2015 оны 1 дүгээр сарын 5

IMG_2898

Монгол Улсын Ерөнхий сайд, Жендэрийн Үндэсний Хорооны Дарга

Эрхэм хүндэт Ч. Сайханбилэг танaa,

Утга:  Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг авах арга хэмжээний тухай

 Танд юуны өмнө Шинэ оны мэнд хүргэж ажлын өндөр амжилт хүсэн ерөөе!

          Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн холбоо (ЕМЭХХ) нь гадаадад ажиллаж, амьдарч буй Монгол эмэгтэйчүүдийн үйл ажиллагааг хүчирхэгжүүлэн хөгжүүлэхэд туслах, Монгол, Британи, Европийн орнууд дахь Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хоорондын гүүр болж бизнесийн сүлжээг байгуулах, Эмэгтэйчүүд хүүхдийн сайн сайхны төлөө хүмүүнлэгийн ажилд туслах, дэмжих зорилготойгоор Европ тивд амьдарч буй өндөр боловсрол, нарийн мэргэжил эзэмшсэн, мэргэжлээрээ ажиллаж буй чадварлаг Монгол эмэгтэйчүүдийн дэмжлэгтэйгээр 2011 онд Лондон хотноо байгуулагдсан ашгийн бус, олон нийтийн байгууллага юм.

ЕМЭХХ нь Монголын эх үрсийн баярыг Европод жил бүр сурталчлан таниулах зориолгоор Европ дахь шилдэг Монгол эмэгтэйчүүдийг шалгаруулах ОНЫ ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ” ёслолын үйл ажиллагааг олон нийтийн санал асуулгаар Лондон хотод гурав дахь жилдээ зохион байгуулаад байгаа бөгөөд олон хүний сэтгэлд хүрч тэдэнд хийж бүтээхийн урам зоригийг хайрласан арга хэмжээ болж чадсан юм. Энэхүү үйл ажиллагааны хуримтлалаар бид “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг-Эмэгтэйчүүд хүүхдүүдийг хамгаалах”-сайн үйлсийн аянд олны анхаарлыг татах, энэ чиглэлийн ажилд туслах хүмүүнлэгийн ажлыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл манай www.admwe.org цахим хуудас болон https://www.facebook.com/ADMW2011 нүүрхуудасанд тавигдсан.

“Хүчирхийллийг Арилгах Сан”, “Энх Тайвны Нэг Өдөр” ашгийн бус Олон улсын байгууллагуудаас yдирдан зохион байгуулсан “Гэр бүлийн хүчирхийллийг бууруулах”, “Дэлхий даяар энх тайвнаар оршин тогтнох гэрээ-2012” дэлхий нийтийн аяны үйл ажиллагаанд манай холбооны төлөөлөгчдийг урин оролцуулж хүчирхийллийн эсрэг асуудлаар Монгол улс хэрхэн ажилладаг талаар мэдээлэл авч, энэ чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсоны дагуу бид жил бүр энэхүү Гэр бүлийн эсрэг олон улсын аянд нэгдэн, хуримтлуулсан хөрөнгөөрөө Оюутан, залуусын дунд сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээнийг зохион байгуулж гэр бүлийн хүчирхийлэлгүй нийгмийн бүлгийг байгуулахыг тэдэнд уриалан энэ асуудлын чухлыг олон түмэнд хүргэхийг хичээж ажиллаж байна.

Мөн Монгол улсын Эрүүл мэндийн Яамнаас хэрэгжүүлсэн “Монгол охидыг умайн хүзүүн хорт хавдраас урьдчилан сэргийлэн вакцинжуулах” ажилд хөрөнгө хандив цуглуулах ажлыг санаачлан Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр “One World- The Role of Women” сэдэвт уулзалт семинар болон хандив босгох ажлыг Рио Тинто групптэй хамтран зохион байгуулснаар 10.000.00 фүнт стерлингийн хандивыг хуримтлуулсан. Бидний энэхүү санаачлагыг дэмжин Уэльсийн Хун тайж өөрийн зурсан зургаа хандивласныг дуудлага худалдаанд оруулан борлуулсан юм. Мөн Лондонгийн хөрөнгийн бирж, Европийн Сэргээн босголт хөгжлийн банк зэрэг олон улсын банк, санхүүгийн болон бизнесийн байгууллагууд дэмжин бидэнд байнга тусалдаг болсон. Харамсалтай нь вакцины талаархи буруу ойлголт Монголд газар авснаас бид зорьсондоо хүрч чадаагүй боловч уг хандивыг Эрүүл Мэндийн Яамаар дамжуулан хөдөө орон нутгаас ирсэн ирээдүйн ээжүүд болох оюутан охидуудад эрүүл мэндийн үнэгүй үзлэг эмчилгээ хийх, бэлгийн замын өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалтанд хамруулахад зарцуулахаар тохиролцон амжилттай хэрэгжүүлснээр төсөлд нийт 78000 оюутан охид залуусыг хамруулж чадсан юм.

