Данзанбалжирын Энхжаргал

Социнтернийн Эмэгтэйчүүдийн  Олон улсын Байгууллагын Дэд Ерөнхийлөгч

2016 оны 4 сарын 22-ны өдөр

Эрхэм хүндэт зочид төлөөлөгчдөө,журмын анд нөхөд бүсгүйчүүдээ!

Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэж, “Эмэгтэйчүүдийн шударга тэгш нийгмийн оролцооны төлөөх Таны зүтгэл, ажил үйлс”-д тань өндөр амжилт хүсэн ерөөе!

 

Социнтернийн Эмэгтэйчүүдийн байгууллага (СИЭБ)-нь улс төрийн намуудын дэргэдэх 139 эмэгтэйчүүдийн байгууллагыг нэгтгэн, дэлхийн 11 бүс нутагт үйл ажиллагаа явуулж байна. СИЭБ нь 109 жилийнхээ ойн дээр Азийн бүсийн хурлыг анх удаа Монголд зохион байгуулж байгаа нь МАН-н дэргэдэх НАМЭХ-ын үйл ажиллагааг дэмжээд зогсохгүй Азийн бүс нутгийн хэмжээнд ач холбогдол өгч байгааг харуулж байна.

Энэхүү хурлыг зохион байгуулахад онцгой хүчин чармайлт гаргасан НАМЭХ-ны Ерөнхийлөгч Ц. Цогзолмаа болон түүний хамт олонд хувиасаа болон энд уригдан оролцож байгаа зочин төлөөлөгчдийнхөө нэрийн өмнөөс талархаж буйгаа илэрхийлье!

Энэ илтгэлийг бэлдэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол дахь НҮБ, Азийн Хөгжлийн банк, хамтран зүтгэгч болон анд нөхдүүддээ баярласнаа илэрхийлье!

Монгол төрт ёсны түүхэн ээдрээтэй цаг үеүүдэд эмэгтэйчүүд хувь нэмрээ оруулж байсны хамгийн тод жишээ бол Мандухай Сэцэн, Сорхугтан хатад  билээ.  Монгол улсын Үндсэн хуулийн 1.2 дугаар зүйлд эрх чөлөө, тэгш байдлыг дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж тунхаглан заасны цаад утга учир, мөн чанар нь бол Монгол төрийн үйл ажиллагаанд эмэгтэйчүүд бидэнд өнөөдөр хурцаар дутагдаж буй эрх чөлөө, жендерийн тэгш байдал байх ёстой гэсэн илэрхийлэл болно.

Өнөөдөр эмэгтэйчүүдийн нийгэмд эзэлж байгаа байр суурины талаар, оруулж байгаа хувь нэмрийн тал дээр тухайлбал, шийдвэр гаргалтын түвшин дэх оролцооны тал дээр тулгамдсан олон асуудлууд байгаа. Эдгээрээс дараахь 3  асуудалд анхаарал онцгойлон хандуулах нь зүйтэй байна.

Нэгдүгээрт, Эмэгтэйчүүдийг эдийн засгийн хувьд хүчирхэг болгох

Хоёрдугаарт, Ядуурал, хүчирхийлэлд цэг тавих тухай

Гуравдугаарт, 50:50-н оролцоог хангах тухай

Тиймээ, бид өнөөдөр тулга тойрсон жижиг сажиг асуудал ярих гэж цуглараагүй, харин хойч ирээдүйдээ, ирээдүйн ээжүүддээ ямар нийгмийг үлдээх вэ? Үүний тулд, бид  алсын ямар хараатай, хэтийн ямар зорилго, зорилттой ажиллах вэ, эмэгтэйчүүд хамтдаа юуг хийж чадах вэ гэдгээ нээлттэй илэн далангүй  ярилцаж, санал бодлоо хуваалцаж, ололт, амжилт, туршлагаа солилцож, нэгдсэн байр сууриа бэхжүүлэх, хуримтлагдсан болон тулгамдсан асуудлууд, дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлэх гарц арга замыг олж тодорхойлох зэрэгт энэхүү хурлын гол зорилго оршино.

