Businessnews.mn Д.Энхжаргал нь ОХУ-ын Эрхүү хотын Эдийн засгийн академийг санхүү банкны мэргэжлээр төгссөнөөс хойш төв банкинд 26 дахь жилдээ ажиллаж байгаа. Тэрбээр ажлын гараагаа орон нутгийн нэгжийн нягтлан бодогчоор эхэлж, Улсын банк (хуучин нэрээр)-ны Улаанбаатар хотын салбарт зээлийн эдийн засагч, Мөнгөний бодлогын эдийн засагч, Газрын захирлын үүрэг гүйцэтгэгч, Хяналт шалгалтын газрын захирал, Ерөнхийлөгчийн туслах бөгөөд Ерөнхий эдийн засагч, Монголбанкны ерөнхийлөгчийн зөвлөх, Монголбанкны дэд ерөнхийлөгч зэрэг ажлыг гүйцэтгэж байсан. Одоо Д.Энхжаргал нь Монголбанкны Лондон дахь төлөөлөгчөөр хоёр дахь удаагаа томилогдон ажиллаж байна.  Тэрбээр АНУ-ын Вандербилдийн Их сургуульд Эдийн засгийн ухааны мастерийн зэрэг хүртсэн бол одоо Лондонгийн Их сургуульд эдийн засгийн өсөлт хөгжилд санхүүгийн шинэ бүтэц, инновацийг нэвтрүүлэн ажиллах нь сэдвээр судалгаа хийж буй докторант судлаач юм. Мөн Д.Энхжаргал Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэгт банкны бүтцийн өөрчлөлт, мобайл банкны асуудлаар зөвлөдөг.

-Монголын эдийн засаг 2011 онд 17.3 хувиар өслөө. Эдийн засаг өндөр өсөхөд санхүүгийн салбарын үүрэг нөлөө ямар байсан бэ?

-Би саяхан нэг тооцоо хийж үзсэн. Тэр тооцооноос харахад, Монголын арилжааны банкуудын зээл олголт өссөн тохиолдолд эдийн засгийн өсөлт өндөр, харин буурахад эдийн засгийн өсөлт сул байсан нь харагдаж байна. Тэгэхээр зээл олголт эдийн засгийн өсөлттэй шууд хамааралтай байгаа юм. Зээлээр үйлдвэр аж ахуйн газруудаа санхүүжүүлж дэмжих тусам эдийн засаг өсч байна. Эдийн засгийн өсөлт 2009 онд унаж байсан. Тэр үед манай арилжааны банкууд зээл олголтоо зогсоож байсныг санаж байгаа байх. Зээл тулхүү өгөх тусам эдийн засаг өсч байгааг судалгаа харуулж байна л даа. Гэхдээ зээл хадгаламжийн харьцаа 70%-аас дээш гарах нь зээлийн эрсдэл их болж байгааг  харуулдгийг мартаж болохгүй.

                     Зээл хадгаламжийн харьцаа     Зээлийн өсөлт        ДНБ-ний өсөлт

Гэхдээ онолчид хуваагдмал байр суурьтай байдаг юм. Санхүүгийн салбар нь эхэлж тэлээд эдийн засгаа тэтгэдэг юм уу, эдийн засаг нь өсөөд санхүүгийн салбараа тэтгээд явдаг юм уу гэсэн үзэл бодлын ялгаатай хоёр урсгал дээр үзэл баримтлал нь хуваагддаг. Монголын санхүүгийн салбарын 95 хувийг банкны салбар эзэлж байгаа. Ер нь бусад орны эдийн засаг дахь банкны үүргийг дотоодын нийт бүтээгдэхүүнд нь эзлэх зээлийн хэмжээтэй нь харьцуулж бас тодорхойлдог. Зах зээлийн нийгэмд шилжсэний дараахан манай улсын ДНБ-ий 20 орчим хувийг банкны актив бүрдүүлж байсан. Өнөөдөр энэ харьцаа 60-70 хувь руу дөхөж байна. Энэ үзүүлэлт бусад шилжилтийн эдийн засагтай оронтой харьцуулахад ойролцоо байгаа юм. Гэхдээ банкны салбараа түлхүү хөгжүүлсэн оронтой харьцуулахад маш бага хэмээтэй. Жишээ нь, Лондон хот олон улсын банк санхүүгийн төв. Англи улс санхүүгийн зах зээлээ түлхүү хөгжүүлж, таатай орчин бүрдүүлж чадсан учраас дэлхийн олон орны банк санхүүгийн байгууллага Лондон хэмээх алгын чинээ газар дээр байршаад дэлхийн мөнгөний хүрдийг эргүүлж байна. Тийм учраас Английн эдийн засгийн хөгжилд санхүүгийн салбар нь их үүрэг гүйцэтгэдэг, гүйцэтгэсээр ч байгаа. Лондон дахь банкуудын хөрөнгө Английн ДНБ-ээс хэд дахин давсан үзүүлэлттэй байдаг. Монгол санхүүгийн үйлчилгээг олон нийтэд илүү хүртээмжтэй болгох замаар эдийн засаг дахь үүрэг оролцоог нь улам нэмэгдүүлэхийн төлөө ажиллах хэрэгтэй.

