Picture1

Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбоо (ЕМЭХХ) Олон улсын эмэгтэйчүүдийн баяраа Бельгийн Вант Улсын Парламентийн ордонд тэмдэглэлээ. ИБУИНВУ, ХБНГУ, Люксембург болон Белгийн Вант Улсад ажиллаж амьдарч буй монгол эмэгтэйчүүд 2018 оны 3 дугаар сарын 3 нд хуран чуулж төгсгөлд нь Бельгийн Вант Улсын Парламентийн ордонтой танилцлаа. Хурлыг ЕМЭХХ-ны Бельги дэх төлөөлөгч, Эв Нэгдэл Холбооны тэргүүн, Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөлийн Удирдах Зөвлөл (УЗ)-ийн гишүүн Л.Алтанчимэг нээж, Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр хэрхэн үүссэн,

мөн эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх тэмцлийн түүхээс танилцууллаа. “1910 онд Копенгагед болсон Олон Улсын Социалист эмэгтэйчүүдийн их хурал дээр Клара Цеткин гэгч эмэгтэй 3-р сарын 8-ны өдрийг Дэлхийн бүх эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлын төлөө тэмцэлд нэгдэхийг уриалан Олон Улсын Эмэгтэйчүүдийн баярын өдөр болгох санал дэвшүүлж дэлхийн олон улс орны эмэгтэйчүүд энэ уриаг хүлээн авч хөдөлмөрлөх эрх, нэр төрөө хамгаалах, хүндлүүлэх эрх, энх тайвны төлөө, ядуурлын эсрэг тэмцэлд нэгдсэн байна. Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг социализмын нөлөөн доорх улс орон бүр тэмдэглэх болсноор жилээс жилд улам өргөн хүрээг хамрах болсон байна. „

Энэхүү хурлын хүндэт гишүүн болох Бельгийн Парламентийн гишүүн хатагтай Нахима Ланжри хэрхэн цагаач гэр бүлийн охин өнөөдрийн өндөрлөгт хүрсэн өөрийн түүхээс болон Бельгийн Засгийн газраас эмэгтэйчүүдийн эрхийн төлөө хийж буй ажлынхаа тухай ярилаа. Үүнд, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн цалингийн ялгаа, эмэгтэйчүүдийн ажил амьдралын тэнцвэрийг хангах, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хийж буй ажлуудыг дурьдав. Мөн Бельги Улсад тулгараад буй цагаач охид эмэгтэйчүүдийн хүндрэлтэй асуудлын талаар ярьж хуралд хүрэлцэн ирсэн сонсогчидын асуултад дэлгэрэнгүй хариулт өглөө. Тэрээр “Бид өнгөрсөн хугацаанд эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэж байсан бүх эмэгтэйчүүддээ талархах хэрэгтэй. Гэхдээ бидний өмнө хийх ажил маш их байна.” гэж уриаллаа.

Picture3

ЕМЭХХ-ны үүсгэн байгуулагчдын нэг УЗ гишүүн, хуульч Б.Алтансувд ЕМЭХХ -ны зорилго болон 2011 оноос хойш хийсэн ажлуудаасаа онцлон танилцууллаа. Тэрээр танилцуулахдаа: ЕМЭХХ нь гадаадад ажиллаж, амьдарч буй Монгол эмэгтэйчүүдийн үйл ажиллагааг хүчирхэгжүүлэн хөгжүүлэхэд туслах, Монгол, Британи, Европийн орнууд дахь Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хооронд гүүр болж бизнесийн сүлжээг байгуулах, Эмэгтэйчүүд хүүхдийн сайн сайхны төлөө хүмүүнлэгийн ажилд туслах, дэмжих зорилготойгоор Европ тивд амьдарч буй өндөр боловсрол, нарийн мэргэжил эзэмшсэн, мэргэжлээрээ ажиллаж буй чадварлаг Монгол эмэгтэйчүүдийн дэмжлэгтэйгээр 2011 онд Лондон хотноо байгуулагдсан ашгийн бус, олон нийтийн байгууллага юм. 2012 онд “Монгол Бизнес Эмэгтэйчүүд” чуулганыг Лондонгийн Хөрөнгийн Биржийн нээлтийн ёслолын үйл ажиллагааг хийж хонх дарж эхлүүлсэн нь Дэлхийн Санхүүгийн Зах зээлд анх удаагаа Монголын эмэгтэйчүүд гэсэн нэрийг дуурсгасан түүхэн үйл явдал болсон.

Жил бүр эх үрсийн баярыг тохиолдуулан зохион байгуулдаг Европ дахь шилдэг Монгол эмэгтэйчүүдийг шалгаруулах “ОНЫ ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ” ёслолын үйл ажиллагаа нь олон хүний сэтгэлд хүрч, тэдэнд хийж бүтээхийн урам зоригийг хайрласан арга хэмжээ болж чадсан юм. Энэхүү үйл ажиллагааны хуримтлалаар бид “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг-Эмэгтэйчүүд хүүхдүүдийг хамгаалах”-сайн үйлсийн аянд олны анхаарлыг татах, энэ чиглэлийн ажилд туслах хүмүүнлэгийн ажлыг жил бүр зохион байгуулдаг.