Ази Номхон далайн бүс нутагт боловсрол, эрүүл мэнд, ажил олголт, улс төрийн оролцоон дахь жендэрийн ялгааг бууруулахадтодорхой амжилт ололт гарсныг бид дурьдахгүй өнгөрч болохгүй.Өнөөдөр, сургуульд илүү олон охидууд суралцаж байна.Төрөлтийн үед эхийн нас баралтын тоо буурч байна.Эмэгтэйчүүд Парламентэд сонгогдон ажиллаж байна.Гэхдээ энэхүү амжилт бүснутгийн бүх орнуудад харилцан адилгүй байна.

Монголын жендерийн тэгш бус байдлын индекс (03.25) Ази Номхон далайн бүсийн (03.28) хэмжээнд бага зэрэг сайн байгаа хэдий ч дэлхийн 155 оронтой харьцуулахад 63-рт эрэмблэгдэж байна. Монголын нийгмийн амьдралын бүхий л түвшинд жендерийн тэгш бус байдал амь бөхтэй оршсоор байна.

Эмэгтэйчүүд боловсролын түвшингээр харьцангуй өндөр хэдий ч эрэгтэйчүүдийн цалингаас бага байна. Эмэгтэйчүүд мэргэшсэн байдлаараа эрэгтэйчүүдээс илүү хэдий ч аль ч салбарт албан тушаалын зэрэглэлээр эрэгтэйчүүдээс доогуур албан тушаал эрхэлж байна. Үүн дээр нэмээд эмэгтэйчүүд гэр орныхоо ажилд эрэгтэйчүүдтэй харьцуулахад хоёр дахин илүү цаг зарцуулдаг.

Гэр бүлийн өмч хөрөнгө нь голдуу өрхийн тэргүүн эрэгтэйчүүдийн нэр дээр бүртгэлтэй байна.Иймээс гэр бүл салалтын үед, эсвэл гэр бүлийн хүчирхийлэлд өртсөнөөс гэр бүлээ цуцлуулж байгаа эмэгтэйчүүд өмч хөрөнгөгүй үлдэх тохиолдол давамгайлж байна. Өрх толгойлсон эмэгтэйчүүд 8000 байгаа нь өрх толгойлгойлсон эрэгтэйчүүдээс даруй 8 дахин илүү байна.

Монгол улсын Хөдөлмөрийн яамны захилгаар Ардчилсан дэвшлийн хүрээлэнгээс хийсэн эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийн судалгаагаар хөдөлмөрийн зах зээлдээр хүйсийн ялгаа амь бөхтэй оршиж байна гэж дүгнээд, судалгаанд хамрагсдын 2 эмэгтэйтутмын нэг нь эрхэлсэн ажилгүйгээс тэдний эдийн засгийн байдал нь хүндэрч байгаа гэжээ. Тогтвортой ажлын байр бий болгох замаар ажилгүйдлийг бууруулах асуудал нь тулгамдсан асуудлын дотор тэргүүлэх чиглэлтэй байгаа нь олон удаагийн давтамжит судалгаагаар нотлогдож байгаа юм[1].

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн цалингийн ялгавартай байдал ялангуяа Бангладешт 50, Монголд 20 гаруй хувьтай байна. Жендэрийн ялгавартай байдал нь эдийн засгийн боломжийг хүртэхэд, ажил олоход, мөн эдийн засгийн үр өгөөжтэй эх үүсвэрийг, тухайлбал газар, тендер, зээл, санхүүгийн бусад үйлчилгээг хүртэх зэрэг дээр эмэгтэйчүүдэд асар зөрүүтэйхүндээр тусаж, эрэгтэйчүүдийн ард хол хоцорч байна.