-Монголбанк сүүлийн жилүүдэд мөнгөний хатуу бодлого явуулж байна. Үүнийг зарим эдийн засагчид бодит эдийн засгийн өсөлтийг боомилсон бодлого явуулж байна гэж шүүмжилдэг.

-Монголбанкнаас явуулж байгаа мөнгөний бодлого бол бусад олон оронд хэрэглэгддэг сонгодог хэрэгсэл. Бусад оронд хэрэглэдэг мөнгөний бодлогыг шууд хуулбарлаж хэрэгжүүлэх нь зарим талаараа Монголын эдийн засагт ач тусаа өгөхгүй байгаа нь харагддаг.

-Монголбанк инцфляци өндөр байгаа болохоор мөнгөний хатуу бодлого барьдаг. Инфляцийг бууруулах санхүүгийн өөр арга хэрэгсэл бий юу?

-Герман улсад стратегийн ач холбогдолтой компаниуддаа өрийн бичиг, үнэт цаас, бонд гаргах эрхийг олгодог. Стратегийн компаниуд нь ч өөрсдөө санаачлаад өрийн бичиг, үнэт цаас, бонд гаргачихдаг. Тэр өрийн бичиг, үнэт цаасыг Германы арилжааны банкууд Төвбанкиндаа барьцаанд тавиад бодлогын өндөр хүүгээр биш, инфляцийг хөөрөгдөхгүй байх зорилготой тусгай хөнгөлөлттэй үнээр компаниудаа хямралын үед санхүүжүүлж байсан туршлага бий. Монгол Улсад энэ аргыг 1990-ээд оны үеэр хэрэглэж байсан. Тухайлбал, инфляци 325 хувьтай байхад бодлогоор нефть импортлогч компани, мөн “Махимпекс” компанид ийм маягаар зээл олгож байсан. Махны үнэ, шатахууны үнэ өсөөд инфляцид нөлөөлж байсан үе. Харьцангуй бага хүүтэй зээл өгч шатахуун авах, махны нөөц бүрдүүлэхийг нь дэмжиж байлаа. Тухайн үед зээлийн хүү жилийн 125 хувь байсан. Ийм өндөр хүүтэй зээл авахаар инфляцийг улам өсгөх нь тодорхой. “НИК”, “Махимпекс” компанид сарын 10 хувийн хүүтэй зээл өгч байсан санагдаж байна. Зөвхөн мөнгөний бодлогын өндөр хүүгээр зохицуулахгүйгээр инфляцийг бууруулах өөр арга байна уу гэдэг дээр энэ жишээг ярилаа. Стратегийн ач холбогдолтой компаниудын гаргасан өрийн бичгийг арилжааны банкууд худалдан аваад Монголбанкны хямдруулалтын хүүтэй дахин санхүүжилтээр мөнгөжүүлдэг. Энэ нь  инфляцийг хөөрөгддөг бүтээгдэхүүнийг хямд зардлаар санхүүжүүлж дэмжих “стандарт бус” аргыг хэрэглэх боломжтой гэсэн санал юм. Ер нь жирийн үед энэ аргыг хэрэглэх ёсгүй. Эдийн засгийн хямралтай, манай эдийн засагт асар их хэмжээний сөрөг нөлөө үзүүлэх, тэр нь нийт ард түмний ажил үйлчилгээнд тодорхой хугацааны дараа сөрөг нөлөө үзүүлэх онцгой үед хэрэглэж болдог амь тариа.

