Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбоо (ЕМЭХХ), Английн уул уурхайн Рио Тинто компанитай  хамтран  Монголын Засгийн Газраас хэрэгжүүлж буй “Хавдрын эсрэг үндэсний аян-2012” хүрээнд өсвөр насны охидыг умайн хүзүүн хорт хавдраас урьдчилан сэргийлж  вакцинжуулах ажлыг дэмжиж хандив үзүүлэх зорилгоор  тусламжын дуудлага худалдааг 2012 оны 6 сарын 20-ны өдөр Лондон хотноо  Монголын хамгийн том хөрөнгө оруулагч, Дэлхийн нэр бүхий уул уурхайн Рио Тинто компанын төв байранд зохион байгуулав.

Дуудлага худалдааны үйл ажиллагааг Рио Тинто компанийн Дэд тэргүүн Хатагтай Анн Стивинс, Лондон дахь Монгол банкны төлөөлөгчийн газрын Захирал, ЕМЭХХ-ны Тэргүүн Д. Энхжаргал нар нээж үг хэллээ.

Тэрээр “ Монголын ирээдүйн  эрүүл байх зам” сэдвээр зохион байгуулж  буй  Монголын өсвөр насны охидыг вакцинжуулах  өнөөдрийн энэхүү ажилд хөрөнгө хандивлах дуудлага худалдаанд Британийн  угсаа залгамжилсан ханхүү Чарльз “The Southfront, Highgrove House”  өөрийн зурсан уран бүтээлээ гарын үсгийн хамт илгээсэнд бид гүнээ талархаж, туйлын их баяртай байгаагаас гадна  энэхүү ажлын ач холбогдлыг өндрөөр үнэлж, гадаадад мэргэжилээрээ амжилттай ажиллаж байгаа Монгол эмэгтэйчүүдийн буяны ажлыг сайшаан дэмжин урам хайрласанд талархалаа илэрхийлэв.

Мөн МУ-ын Ерөнхий сайд С.Батболд болон Эрүүл мэндийн яамны Дэд сайд Ж.Цолмон нар бидний арга хэмжээнд мэндчилгээ илгээж амжилт хүссэн явдал нь  Монгол улсын Засгийн газар гадаадад сурч, ажиллаж, амьдарч байгаа монголчууд болон олон нийтийн байгууллагуудаа дэмжин ажилладгийг, нөгөө талаас Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн  Холбоо, Англи дахь Монголын соёлын төв болон бусад иргэний нийгмийн  байгууллагууд  Засгийн газрын бодлогыг дэмжин харилцан ажиллах болсон нь Засгийн газраас явуулж байгаа Зөгийн үүр хөтөлбөрийн үр өгөөж гарсныг харуулж  байна  хэмээн Хатагтай Д.Энхжаргал онцлон дурьдаад Монголын үрс маш олон болтугай. Монгол улсын  Засгийн газар улсын төсөвт орсон уул уурхайн орлогоос  өсвөр насны охидыг вакцинжуулах хорт хавдраас урьдчилан сэргийлж хамгаалахад зарцуулахаар жил бүр төсөвт үе шаттайгаар хэрэгжүүлхийг уриалж сайн үйлс дэлгэрэх болтугай гэж хүсэн ерөөв.

Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд Монголын ирээдүйн ээжүүдийг эрүүл байлгах, эрүүл эхээс эрүүл хүүхэд төрөх буянтай үйлсэд туслах хандивын дуудлага худалдааг санаачлан зохион байгуулж буй ЕМЭХХ-ны хамт олонд болон тус хандивын ажлыг дэмжиж  Английн Хан хүү Чарльз, Рио Тинто компани мөн дуудлага худалдаанд идэвхтэй оролцож буяны гараа сунгасан бүх хүмүүст баяр хүргэж үйл ажиллагаанд амжилт хүссэн мэндчилгээг ирүүлсэн нь оролцогчдын талархлыг хүлээв.