АХБ-ны судалгаагаар Ази номхон далайн бүс нутагт эмэгтэйчүүдийг хөдөлмөрийн зах зээл дээр ямар нэгэн хориг хязгаарлалтгүйгээр хамруулж чадвал жилд 40 тэрум долларын алдагдсан боломжийг эдийн засагт эргүүлэн оруулах  бололцоотой гэсэн тооцоо гарсан байна. Тухайлбал, Энэтхэг, Индонези, Малайз зэрэг орнуудын эмэгтэйчүүдийн ажилд хамралтын хувь 30 байгааг 70-т хүргэн өсгөж чадах юм бол тухайн улсын дотоодын нийт бүтээгдхүүн жилд 2-4 хувиар өсөх боломжтой ажээ. Ийм учраас олон улсын хөгжлийн банкууд тухайлбал АХБ нь хэрэгжүүлж байгаа төслүүдээ жендэрийн мэдрэмжтэй болгож төслүүдийнх нь 58 хувьд эмэгтэйчүүдийн оролцоог ханган хэрэгжүүлж байна.

Мөн хувийн салбарт ялангуяа хувьцаат компаниудын  ТУЗ, удирдлагад эмэгтэйчүүд оролцсон  компанийн гүйцэтгэл илүү, хувьцааны үнэ өсдөг болохыг нотолсон судалгаа гарсан тул компанийн засаглалыг сайжруулах, удирдлагын бүтцийг мэргэжил ур чадвар, хүйсийн хувьд  холимог болгох, дор хаяхад 30 хувийг эмэгтэйчүүдээр бүрдүүлэх бодлогыг мэргэжлийн болон эмэгтэйчүүдийн байгууллагуудаас санаачлаад байна.

Иймээс эмэгтэйчүүдийг хүчирхэг болгох нь эмэгтэй хүн гэдэг хувь хүнээс  нь илүүтэйгээр, нийгэм эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн хүчийг том хувь нэмэр оруулагч капитал, өнөөгийн  зогсонги удаашралтай дэлхийн эдийн засгийг гацаанаас гарган урагш нь хөдөлгөх нэгэн гол хүч  гэж үзэн, эмэгтэйчүүдийг улс төр, нийгэм эдийн засгийн бүхий л шийдвэр гаргалтанд түлхүү оролцуулах хандлага дэлхий даяар дэлгэрээд байна.

Эмэгтэйчүүд гол төлөв хөдөө аж ахуйн салбарт, мөн ЖДҮ, бичил бизнес, өрхийн аж ахуй эрхэлж амьдралаа залгуулж байгаа нь Азид нийтлэг байна. Монголд жижиг дунд үйлдвэрлэл нь нийт үйлдвэр, аж ахуйн газруудын 98 хувийг эзэлдэг бөгөөд тэдгээрийн 80 хувь нь бичил бизнес байна. Гэтэл эдгээр нь дотоодын нийт бүтээгдэхүүний 25 хувийг нийлүүлж байгаа хэдий ч ажиллах хүчний 52 хувийг хангаж байна. [2]ЖДҮ, бичил бизнес нь эдийн засгийн хямралтай,тогтворгүй үед оршин тогтнох магадлал илүүтэй байдаг. Иймээс  ажлын байрыг бий болгож чаддаг ЖДҮ бичил бизнесийг дэмжсэн үндэсний хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлэх, ингэхдээ  тэдгээрт үйлчлэх санхүүгийн зохистой дэд бүтцийг иж бүрнээр нь цогцолбороор нь хөгжүүлэх шаардлагатай байна. Үүнд бүлэг, хамт олон, орон нутгийн болон мэргэжлээрээ хоршсон иргэдийн жижиг бизнесийн хамтын зээл санхүүжилт, бичил даатгал баталгааны үйлчилгээ,  мобайл төлбөр тооцоо зэргийг хамруулсан санхүүгийн хүртээмжийн цогц бодлогыг олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийн хамтаар хэрэгжүүлж, олон улсын стандарт, үндэсний нөхцөл байдалд нийцсэн, эрсдэл, өгөөжийг тэнжвэржүүлсэн бодлого, зохицуулалтын орчинг бий болгож төр, хувийн хэвшлийн үр ашигтай хамтын ажиллагааг сайжруулах, ингэхдээ бүс нутагт хэрэгжиж,сайн туршлага болоод байгаа Грамин банк, Дэлхийн эмэгтэйчүүдийн банк зэргээс санаа авч суралцан өргөнөөр нэвтрүүлэх, түүндээ олон талт хөгжлийн олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас техникийн туслалцаа дэмжлэг, санхүүгийн хөнгөлөлттэй эх үүсвэр авч, нийгмийн чиглэлийн үйл ажиллагааны чиглэлээр хөрөнгө босгох, хөрөнгө оруулалт хийхээр дагнаж мэргэшсэн олон улсын санхүүгийн сангуудтай хамтран ажиллах нь зүйтэй.Ингэснээр зээл санхүүгийн үйлчилгээг алслагдсан хөдөө орон нутагт ажиллаж байгаа иргэд эмэгтэйчүүдэд хүртээмжтэй болгон зээл хүүгийн зардлыг бууруулах бололцоо байгаа. Нийгмийн чиглэлээр ажилладаг байгууллагуудад хөрөнгө оруулалт хийх нь тогтвортой өгөөж өгдгөөс гадна эрсдэлийг тархаан байршуулах бодлогын хүрээнд ач холбогдолтой. Сүүлийн үед мэргэшсэн институц  хөрөнгө оруулагч нар хөрөнгийн чөлөөт эх үүсвэрээ нийгмийн салбар луу оруулах сонирхол нь дэлхий даяар өсч байгаа тул энэ боломжийг Азийн орнууд үр дүнтэй ашиглах ёстой.