-2012 оны эхэнд ам.долларын ханш чангарахад импортлогчид шатахууныхаа үнийг 260 төгрөгөөр нэмсэн. Энэ явдал иргэдийг нэлээд бухимдууллаа. Монголбанкыг интервенц хийгээгүй, мэдрэмжгүй ажилласан гэж УИХ-ын эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсэг дүгнэсэн.

-Ийм байдал өмнө нь ч гарч байсан. Миний мэдэхээр, 1990-ээд онд ч гарч байлаа. Анх нэг доллар 3.6 төгрөгтэй тэнцдэг байж. Тэгээд 40, 400, 800 гээд одоо 1300 гаруй төгрөгтэй тэнцэж байна. Валютын орох урсгал багадаад гарах урсгал нь ихдээд ирэхээр ханш өсөөд байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл дотоодын зах зээлд гадаад валютын хомсдол үүсэхэд ханш өсдөг тул валютын нийлүүлэлтийг нэмэгдүүлэх замаар л ханшийг бууруулах боломжтой. Эрэлт нийлүүлэлт дандаа тэнцвэртэй байна гэж ховор  шүү дээ. Гэхдээ ханш хэт огцом богино хугацаанд өсч бууран тогтворгүй байх нь эдийн засагт хор нөлөөтэй. Арилжааны банкууд яагаад зах зээлд валют нийлүүлэх боломжгүй болдог вэ гэхээр гадаад валютаар  татсан хөрөнгө нь валютын зээл болоод эргэж хугацаандаа төлөгдөхгүйгээс гадаад актив, пасивын тэнцвэргүй байдалд орж бусад банк, зах зээлээс валют ангуучлах, эцсийн дүндээ Монголбанкнаас валют авах аукцион дуудлага худалдаанд ордог. Монголбанк зах зээлийн гажуудал үүссэн, тогтворжуулах шаардагатай гэж үзвэл “валютын довтолгоо” интервенц хийдэг. Интервенц хийхдээ хамаа замбараагүй хийж болдоггүй. Монгол Улсын заавал байлгах валютын нөөц нь гурван сарын импортын хэмжээтэй тэнцүү байх ёстой. Энэ нөөцөөс илүү хэмжээний валютын нөөцтэй байвал аль ч төв банк валютын ханшийг буулгах зорилгоор интервенц хийдэг. Ганцхан доллар ч биш юаны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх замаар долларын хэт эрэлтийг саармагжуулах нь зүйтэй. Доорхи судалгаанаас үзэхэд банкны гадаад активд эзлэх юань 2005 оноос өсч 9,4 хувьд хүрсэн байна.

Активт эзлэх ам.доллар      Активт эзлэх евро       Активт эзлэх юань

Иймд Хятадын төв банктай гадаад валют солилцох “swap”-г ашиглах ёстой.  Би “Нефтийн үнэ огцом өсөхөд Монголбанк буруутай” гэдэгтэй санал нэгддэггүй. Валютын ханш өссөнөөс шалтгаалсан бол ганц шатахуун биш, гадаадаас авсан импортын бүхий л бүтээгдхүүний үнэ өсөх ёстой байсан биш гэж үү? Гэтэл нефтийнхэн үгсээд бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөсөн нь нийтэд ойлгомжтой болсон шүү дээ.

-Дэлхийн зах зээлд дээр нефтийн үнэ өсөхөд манай дотоодын зах зээлд шатахууны үнэ өсдөг, зэсийн үнэ унахад төсөв орлогогүй болдог. Түүхий эдийн үнийн эрсдэлийг хэрхэн удирдах хэрэгтэй вэ?

-Манай орны эдийн засаг их эмзэг. Гарын таван хуруунд багтах цөөн нэрийн түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнээс шууд хамааралтай. Дэлхийн зах зээлийн үнийг бид тогтоож, хянах ямар ч бололцоогүй. Жишээ нь, зэс, нефтийн бүтээгдэхүүн, дээрээс нь ноолуурын үнэ байна. Өнгөрсөн жилээс нүүрс манай экспортын чухал бүтээгдэхүүн боллоо. Эдгээр бүтээгдэхүүний үнэ өндөр байх тусам илүү их хэмжээгээр зарах сонирхол төрнө. Илүү хэмжээгээр зараад ирэхээр их валют орж ирнэ. Энэ нь валютын нөөц болно. Мөн дээрээс нь татвараа төлөхөөр Монгол Улсын төсвийн орлого нэмэгдэж байгаа юм. Төсвийн орлого нэмэгдэх тусам эрүүл мэнд, боловсрол, хууль хяналтынханд зарцуулах мөнгө ихсэнэ. Гэтэл зэсийн үнэ буурчихвал төсөвт орох орлого болон валютын нөөц багасдаг. Энэ нь улс төрийн намуудын иргэддээ амласан мөнгөө өгөх боломжгүй болгодог. Амлалтаа биелүүлэх боломжгүй болохоор баруун Европт болж байгаа шиг “нийгмийн бухимдал үймээн шуугиан” манай оронд дэгдэхгүй гэх баталгаагүй. Бид энэ эрсдэлийг бууруулахын төлөө ажиллах ёстой юм.

