Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбоо (ЕМЭХХ)
Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг Германы хөрөнгийн бирж дээр тэмдэглэлээ.

Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбоо (ЕМЭХХ) Олон улсын эмэгтэйчүүдийн баяраа 2019 оны 3 дугаар сарын 8нд Германы хөрөнгийн бирж дээр тэмдэглэлээ.

Энэхүү үйл ажиллагаа нь Монгол Улс, ХБНГУ хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд болж байгаагаараа онцлог юм. ЕМЭХХ-ны гүйцэтгэх захирал, Монгол Улсын Соёлын Элч Ц.Гэрлээ нь энэхүү ажлыг санаачлан амжилттай зохион байгууллаа. Монгол эмэгтэйчүүд анх удаа Франкфурт хотын хөрөнгийн бирж дээр “Жендерийн тэгш байдлын төлөө хонх цохих” ёслолын үйл ажиллагаанд оролцож Германы хөрөнгийн биржтэй холбоо тогтоосноороо онцлог байлаа..

Олон Улсын Эмэгтэйчүүдийн баяраа хамтран тэмдэглэхээр ХБНГУ-ын Берлин, Лайпциг, Мюнстер, Юлих, Франкурт, Ньюрнберг, Лимберг, зэрэг хотуудад ажиллаж амьдарч буй болон бизнес эрхлэгчид, оюутан залуучууд хүрэлцэн ирсэн юм. Мөн Берлиний Майдар холбооны тэргүүн А.Алимаа, ХБНГУ дахь МЗХ-ны салбар зөвлөлийн тэргүүн С.Амармэнд болон Берлин хотын Монголын оюутны холбоо Mas-Berlin-ний Б.Маргад тэргүүнтэй төлөөлөгчид оролцлоо.

Хүрэлцэн ирсэн эмэгтэйчүүд маань хувь хүн болон бизнес эрхлэгчдэд зориулсан хөрөнгө оруулалтын ойлголцол, хэрэгцээг бэхжүүлэх, хувьцааны зах зээлд хөрөнгө оруулалт хийх боломж, эрсдлийн тухай илтгэлүүдэд оролцсон юм. „Амьдралд их хэрэгтэй бас сонирхолтой илтгэлүүд байна. Шууд хэрэгжүүлэх маш их санаа авлаа. Ийм чухал ажил зохион байгуулсанд баярлалаа.“ гэж оролцсон эмэгтэйчүүд хэлж сэтгэл өндөр байгааг харахад энэ сэдэв өнөөдөр ямар их чухал болохыг харуулж байна.

Маш сонирхолтой илтгэлүүдийг санхүүгийн салбарын шилдэг эмэгтэйчүүд болох Каролине Пойнтер, BlackRock, Aлис Хюбнер, DWS, Эдда Вогт, Deutsche Börse, Свеняа Глаб, Deutsche Börse AG-аас оролцож тавилаа.

Ингээд үдээс хойш эмэгтэйчүүд маань „We love photography! 20 years Art Collection Deutsche Boerse“ зургийн үзэсгэлэнг тайлбартай үзэж сонирхлоо. Deutsche Boerse Photography Foundation нь 1999 онд орчин үеийн гэрэл зургийг дэмжих зорилгоор нээгдсэн юм. Анхны санаачлагч эмэгтэй Анне-Марий Бекман нь өнөөдөр хүртэл энэ санг удирдан ажиллаж байна.

Бидний хүсэлтийг найрсаг хүлээн авч дэмжсэн Германы хөрөнгийн биржийн хамт олонд гүн талархлаа илэрхийлье! Мөн дэмжиж тусалсан Германы Хөрөнгийн бирж дээр арван ёс дэх жилдээ ажиллаж буй монгол эмэгтэй Д.Даваажаргал таньд баярлалаа!

Өдөр болон оройн зоогонд монгол, герман хоолоор дайлсан Франкурт хотын „Golden Gobi“ монгол рестораны эзэн Л.Отгонбаяртаа хүрэлцэн ирсэн эмэгтэйчүүд маань ихэд талархав.

Ингээд эмэгтэйчүүд маань төгсгөлд нь оройн зоог дээр бие биетэйгээ танилцан халуун яриа өрнүүлснээр ЕМЭХХ нь олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан хийдэг жил бүрийн уламжлалт үйл ажиллагаа ийнхүү амжилттай өндөрлөлөө.

Энэхүү үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн бүх хүмүүст болон олон улсын Financial Planner Standart Board байгууллагын гишүүн, EFA European Financial Advisor Л. Билгээ таньд талархлаа илэрхийлье!

Leave a comment