Эмэгтэйчүүдийн өмнө тулгарч байгаа эдийн засгийн асуудлаас гадна зайлшгүй анхаарах дараагийн нэг том хөндөх сэдэв нь гэр бүлийн хүчирхийллийн асуудал юм.

Гэр бүлийн хүчирхийлэл бол “ Чимээгүй дайн”. Гэр бүлийн хүчирхийллийн  эсрэг хууль Монголд хангалтгүй байна. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа эмэгтэйчүүдийн 88 хувь, эрэгтэйчүүдийн 35 хувь нь 15-34 насных байгаа тухай НҮБ-н судалгаа байна. Хүчирхийлэлд өртсөн гэр бүлийн гишүүн ажил сургуульдаа явж чадахгүй болсноос хувь хүнийхээ хувьд сэтгэл санаа, бие махбодь, эдийн засгийн хувьд хохирч байгаагаас гадна тухайн бизнесийн байгууллага ч ихээхэн нөөц бололцоо, хөдөлмөрийн бүтээмжээ алдаж байгаа билээ.Иймд бизнесийн байгууллагуудыг хүчирхийллийн эсрэг эмэгтэйчүүдтэй хамтран ажиллахыг энэ индрээс уриалж байна.

Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбоог үүсгэн байгуулсан миний бие НАМЭХ-ны Улаанбаатар хотын эмэгтэйчүүд, МАН-н Нарийн бичгийн дарга Х. Булгантуяа бид нар Эмэгтэйчүүдийн 427 дугаар ангид хоригдож буй нярай хүүхэдтэй, жирэмсэн эхчүүдийг эргэж тэдний нөхцөл байдалтай танилцаж байхад ар гэрийн боломжгүй нэгний хүүхдийг нь 1 нас хүрэхэд хүүхдийн асрамжийн газарт хүргүүлдэг тухай бидэнд ярьж байсан нь үнэхээрийн сэтгэл шимшрүүлж эмзэглүүлж байсан. Иймд хуулийн заалтыг өөрчилж, хүүхдийг 2 нас хүртэл ээжтэй нь хамт байлгах гэсэн хүчин чармайлт, санал харамсалтай нь хэрэгжих боломжгүй болсон.[3]Хэрвээ УИХ-д эмэгтэйчүүдийн төлөөлөл хангалттай байсансан бол энэ асуудал хэрэгжих байлаа.