-Эрсдэлийг яг яаж бууруулах вэ?

-Манайх шатахууны хувьд  гэхэд л зөвхөн ОХУ-аас хараат болж колончлогдсон байгаа шүү дээ. Үүнийг тийм ч хурдан өөрчилж чадахгүй нь. ОХУ-д шатахуун хямд байгаа дээр нь авч хадгалах гэхээр санхүүгийн хувьд өндөр зардалтай байж магад. Энэ тохиолдолд хежинг гэх англиар “hedging” худалдааны хэрэгслийг ашиглах хэрэгтэй. Шатахууны үнэ одоо хэдэн төгрөг байгаа бэ?

-ШТС-ууд литр дизелийн түлшийг 1850 төгрөгөөр худалдаж байна лээ.

-“Хежинг” хийнэ гэдэг маань дизелийн түлшийг хямд, жишээ нь 1000 төгрөгийн үнэтэй байхад нь энэ үнээр худалдан авах эрхийн гэрээ хийхийг хэлээд байгаа юм. Тухайн үед 1000 төгрөг байсан дизелийн түлш 1850 төгрөг хүрчихвэл “хежинг”-ийн гэрээний дагуу санхүүгийн даатгалын байгууллага 850 төгрөгийн зөрүүг төлдөг. Товчхондоо, хежинг нь даатгалын хэлбэрээр санхүүгийн эрсдэлээс хамгаалдаг хэрэгсэл. Манай улс энэ санхүүгийн хэрэгслийг хэрэглэж эрсдэлээ хамгаалах шаардлагатай. Бусад орон түүхий эдээ ийм санхүүгийн хэрэгслийн гэрээгээр борлуулдаг учраас хэзээ ч үнийн эрсдэлд орж, алдагдал хүлээдэггүй. Манайх шатахууны хувьд 100 хувь импортлогч. Шатахууны үнийн эрсдэлийг “хежинг” хийж, хаах хэрэгтэй. Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсөх тусам манайх их хэмжээний валют зарцуулан худалдаж авах хэрэгтэй болно. Энэ бол манай валютын гарах урсгал. Одоо би орох урсгалын тухай ярья. Бид валютыг гаднаас оруулахын тулд гадаадад их хэмжээний экспорт хийх ёстой. Тэгэхээр нөгөө зэс, нүүрс, ноолуураа их хэмжээгээр экспортолно гэсэн үг. Зэсийн үнэ тухайлбал 9000 байж байгаад 6000 болчихвол төсвийн орлого буурна. Зэсийн үнэ аль болох өндрөөр байхад “хежинг”-ийн гэрээгээ хийчих хэрэгтэй. Зэсийн үнийг 6600 ам.доллар байхаар тооцоод төсвөө баталчихсан. Тонн зэсийн үнэ 6000 болбол төсөв нэг тонноос 600 ам.доллар алдах гээд байна. Энэ зөрүүг “хежинг”-ийн гэрээний дагуу даатгалын байгууллага төлдөг. Хежинг төлбөртэйг мартаж болохгүй. Бид шатахууны үнэ аль болох бага, зэс, нүүрсний үнэ илүү өндөр байхад нь “хежинг”-ийн гэрээ хийх шаардлагатай байгаа биз. Үнийн эрсдэлээс хамгаалах даатгалын тогтолцоо буюу “хежинг”-ийг олон улсын зах зээл дээр өргөн ашигладаг. “Хежинг” бол валютын нөөцөө хадгалах, эдийн засгаа тогтвортой хөгжүүлэх, төсвийн орлого тогтмол байх нөхцөлийг бүрдүүлдэг. Манай оронд энэ тогтолцоо хөгжөөгүй байна. Бас зэс, нүүрс гэх мэт бүтээгдэхүүний үнийн алдагдлыг даах хэмжээний даатгалын салбар алга.