Эрүүл мэндийн яамны Дэд сайд Хатагтай Ж.Цолмон видео мэндчилгээндээ: Умайн хүзүүний хорт хавдар нь манай улсын эмэгтэйчүүдийн дунд зонхилох хавдрын хоёрдугаарт, нийт хүн амын хавдрын өвчлөлийн дөрөвдүгээрт ордог. Энэ оны 2012 оны 1 сараас эхлэн 11-15 насны охидын дөнгөж 10%-г Мянганы Сорилтын сангийн санхүүжилтээр вакцинжуулж эхлээд байгаа юм. Эмэгтэйчүүд, охидын дунд чимээгүй тархаж байгаа энэ аюулт өвчинөөс сэргийлэхийн тулд бид зайлшгүй үлдсэн 90% -ийн охидуудаа вакцинжуулах шаардлагатай болоод байна. Гадаадын улс орнуудад өндөр боловсрол эзэмшсэн төдийгүй мэргэжлээрээ дэлхийн нэр хүндтэй байгууллагуудад ажиллаж байгаа монгол эмэгтэйчүүд маань нэгдэж өөрсдийн байгууллагыг байгуулан бидний энэ үйл ажиллагааг дэмжиж гадаадын нэр хүндтэй томоохон бизнесс компаниудад учирлан таниулж  энэ үйлсийн төлөө хамтран өгөөмөр тусламж үзүүлж байгаад баярласнаа илэрхийлэв.

Хандивын дуудлага худалдаанд нийт 80 гаруй гадаадын бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, Монголыг сонирхогч Монголтой хамтран ажилладаг байгууллагуудаас гадна эмэгтэйчүүд, сайн дурын байгууллагын төлөөлөгчид, монгол эмэгтэйчүүд оролцлоо.

Дуудлага худалдаанд  Монголын сор болсон урлагийн бүтээлүүд, уламжлалт ноос ноолууран болон ,эсгий бүтээгдэхүүнээс гадна сонсголын бэрхшээлтэй  зураач эмэгтэй  Т.Гунгаамааг  дэмжиж туслах зорилгоор түүний өнгө будаг тод, гүн гүнзгий утга  санааг илтгэсэн бүтээлүүд бас тавигдсан төдийгүй Гиннесийн шинэ рекорд тогтоосон, “Авьяаслаг Британчууд” нэвтрүүлэгт оролцож 8 сая үзэгчдийн өмнө  Монголын уран нугаралтыг анх дэлхий даяар таниулсан, YouTube-р үзсэн үзэгчдэс “хамгийн алдартай нугараач” болж чадсан уран нугараач Л.Оюунгэрэлийн гайхамшигт тоглолт нь гадаадынханд монголын урлагаас гадна бүтээгдэхүүнийг сурталчилсан нөгөө талаар буяны хандив цуглуулсан томоохон сайхан арга хэмжээ боллоо.

ЕМЭХХ нь нийт 20 гаруй сая төгрөгийг Монголын өсвөр насны охидыг хорт хавдраас сэргийлэх вакцинжуулах ажилд хандивлахаар цуглуулаад байна.

2011 оны 11 сараас эхлэн ЕМЭХХ-ны хандив цуглуулах арга хэмжээг хамтран зохион байгуулсан, тусалж дэмжсэн, хандив өгсөн Рио Тинто, Лондонгийн Хөрөнгийн Бирж, Английн парламентийн Лордуудын дээд танхим, Европын Сэргээн Босгоолт Хөгжлийн банк, Дэлхийн эдийн засгийн санхүү мэдээллийн төв BLOOMBERG ,Уэстминстер Бизнес зөвлөл,  Клайд & ко хуулийн компани, PWC, UFC, Уул уурхайн Монполимет компани, Монголросцветмет, Хөнгөн бетон ХХК,  Б. Март захиралтай Англи дахь Монголын Соёлын Төв, Британи Монголын Худалдааны танхимын Тэргүүн Ноён Жон Гроган, Т.Адьшаажав Тэргүүнтэй Британи дахь НАМЗХ-ны залуучууд,Тэргүүн Т.Адьшаажав,  ноён Робин Марш  Дэлхийн  Энхтайвны  Нэгдэл,  ноён Сарош Зайвалла, Жорж Вроу болон бусад байгууллага, хувь хүн, хамт олон талархлын эзэд боллоо.

Сайн үйлс дэлгэрэх болтугай!

 

Leave a comment