Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбоо 2 жилдээ Монгол Улс болон Европ тивд бизнес эрхэлж буй Монгол эмэгтэйчүүдийн бизнесийн сүлжээг бий болгох, тэдний бизнесийн харилцаа, үр ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэхэд дэмжлэг үзүүлэх, бизнес эмэгтэйчүүдийн түншлэлийг бий болгох, ажлын арга барил, туршлагаасаа хуваалцах боломжийг олгох зорилготой Монгол Эмэгтэйчүүд Бизнест-2013 чуулганаа Брюссель хот дахь Европын Парламентын Төв Байр болон Миланы Хөрөнгийн бирж дээр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 2013 оны 3 сарын 7,8 ны өдрүүдэд маш амжилттай зохион байгууллаа.
3 сарын 7 ны өглөө ЕМЭХХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн А. Одонтуяа, М.Золжаргал болон Монгол Британийн Худалдааны танхимын Тэргүүн Жон Гроган нар Европын парламентын гишүүн, Европын парламент дэх Төв Ази болон Монголын асуудлыг хариуцсан Тэргүүн Ноён Паоло Бартолоззитэй Монголын бизнес эмэгтэйчүүд үйл ажиллагаагаа Европт өргөжүүлэх сонирхлыг Европын парламент дэмжин хамтран ажиллах, 2 талын хоорондын харилцааг хөгжүүлэх асуудлаар Брюссель дэх Европын Парламентын төв байранд уулзалт хийлээ. Уулзалтын бизнес эмэгтэйчүүдийн сонирхлын талаар мөн цаашид Монгол Улс ямар ямар асуудлуудаар Европын Парламенттай хамтран ажиллах бололцоо, боломжууд байгаа талаар хэлэлцэв.
Ноён Жон Гроган Монгол улс болон Монгол эмэгтэйчүүдийн сонирхлыг Европын Парламентын хөтөлбөрт тусгах маш чухал уулзалт боллоо хэмээн онцлон дүгнэлээ.

3 сарын 8 ны өдөр Милан хотын Хөрөнгийн бирж дээр 2 дахь өдрөө чуулган үргэлжиллээ.
Чуулганыг Лондонгийн хөрөнгийн биржийн Милан дахь Тэргүүлэгч Даниала Биаги удирдаж явуулав. Чуулганыг нээж Монгол банкны Лондон дахь газрын дарга, ЕМЭХХ Тэргүүн Хатагтай Д.Энхжаргал нээж үг хэллээ. Тэрээр Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг хүргээд энэхүү чуулганыг хамтран зохион байгуулж гүн туслалцаа үзүүлсэн байгууллагууд болон бүх хүмүүст гүн талархсанаа илэрхийлж чуулганы ажилд амжилт хүсэж илгээсэн МУ-ын Эрүүл мэндийн яамны сайд Н.Удвалын мэндчилгээг уншиж танилцуулав. Үүний дараа Монгол эмэгтэйчүүдийн бизнес санаанууд сэдвээр чуулган явагдаж нээлттэй хэлэлцүүлэг хийв. Тус чуулганыг Милан хотноо зохион байгуулсан Милан дахь Монгол улсын Өргөмжит консул Хатагтай Ц.Ганчимэг болон Милан дахь Монголын оюутан залуус хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож санаа бодлоо хуваалцлаа.

Үдээс хойш 1924 онд байгуулагдсан Дэлхийд алдартай гар хийцийн үнэт эдлэлийн Дамиан группд зочилж үдийн зоог барин тус группын Захирал Хатагтай Силвиа Дамианийн Итали болон Олон улсын зах зээлд Италийн үнэт эдлэлийн загварын элчин сайд, Италийн уламжлалт үнэт эдлэлийн загварын шилдэг бэлгэдэл болтлоо хөгжиж чадсан тус компанийн бизнесийн түүхийн илтгэлийг сонслоо.

Төгсөлд нь ЕМЭХХ-ны УЗ-ийн гишүүн М.Золжаргал чуулганд идэвхтэй оролцсон эмэгтэйчүүддээ баярласнаа илэрхийлээд ирэх 6 сарын 1нд Эх үрсийн баярыг тохиолдуулан зохиогдох Европ дахь Оны Шилдэг Эмэгтэй-2013 ёслолын арга хэмжээнд шилдэг эмэгтэйчүүдээ хүрэлцэн ирэхийг урилаа.

Leave a comment