Өнөөдөр дэлхийн улс орнуудын 3-ны 2 нь гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуультай болжээ. 57 улс гэр бүлийн доторхи бэлгийн хүчирхийллийг хүчингийн хэрэг гэж үзэж хуульчлаад байна[4].

2014 онд НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн дэргэдэх Эмэгтэйчүүдийн аж байдлын Комиссын ээлжит 58 дугаар чуулганы үеэр СИЭБ-аас зохион байгуулсан хуралдаанд Азийн эмэгтэйчүүдийг төлөөлж бид оролцсон билээ. 1995 онд Бээжинд болсон Дэлхийн эмэгтэйчүүдийн IV дүгээр бага хурлаас хойш бид ядуурал, хүчирхийллийг зөвхөн бууруулах талаар сүүлийн 20 жилийн туршид ярилаа.  Шийдвэр гаргалтанд эмэгтэйчүүдийн оролцоог 30 хувьд хүргэх зорилт тавьж ярьсаар л байна.Тодорхой дэвшил гарсан хэдий ч  ядуурал, хүчирхийллийг бууруулах  тухай ярьсаар байгаа явдал нь нэг талаас бид ядуурал хүчирхийллийг байдаг л нэг хэвийн үзэгдэл мэтээр ойлгож хүлээн зөвшөөрч байгаатай утга нэг болоод байна. Иймд ядууралд, хүчирхийлэлд цэг тавих зоримог шийдвэрийг эмэгтэйчүүд бид шаардах цаг нь болсон гэсэн саналыг гаргаж улмаар энэхүү санаачлага маань НҮБ-ын тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрт тусгагдсан болохыг онцлон тэмдэглэхийг хүсч байна.

Гэхдээ бид хөтөлбөрт туссан гээд орхих биш, заавал 2030 он хүртэл 15 жил алгуурлахгүйгээр цаг алдалгүй биелүүлэхэд эмэгтэйчүүд бидний манлайлалмаш чухал болоод байна.  Мэдээж яаж вэ гэдэг нь илүү чухал!

Ядуурлыг давах хамгийн эхний алхам бол жендэрийн мэдрэмжтэй төсөвтэй болох юм. Эндээс л бид эхлэх хэрэгтэй. Ажлын байр бий болгох, ядуурлыг арилгах, хүчирхийлэлтэй тэмцэхийн тулд шийдвэр гаргах бүх түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хангах зайлшгүй шаардлага үүнээс харагдаж байна. Жендэрийн мэдрэмжтэй төсвийн 1 төгрөг нь нийгэмд бугшсан олон сөрөг үзэгдэлтэй тэр дундаа хүчирхийллийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэж байгаа олон арван төгрөгийг хэмнэх ач холбогдолтой. Жендэрийн мэдрэмжтэй төсөв төлөвлөлтийн механизм бүх түвшинд үгүйлэгдэж байна. Жендерийн мэдрэмжтэй төсвийг баг, хороо, сум, дүүрэг, аймаг, нийслэл, улсын түвшинд боловсруулдаг, баталдаг болох шаадлагатай байна.

