ИБУИНВУ-ын Лондон хотоос 2012 онд гараа эхэлсэн “Оны Шилдэг Эмэгтэй” шалгаруулах ёслолын арга хэмжээ хүрээгээ тэлж Европ тивд ажиллаж амьдарч байгаа Монголчуудын хүсэлтээр 2015 онд Бельгийн Антверпен хотод, 2016 онд ХБНГУ-ын Франкфурт хотод, 2017 онд Франц улсын Парис хотод, 2018 онд Польш улсын нийслэл Варшав хотод, 2019 онд Шведийн Хаант Улсын нийслэл Стокхолм хотод тус тус амжилттайгаар зохион байгуулагдсан бѳгѳѳд энэ жил 9 дэхь жилдээ Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбоо (ЕМЭХХ)-оос эх үрсийн баярыг тохиолдуулан зохион байгуулдаг энэхүү ээлжит “Оны Шилдэг Эмэгтэй 2020” шагнал гардуулах ёслолын ажиллагаа болон «Эмэгтэйчүүд: ЖДҮ, Гарааны болон бичил бизнес, түүний санхүүжүүлэлт» сэдэвт форумыг 2020 оны 5 дугаар сарын 30-нд Бүгд Найрамдах Турк Улсын нийслэл Истанбул хотноо зохион байгуулахаар болсныг та бүхэнд дуулгахад таатай байна.

Европ дахь “Оны шилдэг эмэгтэй-2020″ шалгаруулалтыг дор дурдсан таван төрлийн нэр дэвшүүлэлтээр шалгаруулна.

  1. Нэр дэвшүүлэлтийн төрөл:
  2. Бизнесийн салбарын шилдэг эмэгтэй
  3. Хүмүүнлэгийн салбарын шилдэг эмэгтэй
  4. Оны шилдэг эмэгтэй оюутан
  5. Шилдэг үйлдвэрлэгч эмэгтэй
  6. Урлаг соёлын шилдэг эмэгтэй

Европын улсуудад Монгол Улсаа төлөөлөн суугаа Элчин сайдын яамд болон олон нийтийн байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн зүгээс энэхүү хүмүүнлэгийн арга хэмжээг дэмжиж хамтран ажиллахыг уриалахын ялдамд ажил үйлсээрээ шалгарч амжилт гаргасан төдийгүй олон нийт, хүмүүнлэгийн ажилд гар бие оролцож яваа нэр нь тодроогүй баатрууд болох шилдэг эмэгтэйчүүдээ нэр дэвшүүлж шалгаруулалтад оролцуулахыг хүсч байна.

Шалгаруулалтад оролцуулах эмэгтэйчүүдийн материалыг 2020 оны 5 дүгээр сарын 01-ны дотор хүлээн авч
5 дугаар сарын 10наас 5 дугаар сарын 30-ны өдрүүдэд материалыг хянан хэлэлцэж шалгаруулна.

Шалгаруулах багийн бүрэлдэхүүн нь тухайн салбар бүрт гаргасан амжилтыг нарийн үндэслэлтэйгээр хэлэлцэж салбарын шилдэг эмэгтэйг тодруулан тухайн эмэгтэйн нэр бичигдсэн хуудсыг дугтуйнд хийж лацдана. Ингээд дугтуйг Оны Шилдэг Эмэгтэй-2020 өргөмжлөх ёслолын үйл ажиллагааны үеэр тухайн салбарт нэр хүнд бүхий хүндэт зочноор задлуулж шилдэг эмэгтэйг олон нийтэд зарлана. Нэр дэвшүүлэлтэд ирүүлсэн бүх нэр дэвшигч эмэгтэйчүүдийн материалыг Оны шилдэг эмэгтэй-2020 өргөмжлөх ёслолын үйл ажиллагаан дээр дэлгэцээр үзүүлж телевизийн нэвтрүүлэг бэлтгэн Монголын олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон тус холбооны цахим хуудас, фэйсбүүк зэргээр олон нийтэд танилцуулах болно.

Манай өмнѳх жилүүдийн үйл ажиллагааны талаархи дэлгэрэнгүй мэдээллийг www.admwe.org цахим хуудас болон ADMWE Facebook Page нүүр хуудаснаас хүлээн авч үзнэ үү

Нэр дэвшигчдийн бүрдүүлэх материал:

  • Нэр дэвшигчийн тодорхойлолт
    (ололт, амжилтыг тодорхой илэрхийлж, тухайн салбарт оруулсан хувь нэмрийг дурдсан байх)
  • Ололт амжилт, туурвисан бүтээлийн хураангуй жагсаалт
  • Нэр дэвшүүлж буй байгууллага, хувь хүний товч танилцуулга
  • Баримтжуулсан зураг хавсаргаж ирүүлэх
  • Материалыг монгол, англи хэл дээр word document хэлбэрээр ирүүлэх
  • Нэр дэвшигчийн зураг ирүүлэх

Бүрдүүлсэн нэр дэвшигч эмэгтэйчүүдийн материалуудыг дээрх link ээр орж шууд илгээж болно. Хэрвээ та өөрийн эмэйл хаягнаас илгээх бол: [email protected] илгээнэ үү!

Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбоо

Leave a comment