Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбоо (ЕМЭХХ), Монголын Засгийн Газраас хэрэгжүүлж буй “Хавдрын эсрэг үндэсний аян-2012” хүрээнд явуулж байгаа Өсвөр насны охидыг умайн хүзүүн хорт хавдраас урьдчилан сэргийлж вакцинжуулах ажлыг дэмжиж хандив үзүүлэх зорилгоор тусламжийн дуудлага худалдааг 2012 оны 3 сарын 8 наас эхлэн 6 сарын 20-ны өдрийг дуустал Лондон хотноо зохион байгуулж хуримтлуулсан хандивын мөнгөө Эрүүл мэндийн яамны Дэд сайд Хатагтай Ж.Цолмонд албан ёсоор гардуулж өгөх үйл ажиллагааг 2012 оны 8 сарын 30 ны өдөр Лондон хотноо зохион байгууллаа.

Тус уулзалтад Элчин сайдын яамны зөвлөх Г.Ганболд, ЕМЭХХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд, Лондон дахь Монголчуудын төлөөлөл оролцов. ЕМЭХХ-ны Гүйцэтгэх Захирал Б.Алтансувд: Энэхүү буяны ажилд хандив өгсөн сайхан сэтгэлт бүх хүмүүст, хамт олон, байгууллагуудад тэр тусмаа Британийн угсаа залгамжилсан Ханхүү Чарльз өөрийн зурсан уран бүтээлээ гарын үсгийн хамт илгээсэнд гүн талархсанаа илэрхийлээд нийт £10.000 паунд буюу 23 сая төгрөгтэй тэнцэх мөнгийг Монголынхоо охидыг хорт хавдраас урьдчилан сэргийлэх вакцинжуулах ажилд хандивлахаар болсон баярт мэдээг дуулгав.

“Лондон-2012” Паралимпийн багийг ахалж ирсэн Эрүүл мэндийн яамны Дэд сайд хатагтай Ж.Цолмон тухайн өдрийнхөө хоёр ч уулзалтыг хойшлуулан байж тус арга хэмжээнд оролцож вакцинжуулах ажил хэрхэн ямар шатандаа явагдаж байгаа талаар цаашид хийгдэх ажлууд болон сүүлийн 4 жилд Монголын эрүүл мэндийн салбарт хийгдэж буй бодитой ахицтай шинэчлэлтүүдийн талаар мэдээлэл хийж энэхүү вакцины тухай сонирхсон болон мөн эсэргүүцэж буй хүмүүсийн асуултад тодорхой хариулт өглөө. Үүнд: Энэ оны 2012 оны 1 сараас эхлэн 11-15 насны охидын дөнгөж 10%-г, 140.000 гаруй охидыг Мянганы Сорилтын сангийн санхүүжилтээр вакцинжуулж эхлээд байгаа юм.
Нийт 30 жил хийгдсэн судалгааны үндсэн дээр батлагдсан 2006 оноос эхлэн хийгдэж байгаа уг вакциныг одоогоор дэлхийн 114 оронд сайн дураар хийж мөн 25 эдийн засгийн өндөр чадвартай улсууд нь товлолдоо оруулсан. Яагаад үүнийг тарьдаггүй бэ товлолдоо оруулдаггүй вэ гэхээр нэг хүүхдэд 300 доллар зардаг учраас өндөр үнэтэй учраас товлолдоо оруулж чаддаггүй. Гэтэл сайн дураараа асар их олон хүмүүс мөнгөө төлөөд тариулж байгаа.
Энэ вакцины улмаас нас барсан, өвчтэй болсон гэсэн олон мэдээлэл байгаа боловч эдгээр нь яг Гардисал вакцины улмаас болсон гэдэг нь батлагдаагүй гэсэн дүгнэлт гарсан байгаа. Бид хорт хавдраас урьдчилан сэргийлэх вакциныг хийхдээ эхлээд урьдчилан үзлэг хийж зөвлөгөө өгч байж эцэг эхийн зөвшөөрөлтэйгөөр хийж байгаа. Англид одоо 3 дахь тунгаа хийж эхлэх гэж байгаа биз дээ.

Энэ вакцины талаар Монголд хүмүүс бас л эсэргүүцэж айлуудын үүд хаалган дээр хүртэл сэрэмжлүүлсэн бичиг нааж мэдээлэл өгч байсан.
Та бүхэн хэрэв буруу гэж үзэж байгаа бол цуглуулсан мэдээ баримтаа хүмүүст тараагаад Засгийн газарт хандаад явж болно.
Бэлгийн харьцаанд ороогүй хүүхдүүдийг бол 95-100 хувь хамгаална гэж байгаа. Бид үүнийг чинь олон дахин судлаад Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ ийн хүүхдийн сан, хүн амын сан, Монгол улсын засгийн газраараа хэлэлцээд вакциныг тарих нь зүйтэй гэж шийдсэн.Би охиндоо хамгийн түрүүн энэ вакциныг хийлгүүлсэн одоо охин маань аавтайгаа АНУ-д байгаа. Би 3 дахь тунг нь хийлгэхээр өгч явуулах гэж байна” гэсэн хариултыг өгсөн юм.

Харамсалтай нь Гал үндэстэн холбоо болон энэхүү вакцины эсрэг холбоо байгуулсан гэх “Үндэсний аюулгүй байдлын төлөө холбоо” гэсэн цаас энгэртээ зүүсэн,бусдыг болон өөрсдийгөө хүндэлж сураагүй хэсэг бүлэг хүмүүс бидний зохион байгуулсан ажлыг үймүүлэн, асуудлаа бодитой хэлэлцүүлж чадахгүй зэрэг хашгиралдаж бүдүүлэг зан авир гаргаж улмаар фэйсбоок болон зарим сонинд хэвлэлүүдэд буруу ташаа мэдээлэл тарааж байгаад харамсаж эдгээр хүмүүсийн өмнөөс Ж.Цолмон сайдаас уучлал хүсэж байгаагаа илэрхийлж байна.

Бидний сайн санааны үйлсэд зориулан “Вакцинжуулах ажил”-д хуримтлуулсан мөнгийг охид, эмэгтэйчүүдийг умайн хүзүүн хорт хавдрын үзлэгт үнэгүй хамруулах, өсвөр насны охид хөвгүүдэд бэлгийн замын эрүүл мэндийн сургалт явуулах зэрэг ажилд зарцуулахаар шийдвэрлэснийг ЕМЭХХ Гүйцэтгэх Захирал Б.Алтансувд Эрүүл мэндийн яаманд мэдэгдэж хүлээлгэн өгөхөөр болсныг үүгээр мэдэгдье .

Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбоо.
Лондон хот

Comments(01)

  1. Solongoo 2012/09/04

    Minii jaahan ch gesen nemerlesen mungu maani saihan uilsed zoriulagdah gej baigaad bayartai bainaa.
    Amjilt husie ta nartaa!

    Хариулах

Leave a comment