Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбоо (ЕМЭХХ) Монголын Засгийн Газраас хэрэгжүүлсэн “Хавдрын эсрэг үндэсний аян-2012” ажлын хүрээнд явуулсан өсвөр насны охидыг умайн хүзүүн хорт хавдраас урьдчилан сэргийлж вакцинжуулах ажлыг дэмжиж хандив үзүүлэх зорилгоор тусламжийн дуудлага худалдааг 2012 оны гуравдугаар сарын наймнаас эхлэн зургадугаар сарын 20-ны өдрийг дуустал Лондон хотноо өөрсдийн хүч бололцоог дайчлан зохион байгуулсан билээ.

“Лондон-2012” Паралимпийн багийг ахалж ирсэн Эрүүл мэндийн яамны Дэд сайд асан хатагтай Ж.Цолмонг Лондонд ирсэнтэй холбогдуулан бид хүсэлт тавьж, хуримтлуулсан 23 сая төгрөгтэй тэнцэх £10.000 паундыг Монголынхоо охидыг хорт хавдраас урьдчилан сэргийлэх вакцинжуулах ажилд хандивлахаар 2012 оны найман сарын 30 ны өдөр албан ёсоор зохион байгуулсан. Харамсалтай нь Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаар дэмжигдсэн, АНУ-ын МССангийн хандиваар сайн дурын үндсэн дээр хийлгэх энэхүү вакциныг зарим хүмүүс эсэргүүцсэний улмаас бид Ж.Цолмон сайдад уг хандивын мөнгийг гардуулж өгөөгүй болно.

Нэгэнт нийт охидын 15 хувийг дархлаажуулах үйл ажиллагааны зардал шийдэгдсэн, мөн энэ асуудлыг судлах, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас лавлагаа авах нь зүйтэй хэмээн үзэж хандивын үйл ажиллагааг хойшлуулсан байгаа билээ.
“Вакцинжуулах ажил”-д хуримтлуулсан мөнгийг охид, эмэгтэйчүүдийг умайн хүзүүн хорт хавдрын үзлэгт үнэгүй хамруулах, өсвөр насны охид, хөвгүүдэд бэлгийн замын эрүүл мэндийн сургалт явуулах зэрэг ажилд зарцуулах боломжийг судлан Эрүүл мэндийн яам, Монголд энэ чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг эрэлхийлж байгааг албан ёсоор мэдэгдэж байна.

Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбоо.
Лондон хот
2013 оны 2 дугаар сар 21

Leave a comment