-Ирээдүйд валютын орох урсгал ихсэнэ. Тэгэхээр төгрөгийн ханш чангарна гэсэн таамгийг эдийн засагчид дэвшүүлж байна. Манай эдийн засагт төгрөгийн ханш чангарах нь ашигтай юу, эсвэл сул байх нь дээр үү?

-Хямд доллар худалдаж авбал манайд импортын бүтээгдэхүүн хямд өртөгтэй орж ирнэ. Монгол дийлэнх бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэггүй. Валют хямд байх тусам дотооддоо үйлдвэрлэх биш, гадаадад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн худалдаж авах сонирхол төрнө. Төгрөгийн ханш хэтэрхий чангарахаар зэс, нүүрс, ноолуураа худалдсан ам.доллар Монголд орж ирээд төгрөгийн чангаралтаас болоод бага мөнгө болдог. Ам.доллар 1400 төгрөгтэй тэнцүү байлаа гэж бодоход их мөнгө болно биз дээ. Төгрөгтэй харьцах гадаад валютын ханш хэт өсөх, бас хэт буурах муу. Тэгэхээр эдийн засагт хүний баруун, зүүн гар л шиг үүрэгтэй гэсэн үг. Тэнцвэртэй, өөрөөр хэлбэл нэг нь хэт унжаад өвтгөөд байхгүй л бол зүгээр. Мэдээж ханш эрэлт нийлүүлэлтийн харьцаа дээр тогтдог учраас хэлбэлзэж таарна. Хэлбэлзэхдээ, өндөр хувиар савлавал эдийн засагт тогтворгүй байдал үүсгэдэг. Валютын ханшаа аль болох тогтвортой байлгах нь чухал. Ингэхийн тулд монголчууд өөрсдөө үйлдвэрлэгч болж, нэмүү өртөг шингээсэн, хөдөлмөрийн бүтээмж сайтай бүтээгдэхүүн экспортлох хэрэгтэй. Энэ бол Монголбанкны шууд зорилгод хамаарсан ажил биш. Гэхдээ Засгийн газар эдийн засгийнхаа бүтцийг олон талт болгон сайжруулах, экспортыг дэмжсэн бодлогыг явуулах нь зүйтэй. Хүн болгон экспортлогч болохыг хүсэвч гадаад эрсдэлийг удирдахад хэцүү. Эрсдэлийг нь хамгаалахын тулд экспортын даатгалын тогтолцоог бий болгох хэрэгтэй байна. Гадаадын орнууд манайхтай төсөөтэй хөгжлийнхөө үе шатанд экспортын даатгалын корпораци гэж байгуулж байсан. Би Англид экспортын даатгалын байгууллага яагаад байгуулсан юм, ямар үр дүнд хүрэв, яаж байгуулах вэ гэсэн судалгаа хийж байна. Дуусгаад Монголбанкаараа дамжуулж, Засгийн газарт хүргэнэ.

-Төгрөгийн ханш хэтэрхий чангарч, бас суларч болохгүй. Тэгэхээр алтан дунджийн хэмжээ байх ёстой юм шиг.

-Тэр тоог нь хүн бүр мэддэг бол амьдрал дэндүү аз жаргалтай байх байлгүй. Энэ чинь түрүүний ярьсан эрэлт нийлүүлэлтээрээ зохицуулах асуудал. Монголд гадаадын шууд хөрөнгө оруулалтаар маш их валют орж ирнэ гээд байгаа шүү дээ. Хэтэрхий их валют орж ирээд ам.долларын ханш унахаар манай экспортлогчдод хүнд цохилт болно. Хэрвээ ийм тохиолдол болбол нэг талдаа зэс, нүүрсээ боловсруулдаг, ноолуураа эцсийн бүтээгдэхүүн болгож экспортлох ажил хийгдэх ёстой. Нөгөө талдаа, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлага гарч ирнэ. Үүнийг дэмжсэн зээл, хүү, татварын бодлого хэрэгтэй.

-Монгол руу орох валютын урсгал огцом өсөхөд Монголбанк төгрөгийн ханшийг чангаруулахгүйн тулд нөөцөө маш ихээр зузаатгах нь гэж төсөөлж болох нь ээ?

