуулга уулзалт юм.

Тухайлбал:
2015 онд Европ дахь Азийн эмэгтэйчүүд
2016 онд Эмэгтэйчүүд бизнест
2017 онд Эмэгтэйчүүд ба ногоон хөгжил
2018 онд Эмэгтэйчүүд: Эрүүл мэнд
2019 онд  Эмэгтэйчүүд: Боловсрол, Шинжлэх Ухаан ба Инновац сэдвээр хуран чуулсан байна.
2020 онд Эмэгтэйчүүд: Жижиг дунд үйлдвэрлэл, Гарааны болон бичил бизнес, түүний санхүүжүүлэлт сэдвээр энэ салбарыг тэргүүлэн манлайлагч бүсгүйчүүдээ нэгтгэн чуулахаар бэлтгэж байна.

 

Эх орноосоо хэчнээн хол суугаа ч төдий чинээ өрх гэр, үр хүүхэд, улс эх орныхоо төлөө зүтгэж яваа энэ цагийн хатад болох Европ дахь Монгол эмэгтэйчүүдийнхээ сурч мэдсэн, хийж бүтээсэн амжилт ололт, хүмүүнлэг үйлсийн их гавьяаг олон нийтэд таниулах, дэмжин алдаршуулах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна.

Энэхүү шагнал нь харь нутгийн хүнд бэрх сорилт шалгуурт үл саатан хийж бүтээн буй Монгол хатаддаа урам зориг өгч тэдний үйл ажиллагааг, бизнес үйлчилгээг таниулан сурталчилж улмаар хоорондын хамтыг ажиллагааг өргөжүүлснээр цаашид улам их амжилт гаргахад дөхөм үзүүлэх зорилготой.

Дээшлэх