2012 оны 8 сарын 27 ны орой Mongolian Function House-д Британийн Монголчууд “Лондон-2012″ Паралимпийн XIV их наадамд оролцохоор ирсэн Монголын багийн төлөөлөгчдийг халуун дотно хүлээн авч уулзлаа.

“Лондон-2012″  Зуны XXX олимпийн их наадмаас Монгол улс анх удаагаа 5 медаль хүртсэн бөгөөд медалийн тоог ахиулахад Британийн Монголчуудын уухайн түрлэг ихээхэн эрч хүч, сэтгэлийн дэм бэлэглэж чадсан гэдэгт итгэлтэй байгаа төдийгүй Паралимпийн тамирчдаа ч мөн энэ л эрч хүчээрээ дэмжихээр хуран цуглалаа.  Хандивын уулзалтыг А.Оюунтөгс, Б.Дэлгэрцэцэг, Н.Одноо нар санаачлан зохион байгуулав.


Тус уулзалтад Лондон-2012 Паралимпийн Монголын багийн ахлагч, Монголын Паралимпийн Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Оюунбат, Монголын Пара Буудлагын Хорооны Ерөнхийлөгч, МУ-ын Гавьяат Дасгалжуулагч Л.Ундралбат, Паралимпийн Жудо бөхийн 90 кг-н Тамирчин Д.Ганбат, Хөнгөн атлетикийн Жад шидэлтийн Тамирчин Ч.Мөнх-Эрдэнэ, Монголын Пара Жудо бөхийн Шигшээ багийн дасгалжуулагч Ч.Базарсүрэн, Монголын Паралимпийн Хөнгөн Атлетикийн Холбооны Ерөнхийлөгч Б.Батдорж, Монголын багийн Хэвлэл мэдээллийн атташе, МҮОНТ-ийн сэтгүүлч Д.Батжаргал, Паралимпийн Монголын багийн атташе Ч.Эрдэнэтуяа, БТСГазрын нийтийн Биеийн тамирын хэлтсийн дарга Ж.Тунгалаг, Лондон-2012 Паралимпийн Монголын багийн эмч Н.Эрдэнэцэцэг, БТСГ-ын Спортын хэлтсийн Мэргэжилтэн О.Гэрэл мөн Британи дахь Монголын Элчин сайдын яамны Улс төрийн асуудал хариуцсан 1-р нарийн бичиг Ганболд нар оролцов.

Мөн энэхүү уулзалтад Британийн авьяаслаг залуучууд оролцож Морин хуурын татлага, хөөмий, шүлэг яруу найраг, Тамирчиний алдар дуугаар тамирчдадаа амжилт хүсэж аялгуу өргөлөө.

Энэ удаагийн уулзалт зөвхөн тэдэндээ амжилт хүсээд өнгөрсөнгүй ээ Британийн Монголчууд Паралимпийн тамирчдадаа уралдах уралдааны тэргэнцэр,таяг, протез зэргийг авч бэлэглэхээр сайхан сэтгэл, буяны гараа сунгаж нийт £1500.00-ны мөнгөн хандив цуглуулсан бөгөөд Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбооноос £150.00-ны хандив өгч мөн Паралимпийн хугацаанд Монголын баг тамирчдад ЕМЭХХ-ны гишүүд Англи хэлний хэлмэрч, хөтөч хийж туслахаар боллоо. ЕМЭХ Холбооний Дэд Тэргүүн, Англи дахь Монголын Соёлын Төвийн Захирал Б. Март  “Энэ уулзалт Британийн Монголчууд бид жаргал зовлон, баяраа гунигаа хамтдаа хуваалцаж чаддаг нэг хамт олон болжээ гэдгийг харуулж чадлаа.  “Лондон-2012″ Oлимпийн наадам тэр дундаа Паралимпийн тамирчдадаа өгөөмөр сэтгэлийн тус хүргэснээр Британийн Монголчууд бидний амьдралд нэгэн баяр жаргалтай түүхэн хуудас нэмэгдлээ” гэж Хандивын уулзалтыг онцлон дүгнэлээ.

Манай улсаас паралимпэд зургаан тамирчин пара байт харваа, буудлага, жүдо, хөнгөн атлетик гэсэн төрлөөр

Пара буудлага Ц.Лхамсүрэн
Пара жүдо Д.Ганбат
Пара жүдо А.Мөнхбат
Пара байт харваа Б.Жавзмаа
Пара байт харваа Б.Оюун-Эрдэнэ
Пара хөнгөн атлетик Ч.Мөнх-Эрдэнэ гэсэн тамирчид эх орноо төлөөлөн оролцох юм.

Нийт тамирчдадаа спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе!

“Лондон-2012″  Паралимпийн наадам 8 сарын 29-нөөс 9-р сарын 9-ны хооронд болно. Британийн Монголчуудаа, Монголоо гэсэн нэгэн зүрх сэтгэлээрээ нэгдэж Лондонгийн тэнгэрт дахин Монголын Төрийн далбаа мандаж,Төрийн дуулал эгшиглэтэл Паралимпийн тамирчдаа хамтдаа дэмжин уухайлцгаая.

 

Leave a comment