-Монголбанкны нөөцийг нэмэгдүүлэхэд хүргэхүйц нөхцөл байдал үүснэ. Хэт их валют ороод ирэхээр төгрөгийн ханш чангарна. Импорт урамшигдаж, дотоод үйлдвэрлэл хумигдах аюултай тул Монголбанк төгрөг гаргаад валютыг нь худалдаж авна. Ингээд их хэмжээний төгрөг гүйлгээнд гаргалаа гэхэд үйлдвэрлэл, үйлчилгээ хангалттай хэмжээнд байхгүй учраас инфляци хөөрөгдөх аюул гараад байгаа юм. Эцэст нь Төв банкны үнэт цаас гаргаад мөнгөө буцааж татдаг. Төгрөгийн ханш чангаралтаас, бас төв банкны үнэт цаасны хүүний өндөр төлбөрөөс Монголбанк алдагдал хүлээдэг. Зүй нь Сангийн Яам зах зээлд тогтмол хугацаанд ЗГ-н үнэт цаас гарган гүйлгээнд байгаа төгрөгийг дайчлан шаардлагатай салбарын хөрөнгө оруулалтанд зарцуулбал илүү өгөөжтэй. Эдгээр үнэт цаасыг банкууд аваад, шаардлагатай үед борлуулж мөнгөжүүлэх, Төв банкинд барьцаалах боломжтой байдаг. Энэ ажлыг л зүгшрүүлмээр байна. Тэгээд Төв банкны үнэт цаас гаргадгаа зогсоож зөвхөн онцгой тохиолдолд л хэрэглэдэг болмоор юм. Ийнхүү ЗГ-н үнэт цаасыг дотоодын зах зээлд тогтмол гаргаснаар “хүүгийн өгөөжийн муруй” англиар бол  “yield curve” бий болж төв банкны бодлогын хүүнээс илүү чүхал индикаторыг хөрөнгө оруулагч нарт гаргаж өгнө. Ингэснээр дээр ярьсан хежингийн зах зээлийг хөгжүүлэх, хүү зардлыг нь ч тогтооход хэрэгтэй.

-Богино хугацаанд орж ирээд гардаг мөнгийг эдийн засагт хор нөлөөтэй гэдэг. “Халуун мөнгө” гэсэн жаргон хэллэгээр нэрлэдэг. Монголд орж ирж байгаа мөнгө богино хугацааных байвал яах вэ?

-Орж байгаа мөнгө богино хугацааных байвал манайд аюул, хямрал авчирна. Гадаадын хөрөнгө оруулагчид Монголд жаахан тогтворгүй байдал үүсэхэд мөнгөө аваад гарчихна. Гэтэл арилжааны банкууд тэр мөнгийг эх үүсвэр болгоод зээл өгчихсөн, эргэн төлөлт нь орж ирээгүй байдаг. Ийм зүйл тохиолдвол арилжааны банкуудад хүндрэл учирна. Их хэмжээний валют ороод, гараад байхаар валютын зах зээлийг огцом хэлбэлзэлд оруулах гэмтэй. “Халуун мөнгө”-нд санхүүгийн хөшүүргээр нөлөөлөх бололцоо бий. Гадаадаас орж ирсэн урт хугацаатай валютын хадгаламжийн хүүгийн орлогоос нь татвар авахгүй байх хэрэгтэй. Хэтэрхий богино буюу зургаан сараас нэг жилийн хугацаатай орж ирж байгаа валютын хадгаламжийн хүүгийн орлогонд нь өндөр татвар тавих шаардлагатай. Хүүгийн орлогоос нь өндөр татвар авбал гадныханд Монголд богино хугацаанд мөнгө байршуулах нь ашиггүй болно. Малайз зэрэг орон гадаад валютын урсгал нь валютын нөөцийн нь тодорхой төвшинд хүрэхэд хязгаарлалт тавьж байсан. Дараа нь эдийн засаг нь хүчтэй тэлэх итгэл найдвар төрүүлмэгц хязгаарлалтаа тавихад буцаад валютын урсгал нь нэмэгдэж байсан тохиолдол бий. Манай одоогийн мөрдөж байгаа “Валютын зохицуулалтын тухай хууль”-д валют гадагшаа цус шиг урсаж байхад зогсоох эрх зүйн үндэс байхгүй. Валютын зохицуулалтын тухай хуульд валютын ханш нэг өдөрт таваас дээш хувиар хэлбэлзэхэд Засгийн газартай хамтарч арга хэмжээ авна гэсэн заалт бий. Энэ бол зөвхөн ханш огцом нэг өдөр хэлбэлзсэн үед хэрэглэх зохицуулалт. Түүнээс биш, нэлээдгүй хэдэн өдөр тасралтгүй өссөөр хэт хэлбэлзэлд орвол яахыг зохицуулаагүй. Иймд энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай. Өмнө хэлсэн “хежинг”-ийн асуудлыг ч энэ хуульд тусгаж өгөх нь зүйтэй. Тэгж байж энэ “хежинг”-ийг хэрэглэж болно. Үүнийг Сангийн яам нь хийх юм уу эсвэл Засгийн түвшинд Эрсдэлийн тусгай хороо зөвлөл байгуулж хийлгүүлэх үү, валютын зах зээлд огцом өөрчлөлт орох үед ямар арга хэмжээ авах вэ, ямар эрх мэдэлтэй байх юм гэдгийг хуульчилж өгөхгүй бол хүндрэл үүсэхэд шуурхай шийдвэрлэх бололцоогүй нөхцөл байдал үүсдэг гашуун сургамж сая ч бас гарлаа.

