Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбооны ТУЗ ын гишүүдийн 2019 онд шинээр гаргасан санаачлагын үр дүнд төрөн хэрэгжиж буй нэгэн шинэ үйл ажиллагаа бол “Боловсрол Хөгжлийн Тyлгуур”цуврал лекц, семинар, сургалт, цахим уулзалт юм.

Боловсрол Хөгжлийн Тулгуурын тав дахь удаагийн цахим уулзалт ярилцлагыг  “Бие дааж суралцах арга барил, өөрийгөө олохын ач холбогдол” сэдвийн дор Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбооны ТУЗ ын гишүүн, Шинжлэх Ухаан Текникийн Их Сургуулийн профессор, ОХУ-ын Новосибирск хотын УТИС-ийн Хүндэт Доктор, ХБНГ улсын Кемниц хотын Техникийн их сургуулийн судлаач, багш ШУ-ны  Доктор Т.Уранчимэг 2020 оны 6 сарын 13 өдөр амжилттай удирдан зохион байгууллаа. Өнөөдрийн цахим уулзалтаар АНУ, Герман, Их Британи болон Монголоос эрдэмтэн багш нар болон ЕМЭХХ TУЗ-ын гишүүд оролцлоо.
Энэ удаагийн цахим уулзалт, ярилцлагын хүндэт зочдоор:

  1. Л.Болортунгалаг БСШУСЯ-ны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төвийн захирал
  2. Б.Загдхорол ШУТИС-н багш, Доктор (PhD)
  3. Д.Болормаа СЭЗИС-ийн МСМ тэнхимийн профессор (PhD)
  4. М.МөнгөнсүхХөгжим судлаач, багш, АНУ
  5. Э.Сэлэнгэ Эм зүйн шинжлэх ухааны их сургуулийн Эрдмийн сургуулийн багш, Доктор (PhD) нар оролцож бие даан суралцах чадвар чухал гэдгийг энэ чадвараа яаж хөгжүүлэх хэрхэн ашиглах тухай мөн хувь хүн хэрхэн өөрөө өөрийгөө таньж мэдэх тухай, өөрийгөө олно гэж юу гэсэн ойлголт бэ өөрийгөө олохын ач холбогдол амьдрал ажил нийгэм дээр хэрэхн илэрч нөлөөлдөг бэ сэдвээр ярилцан үнэт зөвлөлгөөг залуу үеийнхэндээ дамжууллаа.

Энэхүү гурван цаг гаруй үргэлжилсэн лекц дээр Доктор Т.Уранчимэг хэлэхдээ
Бие даан суралцах чадвар хүн бүрт төрмөл байдаг. Тэр төрмөл чадвараа өдөөж, тогтмол ашиглаж байвал энэ чадвар улам бүр өсч нэмэгдэж байдаг. Сурах гэж байгаа зүйлийнхээ ач холбогдолыг тодруулан, өөрийн эрэлт хэрэгцээгээ ойлгох нь бие даан суралцахад идэвхи сонирхолоо хадгалах гол түлхүүр болж өгдөг. Тэрхүү эрэлт хэрэгцээ, суралцах зорилтыг бий болгоход өөрийгөө олох, өөрийнхөө хүрэх алсын цэгийг тодорхойлох чухал юм. Таны хүсэл эрмэлзэлийг Та өөрөө л хамгаас сайн ойлгох учир алсын хараагаа тодорхой болгож өөртөө тодорхой зураглал бий болгох маш чухал. Ийм зураглал нь тэрхүү том зорилготоо хүрэхэд хэрэг болох дадал чадваруудыг ил болгож өгнө. Улмаар өөрт хэрэгтэй дадал, чадвар, мэдлэг боловсролыг тогтмол суралцах, бие даан суралцах замаар олж авах өргөн боломж өнөөдрийн цаг үед бүрнээ бүрэлдэн тогтсон байна. Иймд албан боловсролоор өөрийгөө хязгаарлахгүйгээр, өөрийн хүсэл, сонирхолоо таньж мэдээд тогтмол суралцах нь Таныг аз жаргалтай, амар амгалан болоход маш их үүрэгтэй юм. Хувь хүн сэтгэл тогтвортой байх, өөрийн гэсэн зорилготой, сонирхдог зүйлтэй байх нь бусдын эрхшээлд орох эсвэл бусдыг санаатай болоод санаандгүй дарангуйлахаас сэргийлж байдаг. Улс орноо хөгжүүлье сайхан нийгэмд амьдаръя гэж бдож байгаа хэн бүхэн Насан тушийн суралцагч байж, эргэн тойрноосоо, байгалиас, интернэтэд байгаа түм буман эх сурвалжуудаас эерэг зүйлсийг суралцаж байх хэрэгтэй. Танд Сурах чин хүсэл байх аваас суралцах боломж өөрөө аяандаа бүрэлдэх болно гэлээ.

Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн Мэдээлэлийн Систем Менежмент тэнхимийн профессор Д.Болормаа өөрийгөө олж бүтээлчээр бие даан суралцах, бие даан хэрхэн үр дүнтэй суралцах, цахим сургалт тал дээр хэлэхдээ “Дэлхий нийтийг хамарсан Covid19-ын цар тахалын нөлөөгөөр дэлхий дахинаа түүний дотор манай улсын бүх байгууллагууд дижитал шилжилт рүү эргэлт буцалтгүй шилжлээ. Судлаачид энэ шилжилт нь боловсрол, эрүүл мэнд, технологийн салбарт ойрын болон урт хугацаандаа эерөг нөлөө авчирна гэж үзэж байна. Бүх шатны сургалтын байгууллагууд онлайн сургалтуудыг эхлүүлж амжилт, сургамжуудтай боллоо. Жишээ нь СЭЗИС-ийн хувьд л гэхэд 2011 оноос эхлүүлсэн бакалавр, мастерын цахим сургалтуудаа эрчимжүүлэн өргөжүүлж, бүх хичээлээ онлайн болгоод байна.
Их, дээд сургуулиудын энэхүү цахим буюу виртуал сургалт, үйлчилгээ нь боловсролын зэрэгтэй болохыг эсвэл мэргэжил, мэдлэгээ дээшлүүлэхийг хүсэж буй бүх хүмүүст өөрсдийн байгаа газраасаа, хүссэн цагтаа, улмаар насан туршдаа тасралтгүй хамрах боломжийг олгож байна. Эдгээр боломжууд нь суралцагчдад энэхүү цахим үйлчилгээг авахад бэлэн болох, бие даан үр дүнтэй суралцах чадварыг эзэмших шаардлагыг бий болгож байна.
Өөрийн зорилгоо маш тодорхой томъёолж, хувь хүний үнэ цэнээ бүтээхийн төлөө үнэт цаг, хөрөнгө мөнгөө зарцуулж буйгаа цаг ямагт санаж, сахилга бат, зохион байгуулалттай, цагийн менежмент сайтай суралцах нь танхимын болон онлайн сургалтын аль алиных нь амжилтанд чухал байдгийг вебинарт уригдсан зочид, экспертүүд зөвлөлөө. Түүнээс гадна экспертүүдийн зөвлөж байгаагаар сурах орчин, цагаа бүрдүүлж, гэр бүл найз нөхдийнхөө дэмжлэгийг авах, тууштай, идэвхтэй, сэтгэл зүтгэл гарган өдөр бүр суралцах нь бие даан үр дүнтэй суралцахад чухал ажээ.” гэж хүн насан туршдаа суралцах хэрэгтэйг текнологийн өндөр мэдлэг эзэмшихын чухлыг онцоллоо.

ШУТИС-н багш, Доктор (PhD) Б.Загдхорол бие даан суралцах арга барил болон суралцах, өөрийгөө таних боломж гэдвээр богино хэмжээний зөвлөмж өгсөн бөгөөд үүнд,

Суралцах – өөрийгөө таних боломж Суралцах нь оюун ухаанаа хөгжүүлж өөрийгөө таних, аз жаргалтай, урт удаан, хүсэл мөрөөдлөө биелүүлж сайхан амьдрахын үндэс болдог. Суралцах нь өөрөө хэрэгжүүлж байж л тогтдог. Иймээс өөрөө өөртөө үнэнч суралцах нь зүйтэй юм. Буруу таньсан, ойлгоогүй өнгөрсөн, үр дүнгүй байх нь суралцах урам зоригийг мохоодог. Иймээс ур чадвар болон мэдлэгээ хэр үр дүнтэй байгаа эсэхээ энгийнээр шалгаж хамгийн багадаа мэдлэгээ хэрэглэж чадаж байгааг сорьж үзэх нь чухал юм. Суралцагч нь дижитал ур чадвараа дээшлүүлэх, олон хэлээр /дор хаяж 2 гадаад хэл/ тухайн судлаж/сурч байгаа салбартаа тэргүүлэх ном хэвлэлийг ашиглан суралцвал илүү үр дүнтэй. Мөн ажлын байран дээр суралцах шаардлага байнга гардаг. Жишээ нь: Та ажлаасаа хөндийрөхгүйгээр ажиллангаа шинэ ур чадварууд эзэмшиж чадаж байвал та суралцах арга барилыг эзэмшсэн, бие даан суралцахыг өөртөө дадуулсан байна гэж ойлгож болно. Шинэ ур чадвар шинэ боломжуудыг нээдэг ба танд тасралтгүй суралцах дадал нэгэнт тогтсон байна” гэлээ.

Эм зүйн шинжлэх ухааны их сургуулийн Эрдмийн сургуулийн багш, Доктор (PhD) Э.Сэлэнгэ  бие даах дээрх хүчин зүйл, хэрхэн үүнийгээ хөгжүүлэх тал дээр зөвлөхдөө хүн өөрийгөө олно гэдэг бол хүн эхлээд өөрийн хамгийн үнэ цэнэтэй гэсэн зүйлсээ эрэмбэ дарааллуулж үүн дээр зорилго зорилтуудаа тавиж өөрийн мөрөөдлөө бий болгох тохиолдолд бие дааж сурах асуудалгүй болно гээд  өөрийн туршлагаасаа дэлгэрэнгүй хуваалцлаа.

Дэлгэрэнгүй ярилцлагыг та бүхэн дараах холбоосоор хүлээн авна уу.

https://www.facebook.com/watch/?v=599426377619391 

Улс үндэстэний хөгжлийн түлхүүр болсон эрдэмтэн судлаач багш та бүхэндээ манай цахим уулзалтын урилгыг хүлээн авч хойч үедээ боловсрол олгох эрхэм үйлд эрдэм мэдлэгээ харамгүй хуваалцсан таньд гүн талархал илэхийлье.

Та бүхний соён гэгээрүүлэхийн их үйлст тань амжилт хүсэе.

Эрдэм ухаан дэлгэрэх болтугай.

Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбоо

Leave a comment