Монгол улс “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” хөтөлбөрийг НҮБ-н Тогтвортой хөгжлийн 17 зорилгод нийцүүлэн энэ онд батлахдаа ядуурлыг 2020 он гэхэд 18 хүртэл, 2025 онд 10 хувиас бага, 2030 онд ядуурлын бүх төрлийг эцэс болгон, нийгмийн дундаж давхаргын хүн амд эзлэх хувийг 80 хувьд хүргэхээр шийдвэрлэсэн. Ингэхдээ жендэрийн тэгш байдлыг хангах тухай заасан хэдий ч НҮБ-ын тогтвортой хөгжлийн  жендэрийн 50:50 харьцааг хэрхэн хэрэгжүүлэх,  гэр бүлийн хүчирхийллийг арилгах талаар зорилт, түүнийг үе шаттай алхам алхмаар хэрэгжүүлэх хугацааг тодорхойлоогүй үлдээсэн байна. Иймд жендэрийн тухай хуулийг НҮБ-аас тавьж байгаа зорилттой уялдуулан шинэчлэх зайлшгүй шаардлагатай байгаа бөгөөд Жендэрийн талаар баримтлах төрийн бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх арга зам, зорилт, төлөвлөгөө, стратегийг  боловсруулж мөрдүүлэхзэрэг ажлуудыг Засгийн газарулс төрийн намууд, иргэний нийгмийн төлөөлөл, эмэгтэйчүүдийн оролцоотойгоор хэрэгжүүлдэг тогтолцоонд шилжих шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Ингэхдээ удирдлагын бүх түвшинд аливаа томилгоог эрэгтэй эмэгтэй эсхүл эмэгтэй эрэгтэй гэсэн, 50:50 гэсэн харьцааг баримтлан эрэмбэлэх зарчмыг мөрдлөг болгох хэрэгтэй. Эмэгтэйчүүдийн улс төрд орох оролцоо  нь тухайн хүний чадвартай, боловсролтой байгаа эсэхээс үл хамааран харин сурталчилгааны хөрөнгө мөнгө санхүүгийн хязгаарлагдмал байдал болон зарим орны хувьд уламжлалт ёс заншлаас улбаалан хүндрэлтэй байдаг тул сонгуульд жагсаалтаар тэднийг дэвшүүлэх санал санаачлага анх гарсныг хэлбэр төдийгөөр ашиглах явдал  газар авсан байна. Тухайлбал жагсаалтын төгсгөлд эмэгтэйчүүдээ жагсаадаг байдал нь шударга бус тул нэг эмэгтэй нэг эрэгтэй гэж сөөлжлүүлэн эрэмбэлэх зарчим бүхийдүрэм гаргаж тууштай хэрэгжүүлжмөрдүүлэхийг улс төрийн намуудын эмэгтэйчүүд нэн даруй шаардах, тэмцлээ энэ зүгт чиглүүлэх  хэрэгтэй байна.

Үндэсний парламентын түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог олон улсын түвшинд 30 хувьд хүргэх зорилготой дэлхий нийтээр ажиллаж байна. Одоогоор энэ үзүүлэлт 22.9 хувьтай байна. Азид дунджаар 18 хувьтай байна. Гэтэл Монголд сонгогчдын 60 гаруй хувь нь эмэгтэйчүүд, боловсролтой эмэгтэйчүүдийн тоо эрэгтэйчүүдээс илүү байхад  УИХ дээрх жендэрийн харьцаа (хувиар) 50:50 биш, харин 85:15 гэсэн харьцаатай байгаа нь дэлхийн түвшнээс 2 дахин бага, Азийн түвшинд ч хүрч чадахгүй байна. Монгол Улсад жэндерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль 2011 онд батлагдсан, Сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүдийн нэр дэвшилтийг 2015 онд 30 хувь болгосон. Жендэрийн үндэсний хороог 1995 онд 20 жилийн өмнө байгуулсан. Энэ хугацаанд жендэрийн Үндэсний шинжээчдийн бүлэг, Жендэрийн хэвлэл мэдээллийн бодлогын зөвлөлийг (2013), “Жендэр судлал” (2011 он) сэтгүүл гаргасан зэрэг олон ажлууд хийгдсэнээр  5 намаас 11 эмэгтэй одоогийн Улсын Их Хуралд  сууж байгаа  нь дэвшил боловч бие даасан бүлэг байгуулах, шийдвэр гаргалтад хүчтэй нөлөө үзүүлэхүйц байж чадахгүй байна. Орон нутгийн засаг захиргаанд жендэрийн хуулийн хэрэгжилт харьцангуй илүү сайн хэрэгжиж байгаа бөгөөд 20 гаруй хувьтай байна. Энэ нь Азийн түвшинд хүрч байгаа хэдий ч жендэрийн хуулийн доод хэмжээ 30 хувьдаа  хүрэхгүй хэвээр байна. Энэ бүхнээс дүгнэж үзэхэд Нобелийн шагналт Ан Сан Су Чи 2013 онд манайд болсон Олон улсын ардчиллын хурлын үеэр “Дүр эсгэсэн ардчилал дарангуйллаас хортой”[5]  гэж хэлсэнтэй адил жендэрийн тухай хуулийг дүр эсгэсэн хууль болгохгүйн төлөө бид хамтдаа ажиллах нэн шаардлагатай байна.