Рио Тинто групптэй хамтран 10.000.00 фүнт стерлингийн хандивыг хуримтлуулсан хандивыг Эрүүл Мэндийн Яамаар дамжуулан хөдөө орон нутгаас ирсэн ирээдүйн ээжүүд болох оюутан охидуудад эрүүл мэндийн үнэгүй үзлэг эмчилгээ хийх, бэлгийн замын өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалтанд хамруулахад зарцуулахаар тохиролцон амжилттай хэрэгжүүлснээр төсөлд нийт 78000 оюутан охид залуусыг хамруулж чадсан юм.

ЕМЭХХ нь “Бизнест Эмэгтэйчүүд”, “Дэлхийн санхүүгийн захаас хөрөнгө босгох нь” сэдэвт санхүүгийн ажилтнуудад зориулсан сургалт семинар зохион байгуулсан.

Монголоос ирсэн уул уурхайн чиглэлээр ажиллаж байгаа санхүүгийн ажилтнуудад олон улсын нэр хүнд бүхий банк, санхүү, нягтлан бодох, аудит, хуулийн байгууллагуудын

өндөр мэргэжилтэй, удирдах ажилтнуудаар сургалтад хамрууласан… гэх мэт ажлуудыг жишээ авч танилцууллаа.

Бельги дэх өргөмжит консул Paul Van Wouwe хэлэхдээ: “ Энэ бол эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондын тэмцэл биш. Харин бид бүгдээрээ хамтраад эрх тэгш, хүмүүнлэг нийгмийн төлөө тэмцэх хэрэгтэй. 40 жилийн өмнөх сонсож байсан нэрт дуучин Bob Marley-гийн “Get up, Stand up” гэдэг энэ дууны уриалга өнөөдөр хүртэл хүчинтэй байна.” гэсэн юм.

Schroders хөрөнгө оруулалтын менежментийн компанид ахлах мэрэгжилтэн Б. Намуун Люксембург улсын тухай танилцуулж энэхүү улсын эмэтгэйчүүдийн эрх тэгш байдлын төлөө хийж буй ажлууд болон ээжүүдэд хүрдэг нийгмийн халамжийн давуу талаас танилцууллаа. Боловсролын Яаманд атташе Б. Оюунтүлхүүр өөрийн туршлагаас ярьж харин хамгийн залуу оролцогч хуульч Д. Золжаргал орон нутгийн сонгуульд оролцож Белгийн улс төрд монгол эмэгтэй хүний дуу хоолойгоо хүргэхээ баяртайгаар мэдэгдлээ.

Picture4

ЕМЭХХ-ны УЗ гишүүн А.Одонтуяа нь 450 жилийн тvvх бүхий Антверпен хотын захиргааны төв ордонд ЕМЭХХ-ны зохион байгуулсан Европ дахь Азийн эмэгтэйчүүд” олон улсын хурлыг болон “Оны шилдэг Монгол эмэгтэй 2015” шагнал гардуулах ээлжит ёслолын ажиллагаа- Бельги улсын Антверпен хотын Хилтон зочид буудалд амжилттай хийж байсныг онцлон дурдаад энэхүү ажлуудад ЕМЭХХ-ны Бельги дэх төлөөлөгч Л.Алтанчимэгийн оруулсан хувь нэмэрт талархлаа илэрхийллээ.

Хурлыг Монгол Улсын Соёлын Элч, ЕМЭХХ-ны гүйцэтгэх захирал, ХБНГУ дахь Моngolian Step, Монголын Соёл Урлагийн Агентлагийн үүсгэн байгуулагч Ц.Гэрлээ хааж хэлэхдээ: ХБНГУ-д тавь жаран жилийн өмнө эмэгтэй хүн ажил хийхийн тулд нөхрөөсөө зөвшөөрөл авдаг байсан бол өнөөдөр дэвшил их гарчээ. Европ даяар дэвшил гарч нээлттэй болж байна. Үүний нэг жишээ нь бидний монгол бүсгүйчүүд Бельгийн Вант Улсын Парламентын ордонд хуран цуглаж, олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх өдрийг тэмдэглэж байна. Эв нэгдэлтэй байж бие биеэ дэмжиж хүмүүнлэг нийгмийн төлөө хамтдаа тэмцэх нь бид бүгдийн үүрэг юм. Үүний төлөө ЕМЭХХ ажиллах болно.” гээд төгсгөлд нь ЕМЭХХ-ны эх үрсийн баярыг тохиолдуулан зохион байгуулдаг ээлжит “Оны шилдэг Монгол эмэгтэй 2018” шагнал гардуулах ээлжит ёслолын ажиллагаа болон «Эмэгтэйчүүд-эрүүл мэнд» сэдэвт форумыг 2018 оны 5 дугаар сарын 26-нд Польш Улсын нийслэл Варшав хотноо болохыг мэдэгдэж, өргөнөөр хүрэлцэн ирж оролцохыг уриаллаа.

Энэхүү үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн Бельги дэх ТББ-д талархлаа илэрхийлье!

Picture2

Leave a comment