“ОНЫ ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ-2017”

Шалгаруулах журам

Европ дахь Монгол эмэгтэйчүүдийн ажлын ололт амжилт, хүмүүнлэг үйлсийн гавьяаг олон нийтэд таниулан сурталчлах, тэднийг дэмжих зорилгоор Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбооноос олон нийтийн санал асуулгаар “ОНЫ ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ-2017” шалгаруулах ёслолын үйл ажиллагааг Европ дахь Монгол эмэгтэйчүүдийн Холбооноос 6 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

ИБУИНВУ-ын Лондон хотноо болдог арга хэмжээ хүрээгээ тэлж Европ тивд ажиллаж амьдарч байгаа Монголчуудын хүсэлтээр 2015 онд Бельгийн Антверпен хотод, ѳнгѳрсѳн жил ХБНГУ-ын Франкфурт хотод зохион байгуулсан бѳгѳѳд энэ жил Франц улсын Парис хотноо  2017 оны 5 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулахаар болсныг  та бүхэнд дуулгахад таатай байна.

Европ дахь “Оны шилдэг эмэгтэй-2017″-ыг дор дурдсан таван төрлийн нэр дэвшүүлэлтээр шалгаруулах болно.

Нэр дэвшүүлэлтийн төрөл

  • Бизнесийн салбарын шилдэг эмэгтэй
  • Хүмүүнлэгийн салбарын шилдэг эмэгтэй
  • Оны шилдэг эмэгтэй оюутан
  • Урлаг, спортын салбарын шилдэг эмэгтэй
  • Шилдэг олон нийтийн байгууллага

Европын улсуудад Монгол Улсаас суугаа Элчин сайдын яамд болон олон нийтийн байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн зүгээс энэхүү хүмүүнлэгийн арга хэмжээг дэмжиж хамтран ажиллахыг уриалахын ялдамд ажил үйлсээрээ шалгарч амжилт гаргасан төдийгүй олон нийт, хүмүүнлэгийн ажилд гар бие оролцож яваа нэр нь тодроогүй баатрууд болох шилдэг эмэгтэйчүүд, мөн байгууллагыг дээр дурдсан өргөмжлөлийн төрлүүдэд нэр дэвшүүлж шалгаруулалтад оролцуулахыг хүсч байна.

Бид хамтран зохион байгуулагч болон хандивлагч байгууллагын төлөөллийг үйл ажиллагаандаа урин оролцуулж үг хэлэх, шагнал гардуулах боломж олгохоос гадна байгууллагын сурталчилгаа болон бараа бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлэх боломжоор хангана. Мөн байгууллагынхаа цахим сүлжээ болон урилга, зарын хуудас дээр хамтран ажиллаж буй байгууллагын логог байршуулж сурталчлах болно.

Шалгаруулалтад оролцуулах эмэгтэйчүүд, байгууллагын материалыг 2017 оны 5 сарын 20-ны өдрийн дотор [email protected] хаягаар бидэнд ирүүлэхийг хүсч байна.

Бүрдүүлэх материал

  • Нэр дэвшигчийн тодорхойлолт /ололт, амжилтыг тодорхой илэрхийлж, тухайн салбарт оруулсан хувь нэмрийг дурдсан байх/
  • Ололт амжилт, туурвисан бүтээлийн хураангуй жагсаалт
  • Нэр дэвшүүлж буй байгууллага, хувь хүний товч танилцуулга
  • Баримтжуулсан зураг болон видео бичлэгүүдийг тусад нь хавсаргаж ирүүлэх
  • Материалыг монгол, англи хэл дээр word document хэлбэрээр ирүүлэх
  • Нэр дэвшигчийн зураг ирүүлэх

Шалгаруулах журам

Нэр дэвшигчийн материалыг 2017 оны 5 сарын 20-ны дотор хүлээн авч 5 дүгээр сарын 20-ноос 5 дугаар сарын 25-ны өдрүүдэд цахим хуудас, фэйсбүүкээр танилцуулж олон нийтийн саналыг авна. Санал хураалтын ажил дууссаны дараа 5 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд нэр дэвшүүлэлтэд орсон салбар тус бүрийн мэргэжилтнүүдээс бүрдсэн Шалгаруулах багийн бүрэлдэхүүн нь тухайн салбар бүрт гаргасан амжилтыг нарийн үндэслэлтэйгээр хэлэлцэж салбарын шилдэг эмэгтэйг тодруулан тухайн эмэгтэйн нэр бичигдсэн хуудсыг дугтуйнд хийж лацдана. Ингээд дугтуйг Оны Шилдэг Эмэгтэй-2017 өргөмжлөх ёслолын үйл ажиллагааны үеэр тухайн салбарт нэр хүнд бүхий хүндэт зочноор задлуулж шилдэг эмэгтэйг олон нийтэд зарлана. Нэр дэвшүүлэлтэд ирүүлсэн бүх нэр дэвшигч эмэгтэйчүүдийн материалыг Оны шилдэг эмэгтэй-2017 өргөмжлөх ёслолын үйл ажиллагаан дээр дэлгэцээр үзүүлж телевизийн нэвтрүүлэг бэлтгэн Монголын олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон тус холбооны цахим хуудас, фэйсбүүк зэргээр олон нийтэд танилцуулах болно.

Ѳмнѳх жилүүдийн үйл ажиллагааны талаархи дэлгэрэнгүй мэдээллийг www.admwe.org цахим хуудас болон https://www.facebook.com/ADMW2011 нүүр хуудаснаас хүлээн авч үзнэ үү.

Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбоо

PARIS 2017 jpeg

Leave a comment