Өнөөдөр нийгмийн олон асуудал шийдвэрлэгдээгүй хэвээр байна.  Нэг ангид 35-60 хүүхэд сурч байгаа нь боловсролын системд хөрөнгө оруулалт нэн яаралтай хийх, наад зах нь 200 сургуулийн хэрэгцээ шаардлага байгаа талаар яригдаж байна. Эрүүл мэндийн салбарт хуваарилж байгаа төсвийн хөрөнгө олон улсын түвшингээс 2 дахин бага байгаа учраас  эмнэлгийн үйлчилгээ хүтээмжгүй, иргэд олон цагаар хүлээж эрүүл мэндээрээ болон эдийн засгийн хувьд ч  хохирох нь газар авч байгаа талаар бидний зохион байгуулсан ТВ-н хэлэлцүүлгээр онцлон яригдсан.  Энэ нь сүүлийн 25 жил улсын төсөв, мөнгө санхүүгийн эх үүсвэрийн хуваарилалтыг зөвхөн эрэгтэйчүүд хэт давамгайлсан ЗГ шийдвэрлэж, нийгмийн эмзэг гол гол асуудлуудыг дутуу үнэлсний хор уршиг гэж үзэж байна.  УИХ дээр төсөв батлахад эмэгтэйчүүдийн дуу хоолой  хангалттай бус, эмэгтэйчүүдийн албан бус бүлэг 11 гишүүнтэй. шийдвэрт нөлөө үзүүлэхүйц албан ёсны бүлэг болоход даруй 8 эмэгтэй хэрэгтэй.   Скандинавын  орнуудын парламентийн талаас илүүнь эмэгтэйчүүд сонгогдсоноор тэд боловсрол эрүүл мэндийн зэрэг нийгмийн асуудлуудыг тэргүүн ээлжинд шийдвэрлэж, хүн амын дундаж наслалтыг 85 орчимд хүргэж чадсан туршлагыг Азийн орнууд бид хэрэгжүүлж чадвал Ази тив байтугай дэлхийн хөгжилд асар том  бодитой хувь нэмэр оруулж чадах юм.   Өнөөдөр энд яригдаж байгаа асуудлууд нь зөвхөн МАН-ын  эмэгтэйчүүдийн байгууллагад хамаарах асуудал биш юмаа. Монголын нийт эмэгтэйчүүдийн эрх ашгийн төлөө улс төрийн бүх хүчин, нам, эвсэл холбоо, ТББ-т хамааралтай болно.

Бид хойч ирээдүйдээ ядуурал- хүчирхийлэл байхгүй, жендерийн тэгш шударга оролцоотой нийгмийг  цогцлон бүтээж чадахуйц  тийм бодит арга хэмжээ, алхмуудыг тодорхойлон бүс нутагтаа хэрэгжүүлэх  Улаанбаатарын тунхаг бичгийг гарган, дуу хоолойгоо нэгтгэн язгуур эрх ашгийнхаа төлөө нэгдмэл байр суурьтай тууштай тэмцэцгээе!

Энэхүү хуралдаан нь бүс нутгийн цаашдын хөгжил цэцэглэлтэнд түүхэн ач холбогдолтой болж үлдэнэ гэдэгт ч эргэлзэхгүй байна.

Азийн эмэгтэйчүүдээ дэлхийн тэргүүлэх манлайлагч эмэгтэйчүүд болно гэдэгт гүнээ итгэж байна.

Та бүхэнд амжилт бүтээл хүсэн ерөөе!

Анхаарал тавьсанд баярлалаа.

Leave a comment