2012 оны 3 сарын 20

Монгол Улсын Ерөнхий сайд, Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах Зөвлөлийн Тэргүүн,  Жендэрийн Үндэсний Хорооны Дарга

Эрхэм хүндэт С.Батболд Танaa,

 Утга:  Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбооны үйл ажиллагааны тухай:

Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн холбоо (ЕМЭХХ) нь Гадаадад ажиллаж, амьдарч буй Монгол эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах, тэдний улс төр, нийгмийн амьдралын оролцоог идэвхтэй нэмэгдүүлэх, Европ, Британи, Монгол улсын хооронд бизнес эмэгтэйчүүдийн сүлжээ байгуулах зорилготойгоор 2011 оны 11 дугаар сарын 12-ний өдөр Лондон хотноо Европ тивд амьдарч буй өндөр боловсрол, нарийн мэргэжил эзэмшсэн, мэргэжлээрээ ажиллаж буй чадварлаг Монгол эмэгтэйчүүдийн дэмжлэгтэйгээр байгуулагдсан ашгийн бус, олон нийтийн  байгууллага юм.

ЕМЭХХ  нь байгуулагдсанаасаа хойш Монгол улсын Эрүүл мэндийн Яамны Дэд Сайд Ж.Цолмонгийн хүсэлтээр Монгол охидыг умайн хүзүүн хорт хавдраас урьдчилан сэргийлэн вакцинжуулах ажилд хөрөнгө хандив цуглуулах ажлыг эхлүүлэн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр “One World- The Role of Women” сэдэвт уулзалт семинарыг зохион байгуулсан бөгөөд үүгээрээ £800.00ны хандивыг одоогоор хуримтлуулаад байна. Цаашид энэхүү хандивын ажлаа Эх үрсийн баяр болон жилийн аян болгон зохион байгуулах юм.

Мөн түүнчлэн,  манай холбоо нь Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах асуудлаар 2012 оны 3 сарын 12 өдөр Дэлхийн Энхтайвны Холбоо, түүний дэргэдэх Британи дахь Эмэгтэйчүүдийн байгууллагатай хамтран Английн Парламентын Лордуудын танхим гэж нэрлэгдэх Дээд танхимд чуулган зохион байгуулсан.

Монголын эмэгтэйчүүд анх удаа Их Британийн Парламентын энэхүү нэр хүндтэй танхимд Эмэгтэйчүүдийн эрх ашиг, нийгэмд эзлэх байр суурийг хүчирхэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан нь түүхэн үйл явдал болсoн гэдгийг онцлон тэмдэглүүштэй.

ЕМЭХХ-г Монгол Английн Худалдааны танхим, Эмэгтэйчүүдийн тэгш эрхийн асуудал хариуцсан Английн Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч, Лордуудын танхимын гишүүн Баронес Сандип Вэрма, Дэлхийн Энхтайвны Төлөөх Эмэгтэйчүүдийн Холбоо, Уэльсийн Хун тайжийн Буяны сан, Дэлхийн Энхтайвны Холбоо, Вэстминистр Бизнесс Зөвлөлийнхөн маш ихээр дэмжиж цаашид хамтран ажиллах сонирхолтой байгаагаа бидэнд уламжилсан.

Улмаар энэ сарын 21-нд Лондон хотод Хүчирхийллийг Арилгах Сан , Энх Тайван Нэг Өдөр ашгийн бус байгууллагуудаас yдирдан зохион байгуулсан “Гэр бүлийн хүчирхийллийг бууруулах “ Дэлхий даяар энх тайвнаар оршин тогтнох гэрээ – 2012 , аяны үйл ажиллагаанд манай холбооны төлөөлөгчдийг урин оролцуулж хүчирхийллийн эсрэг асуудлаар Монгол улс хэрхэн ажилладаг талаар мэдээлэл авч, энэ чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Үүнээс гадна ЕМЭХХ нь Британи Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, Британи дахь Монголын Соёлын Төв зэрэг Монголчуудтай холбоотой төрийн бус байгууллагуудтай хамтран бизнес, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эдгээрт 500 гаруй хүн хамрагдсан юм.

Цаашид ЕМЭХХ нь “Бизнест-Монгол Эмэгтэйчүүд” сэдэвт семинар зөвлөгөөнийг ойрын хугацаанд 5 сарын дундуур Лондон хотноо зохион байгуулахаар төлөвлөж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд таны санаачилсан “Эрүүл хүүхэд” аян 2012 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Монгол улс  даяар эхэлснийг сонсоход маш таатай байгаагаа илэрхийлээд, Иргэд, сонгогч бүхэнтэйгээ тогтмол холбоотой ажиллаж, тэдгээрийн санал бодлыг өөрийн үйл ажиллагаандаа тусгаж, харилцан мэдээлэл солилцож ажил­ладаг танд холбооны үйл ажиллагаагаа танилцуулахын дашрамд бидний эхлүүлсэн  ажлыг  хэрэгжүүлэхэд тусалж дэмжинэ гэдэгт гүнээ итгэж байна. Иймээс дорхи саналыг хүргүүлж байна:

1)  Засгийн газрын хөтөлбөрт Монгол охидыг умайн хүзүүн хорт хавдраас урьдчилан сэргийлэн вакцинжуулах ажлыг “Эрүүл хүүхэд” аяны хүрээнд тусгаж, төсөв төлөвлөгөөнд тусган, цаашдаа энэ ажлыг тогтмолжуулан охидыг ирээдүйн эрүүл Монгол эх болгон өсөх нөхцөлийг бүрдүүлэх

2)Гэр бүлийн хүчирхийллийг бууруулах “ Дэлхий даяар энх тайвнаар оршин тогтнох гэрээ – 2012” дэлхийн аяны хүрээнд Азийн бүсийн чуулга уулзалтыг Монголд зохион байгуулахад Ерөнхий сайдын хувиас дэмжлэг үзүүлэх

Мөн ЕМЭХХ нь Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах Зөвлөл, Жендэрийн Үндэсний Хороотой хамтран ажиллах сонирхолтой байгаа тул бидний саналыг хүлээн авч зохих шийдвэр гаргаж өгнө үү?

Таны ажилд өндөр амжилт хүсэн ерөөе!

Хүндэтгэсэн,

Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбооны

Үүсгэн байгуулагчид

Тэргүүн   Д.Энхжаргал        Дэд Тэргүүн  Б.Март        Гүйцэтгэх Захирал   Б.Алтансувд

 

 

Leave a comment