Мөн түүнчлэн, манай холбоо нь Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах асуудлаар жил бүр уламжлал болгон ажил зохиодог. Үүнд: 2012 онд Дэлхийн Энхтайвны Холбоо, түүний дэргэдэх Британи дахь Эмэгтэйчүүдийн байгууллагатай хамтран Английн Парламентын Лордуудын Дээд танхимд чуулган зохион байгуулсан. Монголын эмэгтэйчүүд анх удаа Британийн Парламентын энэхүү нэр хүндтэй танхимд эмэгтэйчүүдийн эрх ашиг, нийгэмд эзлэх байр суурийг хүчирхэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан нь түүхэн үйл явдал болсoн гэдгийг онцлон тэмдэглүүштэй. 2014 онд Нью-Иорк хотноо зохион байгуулагдсан НҮБ-н эмэгтэйчүүдийн аж байдлын талаархи олон улсын хуралд уригдан оролцож, мянганы хөгжлийн үр дүнгийн талаархи хуралдаан дээр ирэх хорин жилд ядууралгүй, хүчирхийлэлгүй улс орон болохыг дэлхийн улс орнуудын удирдагчдаас, засгийн газруудаас шаардахыг бид уриалж чадлаа.

ЕМЭХХ нь дээр дурьдсан байгууллагуудаас гадна Эмэгтэйчүүдийн тэгш эрхийн асуудал хариуцсан Английн Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч, Лордуудын танхимын гишүүн Баронес Сандип Вэрма, Дэлхийн Энхтайвны Төлөөх Эмэгтэйчүүдийн Холбоо, Уэльсийн Хун тайжийн Буяны сан, Дэлхийн Энхтайвны Холбоо, Вэстминистр Бизнесс Зөвлөлийнхөнтэй хамтран ажилладаг.

Мөн ЕМЭХХ нь Британи Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, Британи дахь Монголын Соёлын Төв, Британи дахь Монголчуудын Нэгдсэн Холбоо зэрэг төрийн бус байгууллагуудтай хамтран бизнес, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эдгээрт 2000 гаруй хүнийг хамруулж чадлаа.

ЕМЭХХ нь “Бизнест Эмэгтэйчүүд”, “Дэлхийн санхүүгийн захаас хөрөнгө босгох нь” сэдэвт сургалт семинар зөвлөгөөнийг Лондонгийн хөрөнгийн болон металлын биржүүдтэй хамтран жилд 2 удаа зохион байгуулж Монголын бизнесийн болон санхүү хариуцсан эмэгтэйчүүдийг оролцуулдаг.

Бид Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Батболдод түүний санаачилсан “Эрүүл хүүхэд” аяны хүрээнд Засгийн газрын хөтөлбөрт Монгол охидыг умайн хүзүүн хорт хавдраас урьдчилан сэргийлэн вакцинжуулах ажлыг төсөв төлөвлөгөөнд оруулж, цаашдаа энэ ажлыг тогтмолжуулан охидыг ирээдүйн эрүүл Монгол эх болгон өсөх нөхцөлийг бүрдүүлэх, Гэр бүлийн хүчирхийллийг бууруулах дэлхийн аяны хүрээнд Азийн бүсийн чуулга уулзалтыг Монголд зохион байгуулахад Ерөнхий сайдын хувиас дэмжлэг үзүүлэх хүсэлтүүдийг уламжлан тавьж байсан билээ.

Энэ удаа бид Монгол Улсын Ерөнхий Сайд Ч.Сайханбилэг танаас гэр бүлийн хүчирхийллийн золиос болж, санамсаргүй болон амиа хамгаалах аргагүй байдлын улмаас эр нөхрөө егүүтгэн шоронд хоригдож байгаа эмэгтэйчүүдийг өршөөлийн хуульд хамруулж өгөхийг хичээнгүйлэн хүсч байна.

Хэдийгээр тэдгээр эмэгтэйчүүдийн буруу боловч манай улсад үйлчилж байгаа хүчирхийллийн эсрэг хууль олон улсын түвшинд хүрээгүй, хохирогчдыг хамгаалах байр хомс, энэ талаархи улсын бодлого туйлын хангалтгүй байснаас үүдэлтэй байх тул хүний сайн сайхан амьдрах үндсэн хуулийн нөхцлийг хангаагүй засгийн газрын өмнөх алдааг дахин давталгүй, олон өнчин хүүхдүүдийг ээжтэй нь хамт амьдруулах боломжийг олгох буянтай үйлс бүтээнэ гэдэгт гүнээ итгэж энэхүү захидлаар хүсэлт тавьж байна.

Та бидний хүсэлтийг хүлээн авч хариу өгнө үү?

Бидэнтэй доорхи хаяг, имэйлээр хариу холбоо барихыг хүсье!

Таныг хүндэтгэсэн,

Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбоо

Хуулбарыг Жендэрийн Үндэсний Хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга М. Болормаад

 

Leave a comment