-Өмнийн говийн төслүүдийг хэрэгжүүлэхэд ойрын таван жилд 40 тэрбум ам.доллар шаардлагатай гэсэн судалгаа бий. Монголд их хэмжээний санхүүжилт шаардлагатай байгааг олж харсан гадны томоохон банкууд салбараа нээх хүсэлтэй байна. Гадаадын банкуудын санхүүгийн зах зээлдээ ямар байдлаар оролцуулах нь зүйтэй вэ?

-Гадаадын хүчтэй банкууд орж ирээд манай жижиглэнгийн захад ажиллах юм бол дотоодын банкуудад томоохон цохилт болно. Манай банкууд өрсөлдөх чадвараа сайжруулах хэрэгтэй. Өрсөлдөх чадварыг нь сайжруулахгүй бол зээлийн хүү буурахгүй. Зарим орны туршлагыг харахад, гадаадын том банкуудыг 100 сая, 50 сая ам.доллартай тэнцэх хэмжээний өөрийн хөрөнгөтэй орж ир, оруулж ирсэн хөрөнгө чинь дэд бүтцийн том төслүүдийг санхүүжүүлэхэд зарцуулах ёстой гэсэн шаардлага тавьсан байдаг. Би гадаадын банкууд манай арилжааны банкуудад бөөний зээл өгөөд түүнийг нь манайхан цааш зээлдэг, хөрөнгө оруулалт, төслийн зээлийн санхүүжилт хийдэг тогтолцоотойгоор гадаадын банкуудыг оруулж ирэх бололцоотой гэсэн саналыг Монголбанкинд урьд нь өгч байсан.

-Манай арилжааны банкууд охин компани байгуулаад хөрөнгийн зах зээлд дээр ажиллаж эхэллээ. Үүнийг хууль зөрчсөн үйлдэл гэх юм.

-Үүнийг хоёр талаас нь авч үзэх ёстой. Нэг талаас, манай арилжааны банкууд иргэд, аж ахуйн нэгж харилцагчдад хүрч ажиллах олон салбар нэгжтэй. Салбар нэгжээ ашиглаад “ дэлгүүрийн худалдагч” шиг үнэт цаас зарж, үйлчилгээний шимтгэлийг нь аваад ажиллаж болж байна. Гэхдээ даатгал, үнэт цаасны эрсдэлийг нь “үйлдвэрлэгчийн баталгаа” гаргадаг шиг банк хариуцахгүй байх ёстой. Манайхан үүнийг зөв ойлгох хэрэгтэй. Нөгөө нь, банк өөрийнхөө хөрөнгөөр тусдаа бие даасан компани байгуулаад тэр нь дампуурлаа гэхэд зөвхөн дүрмийн санд оруулсан хөрөнгөөрөө хариуцлага хүлээн, банкны үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй байхуйцаар зохион байгуулбал болно.

-Тээвэр хөгжлийн банкны хөрөнгө оруулагчдын маргаан үргэлжилсээр байгаа. Тус банкны дахь эзэмшлийн хувиа “Оюуны-Ундраа” компанид худалдсан Армин гэж хүн Монголд ирээд таныг буруутгасан мэдэгдэл хийсэн. Та “Тээвэр хөгжлийн банк”-ны маргааны буруутан нь мөн үү?

