Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбоо /ЕМЭХХ/-ноос Эх үрсийн баярыг тохиолдуулан “Оны шилдэг эмэгтэй 2018” шалгаруулах ёслолын үйл ажиллагааг 7 дахь удаагаа Польш улсын нийслэл Варшав хотноо 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулж Европт ажиллаж байгаа шилдэг монгол бүсгүйчүүдээ тодрууллаа.

Энэхүү арга хэмжээ нь Европ тивд ажил хөдөлмөр эрхэлж, ажил үйлсээрээ манлайлж буй Монгол эмэгтэйчүүдийг олон нийтэд таниулах, эмэгтэйчүүд маань хоорондоо танилцаж холбоо сүлжээ тогтоох, туршлагаа хуваалцах, Монголоороо бахархах, сурталчлах зорилготойгоос гадна Монголын эх үрсийг дэмжих, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэхэд бодит хувь нэмэр оруулахаар хандив цуглуулах буяны үйлсийг давхар хийж ирсэн.

Энэ удаагийн шилдгүүдээр Уламжлалт анагаах ухааны мэргэжилтэн, эмч, судлаач, Польш улс даxь Уламжлалт анагаах ухааны эмч судлаачдын нийгэмлэгийн тэргүүн “Буяны сэтгэлт хүү” сангийн тэргүүн, Сенергетик анагаах ухаан судлалын төвийг үүсгэн байгуулагч, Польш улс даxь Познан xотын “Оточ манал” компанийн заxирал Д.Чулуунцэцэг Эрүүл мэндийн салбарын шилдэг эмэгтэйгээр, Британийн “Анир” гоо сайхны салоны захирал С.Урангоо Бизнесийн салбарын шилдэг эмэгтэйгээр, ХБНГУ-ын „Хил хязгааргүй шүдний эмч нар“ олон улсын тусламжийн байгууллагын гүйцэтгэх захирал, мэс заслын эмч С.Туул Хүмүүнлэгийн салбарын шилдэг эмэгтэйгээр, Польш улсын “Андууд” сагсан бөмбөгийн баг Урлаг, спортын салбарын шилдэг эмэгтэй төрлөөр, Польш улсын Варшавын их сургуулийн Биотехнологийн магистрийн ангийн оюутан Э.Пүрэвсүрэн Оны шилдэг эмэгтэй оюутнаар тус тус шалгарлаа.

Оны шилдэг эмэгтэй 2018 ёслолын үйл ажиллагааг МҮОНТ-ийн нэвтрүүлэгч, хөтлөгч, дуучин, МУСТА Д.Цовоо хөтөлж, МУСТА Д.Ариунбаатар, МУСТА Д.Шагдарсүрэн нар хилийн чанадад дахь Монголчуудаа ая дуугаа өргөж дуу хуураар хөгжөөн баясгалаа.

Варшав хотноо болсон энэхүү үйл ажиллгааг АУ-ны доктор, ЕМЭХХ-ны Польш улс дахь төлөөлөгч Р.Батцэнгэл, Монгол Улсын Соёлын элч, ЕМЭХХ-ны Гүйцэтгэх захирал Цэгмид-Рошын Гэрлээ амжилттай удирдан зохион байгууллаа.

Leave a comment