Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн холбоо (ЕМЭХХ) олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулж Дэлхийн Энхтайвны холбоо, түүний дэргэдэх Британи дахь  Эмэгтэйчүүдийн байгууллагатай хамтран Английн Парламентийн Лордуудын танхим гэж нэрлэгдэх Дээд танхимд эмэгтэйчүүдийн тэгш эрх, охидын асуудлаар чуулган зохион байгуулав.

Чуулганд уригдсан хүндэт зочин Лордуудын танхимын гишүүн, Эмэгтэйчүүд, тэгш эрхийн асуудал хариуцсан Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Баронес Сандип Вэрма хэлэхдээ эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлнэ гэдэг нь эрэгтэйчүүдийг үзэн ядах биш харин тэдний дэмжлэгийг авч  хамтын шийдвэрийг гаргахад орших ёстой гэлээ.

Чуулганы нээлтэнд ЕМЭХХолбооны Тэргүүн Хатагтай, Лондон дахь Монголбанкны төлөөлөгчийн газрын захирал Д.Энхжаргал “Монголын эмэгтэйчүүдээ төлөөлж анх удаа Их Британийн парламентын энэхүү нэр хүндтэй танхимд үг хэлэх боломж олгосонд талархал” илэрхийлээд, эмэгтэйчүүдийг хүчирхэг болгоход чиглүүлсэн энэ үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан нь түүхэн үйл явдал болсныг онцлон  тэмдэглэсэн юм. Монгол эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах, тэдний улс төр, нийгмийн амьдралд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх асуудлаар та бүхэнтэй санал солилцож, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар өөрсдийн дуу хоолойгоо нэгтгэж байгаадаа тун баяртай байна гээд тус холбооноос Монгол охидыг умайн хүзүүн хавдраас урьдчилан сэргийлэх зорилгоор вакцинжуулах ажилд хөрөнгө хандив цуглуулах, Европ, Их Британи, Монгол эмэгтэйчүүдийн хооронд бизнес холбоо сүлжээг бий болгон хөгжүүлэхэд тусалж дэмжих, ижил төстэй байгууллагуудтай хамтран ажиллахыг санал дэвшүүлэв. Монгол улсад эмэгтэйчүүдийн тэгш эрхийн талаар олон хууль дүрэм, хөтөлбөрүүд гарч, түүнийг хэрэгжүүлэх дэд бүтэц байгууллагууд бий болсон нь сайшаалтай хэдий ч эмэгтэйчүүд өөрсдөө хүчирхэг болон хөгжих нь илүү чухал тул олон нийтийн байгууллагууд энэ чиглэлд ажиллах шаардлагатай, тиймээс ч Европт байгуулагдсан Монгол эмэгтэйчүүдийн  маань байгууллага энэ чиглэлээр ажилладаг юм гэв.

Тус чуулганд  Дэлхийн Энхтайвны Төлөөх Эмэгтэйчүүдийн холбооны Тэргүүн Митти Тохма, Өмнөд Солонгосын Дэлхийн энхтайваны холбооний тэргүүн Хатагтай Хай Ок Сонг, Монголын элчин сайдын яамны Боловсрол соёл хариуцсан нарийн бичиг Б. Мөнхжин, Уэльсийн Хун тайжийн Буяны сангийн төлөөлөгч Хатагтай Ионне Абба- Ороки,  Британи дахь Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны Тэргүүн Т. Адьшаажав, Дэлхийн энхтайвны холбооны Тэргүүн хатагтай Маргерит Али, Вэстминистр Бизнесс Зөвлөлийн Гүйцэтгэх Захирал, Элизабет Кровтэр Хант, Кэмбрижийн их сургуулийн Тэргүүлэх багш Юбунни Чэндлер, ЕМЭХХ-ны Гүйцэтгэх Захирал Б. Алтансувд, Британи дахь Монголын Соёлын төвийн Захирал Б.Март, Монгол Британийн Бизнес Худалдааны зөвлөлийн дарга Ч. Оюунаа, , Мон Чарити дарга Э.Одончимэг, МСТ-н УЗ гишүүн З.Отгонбаяр, ЕМЭХХ- ны УЗ-н гишүүн Ө.Азжаргал, Г.Цэнд-Аюуш, Г.Гүндарь нарын  нэр хүнд бүхий төлөөлөгчид уригдан оролцож, Британид ажиллаж амьдарч сурч байгаа Монгол эмэгтэйчүүд болон Английн улс төр, бизнесэд үйл ажиллагаа явуулдаг эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцов.

Чуулганд оролцсон төлөөлөгчид залуу охидуудыг ирээдүйн сайн ээж болгож хүмүүжүүлэх, тэднийг багаас нь  өөртөө итгэх итгэлтэй, үр хүүхэд болон нийгэмдээ үлгэр дууриалал болж чадах чадварыг зөв тавьж өгөх  шаардлагатай байгаа талаар санал солилцон хэлэлцэж, үүнд  телевиз хэвлэл мэдээллийн байгууллагууд  ихээхэн  буруу үлгэр дууриалал үзүүлсэн мэдээ  явуулж байгааг шүүмжлээд цаашид бүгдээрээ энэ асуудлаар хамтарч ажиллахаар санал нэгдэв. Европ дахь Монгол эмэгтэйчүүд нь “Үр хүүхдээ асран хүмүүжүүлэхэд асар их үүрэг гүйцэтгэдэг эгэл жирийн, сайхан Монгол ээжүүд”-ийг олонд алдаршуулан магтаж, тэднээс залуу эхчүүд суралцахад туслах зорилготой цахим хуудас ажиллуулах талаар санаачилсныг мэдээлэв.

Мөн Европ дахь Монгол эмэгтэйчүүдийн тус байгууллага нь “ Бизнест Монгол Эмэгтэйчүүд” гэсэн зөвлөгөөн танилцах аянг Лондонд энэ хавар зохион байгуулахаар төлөвлөж байгаа тул сонирхогч байгууллагуудыг [email protected] хаягаар холбоо барихыг уриаллаа.

Leave a comment