-Би ямар ч буруугүй. Би Монголбанкинд 26 дахь жилдээ ажиллаж байна. “Тээвэр хөгжлийн банк”-ыг миний аав улсын банкинд насаараа ажиллаад тэтгэвэртээ гарсныхаа дараа байгуулсан. Аав минь 1997 онд банкаа байгуулж ажиллаж байгаад бурхан болсон. Энэ банкны өмчлөх эрх манай ээжид шилжсэн. Ээж “Тээвэр хөгжлийн банк”-ны өмчлөгч байх үед Армин гэдэг хүнтэй банкныхаа дүрмийн санг нэмэгдүүлж хамтарч ажилласан. Армин “Тээвэр хөгжлийн банк”-ны хяналтын багцыг эзэмшсэн юм. Армин хяналтын багцыг эзэмшсэнээр өөрөө гүйцэтгэх болон гол, гол захирлуудаа томилоод ажилласан байдаг. Армины санал болгосон гүйцэтгэх захирал орос нөхөр “Тээвэр хөгжлийн банк”-ыг удирдаж байхдаа хууль зөрчсөн. Тэгээд шүүхэд шалгагдаж байх үедээ оргож, хил давсан. Өөрийнхөө томилсон гүйцэтгэх захиралтай холбоотой эрсдэлээ тэр хүн өөрөө үүрэх ёстой. Тэр хүндээ хариуцлага тооцох ёстой байсан. Хаа хамаагүй Монголбанкинд ажиллаж байсан надад эрсдэлээ тохох гэж оролдсон нь буруу. Би Монголбанкинд ажиллаж байхдаа “Тээвэр хөгжлийн банк”-ны үйл ажиллагаанд оролцдоггүй байсан. Тухайн үед би гадаад харилцаа валютын нөөцийн удирдлага, төлбөр тооцоо, мэдээллийн технологийн асуудлуудыг хариуцаж байлаа. Хяналт шалгалтын газрыг Тэргүүн дэд ерөнхийлөгч ажил үүргийн хуваариар хариуцдаг. Гүйцэтгэх захирлынх нь буруу үйл ажиллагаа явуулсныг Монголбанк шалгаж анхааруулсан. Тэр өвгөн “Намайг туслаагүй” гэж хэлсэн. Би туслаагүй болохоор муулуулсан хэрэг.

-Одоо “Тээвэр хөгжлийн банк”-ны 51 хувийн хувьцааг эзэмшигч гэх “Оюуны-Ундраа” групп, 49 хувийн хувьцааг эзэмшигчдийн хоорондын үл ойлголцол арилсан болов уу?

-Энэ талаар хэвлэл мэдээлэл зөндөө л бичсэн тул би энэ асуултад хариулах шаардлагагүй биз. Энэ асуултыг Тээвэр хөгжлийн банкныханд тавьсан нь дээр. Надтай холбоогүй асуулт байна. Гэхдээ нэг юм хэлмээр санагдлаа. Ер нь хамгийн энгийн, хэн ч ойлгохоор зүйл бол 2 тал хамтран ажиллахаа болих тохиолдолд гарч байгаа хувьцаа эзэмшигч тэргүүн ээлжинд үлдсэн хувьцаа эзэмшигчдээ хувьцаагаа зарах эрх боломжийг өгдөг нь Монголын байтугай дэлхийн жишиг байгааг яагаад тэр гадаад хүн умартсан юм болдоо л гэж би гайхдаг л даа. Яг үнэндээ, Оюу Толгой төслийн 64 хувийг эзэмшигч-гадаадын хөрөнгө оруулагч  маань Монголын талд мэдэгдэж, зөвшөөрлийг авахгүйгээр “ 34% эзэмшигч бол жижиг гарууд” гээд хуйвалдаан зохион байгуулж Монголын өмч баялаг болсон 64%-г Хятадуудад өгсөнтэй адил л гэж ойлгоход бараг дүйцэхүйц биш гэж  үү. “Монголчууд бид зөв ш дээ” гээд зүгээр суух уу? Та “Тээвэр хөгжлийн банк”-ны холбогдох хүмүүсээс шүүх арбитрийн шийдвэрүүд банкийг үүсгэн байгуулсан, өмч хөрөнгөөрөө хохирсон Монголчуудын талд гарсан эсэхэд зөв мэдээлэл авах байх.

Ярилцлага өгсөнд танд баярлалаа. Таны ажилд өндөр амжилт хүсье.

Т.Энхбат

 

Leave a comment